Шууд Chart

Д.Норжмаа: Намайг үндэсний сурын спортоор хичээллэнэ гэхэд манай гэр бүлийнхэн цочирдсон байдалтай хүлээж авч байлаа

2019-07-05 08:00:00

Манай сайтын сурвалжлах хэсэг энэ удаагийн “Гэрт нь” буландаа Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын даян мэргэн, ОУХМ, “Алдар” спорт хороо, “Жем интернешнл” ХХК-ийн харваач Дамирангийн Норжмааг урилаа. Түүнийг Монгол Улсын заан Д.Бумбаярын төрсөн дүү гэдгийг уншигчид андахгүй.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа маргааш уламжлал ёсоор урианхай сураар эхэлнэ.

Энэ цаг үеийг тохиолдуулан гэрт нь “урилгагүй зочин” болж очив.

 -Улсын баяр наадамд оролцох харваачдыг шигших зорилгоор хэдхэн хоногийн өмнө үндэсний сурын УАШТ болсон. Үүнд та дөрөвдүгээр байр эзэлсэн байсан, баяр хүргэе. Энэ жилийн тэмцээний онцлог юу байв?

-Баярлалаа. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг тэмцээнд миний бие оролцохдоо хана харваа болон нийлбэр дүнгээр мөнгө, байгууллагын оноогоор хүрэл медаль хүртсэн. Энэ жилийн тэмцээнийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад маш олон харваач оролцлоо. Мөн үндэсний баяр наадамд оролцох харваачдын чанасааг тогтоох, шигшиж оролцуулах зорилготойгоор зохион байгуулсан. Насанд хүрэгчдийн хувьд 700 гаруй, өсвөрийнхтэйгээ нийт 1000 орчим харваач оролцсон өргөн дэлгэр сайхан тэмцээн боллоо.

-Өмнөх жилүүдэд ийм хэмжээний харваач оролцож байгаагүй юу?

-Үгүй. Жил ирэх тусам нэмэгдсээр энэ жил анх удаа ийм олон тооны харваач өрсөлдлөө. Ирэх жил 1000 гаруй ч болох магадлал байна.

Саяхан болж өнгөрсөн УАШТ-ээс тэрбээр эдгээр медалийг хүртжээ. 

Харин энэ бол түүний медалийн нэгээхэн хэсэг. Үүн шиг хоёр тууз медаль далд байгаа. Ил байгааг нь энэ гэсэн юм. 

-Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болох гэж байна. Таны бэлтгэл хэр хангагдсан байгаа вэ. Мөн гэрийн эзэгтэй хүн бэлтгэл сургуулилт гээд явчихаар арын ажил цалгардах тал байдаг уу. Эсвэл жил бүр ийм байдалтай байгаад тогтчихсон болохоор гэр бүлийнхэн тань дасчихсан уу?

-Өвлийн улиралд зааланд бэлтгэлээ хийдэг. Мөн дөрөвдүгээр сараас хуваарийн дагуух тэмцээнүүдэд оролцдог. Харин наадмын бэлтгэлээ өнгөрсөн долоо хоногт багийнхнаа ахлаад хотоос гадагшаа гарсан. Бэлтгэл давгүй байгаа. Намайг бэлтгэлтэй үед ах эгч, дүү, хүүхдүүд маань туслаж дэмжээд, “Бэлтгэлээ л сайн хийгээрэй. Бусдаар санаа зоволтгүй шүү” гэдэг. Ямар сайндаа УАШТ өндөрлөсөн өдөр манай том хүү Цэндбазарын 16 насны төрсөн өдөр тохиож байхад би гэдэг хүн сурын талбайдаа зогсч байв. Харин дүү Анармаа, Ундармаа нар нь аавтайгаа гэртээ сайхан ширээ засчихсан ахыгаа хүлээж авч байхад нь би ирсэн.

-Жилд нийтдээ хэдэн тэмцээнд оролцдог вэ?

-Оны эхэнд Монголын үндэсний сурын харваачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаар календарчилсан төлөвлөгөө баталж, жилд 25 орчим тэмцээн зохион байгуулдаг. Үүнээс гадна хот, бүс, аймаг, спорт хороо, компанийн нэрэмжит тэмцээн зохиогдвол оролцоно. Тэгэхээр нийтдээ 30-40 тэмцээнд оролцоно гэсэн үг.  

-Олон улсын тэмцээнд хэр их оролцдог вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн олноор зохиогддог болсон. Манай харваачид ч гэсэн их идэвхитэй байгаа. Хувиараа болон багаараа өрсөлддөг. Энэ ажилтыг улсын цол зэргийн комиссоос ОУХМ гэсэн цол тэмдэг олгох болсон. Миний хувьд БНСУ-д болсон дэлхийн уламжлалт харваачдын их наадамд гурван удаа ажилттай оролцож, 2015 онд ОУХМ цол хүртсэн.

-Өнгөрсөн жилийн наадмын тухай яриагаа үргэлжлүүлье. Та дөрвөн удаа шөвгөрч байгаад хоёр дахиа түрүүлсэн шүү дээ ...

-Өнгөрсөн жилийн наадамд би бэлтгэл сайтай оролцсон л доо. Хавраас эхлээд л улсын нээлттэй тэмцээнүүдийн 90 хувьд нь түрүүлсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн наадам цаг агаарын нэлээн бэрхшээлтэй үед таарч, өндөрлөсөн. Гэлээч бэлтгэл сайн хийснийхээ зэрэгцээ бүх анхаарлаа чинээндээ тултал төвлөрүүлж 2007 онд гаргасан амжилтаа бататгасан. Гэрт ирэхэд манайхан бүгд баярлаж, уйлаад бөөн юм болж билээ.

-Тэр цагаас хойш хэддэх жилдээ сурын спорттой нөхөрлөж байна вэ?

-Би 1998 оны долоодугаар сарын 5-нд анх удаа сурын талбайд гарсан. Тэр үед манай гэр бүлийнхэн цочирдсон байдалтай хүлээж авсан л даа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх гуай манай гэр бүлийнхэнд их тус хүргэсэн хүн. Д.Бумбаяр ахыг маань хөдөөнөөс авч ирж, бөхийн спорттой холбож байлаа. Дараа нь би түүний “Шонхор” БТДС-д Эрдэм шинжилгээний лаборантаар хоёр жил ажилласан. Тэр цагаас миний сур харвах гараа эхэлсэн өгөөжтэй сургууль. Харин гурав дахь жилээс нь би спортын мастерын болзол биелүүлж, “Алдар” спорт хороогоороо овоглож байна.

-Энэ спортын төрөл ялангуяа эмэгтэй хүнд амаргүй болов уу. Ядаж л тэр хатуу сурыг зөвхөн хуруугаараа тарна гэдэг чанга байх ...

-Нэлээн бодож тунгаасны эцэст энэ замыг хөөхөөр шийдсэн. Тэр шийдвэр маань ч зөвдсөн.

-Танай гэр бүл эрийн гурван наадмын авшигтай. Таны дүү морин тоглоомоор нааддаг. Ийм тохилдол тэр болгоны аавын хүүгийн хойморт залардаг хийморь биш шүү ...

-Үүгээрээ би бахархдаг шүү. Монгол Улсад нэг гэр бүлээс эрийн гурван наадмаараа хичээллэж, нааддаг хүн олон. Гэхдээ улсын цол зэрэг биелүүлсэн нь ховор юм билээ. Манай дүүг Д.Баатархүү гэдэг. Аймгийн алдарт уяач цолтой залуу бий. Харин Д.Бумбаяр ахыг хүмүүс андахгүй. Үндэсний спорт бол маш олон жилийн хөдөлмөрийн үр шимээр маш өндөр шалгуураар хэмжигддэг. Хамгийн гол нь биднийг ингэж хүмүүжүүлж, төлөвшүүлсэн аав, ээжийн минь буян заяа юм даа. Тэдэндээ үргэлж талархаж, баярлаж явдаг. Манай удамд сур харвадаг хүн байхгүй ч Санжаасүрэн багш маань намайг “Чи л харвах байрын хүн байна” гэж энэ спортод хөтөлж оруулсан.    

-Таныг З.Баатар гуайн урласан нумаар олон жил харвасан гэх юм билээ. Түүний хийсэн нум тийм ид шидтэй гэмээр “бүтээл” үү ...

-Хөвсгөл аймгийн гаралтай ч Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд олон жил ажиллаж, амьдарч байсан хүн байлаа. Түүний хийсэн нум маш сайхан эдэлгээтэй, чанартай, уран хийцтэй, харвахад эвтэйхэн байдаг. Тэр хүн өөрөө харвахаас гадна хүүхдүүд нь, хүргэн, бэрүүд нь гээд гэр бүлээрэй нус сум ившээлгэдэг удам дамжсан улс. З.Баатар агсныг харваачдаа төлөөлүүлж хөшөө дурсгал хүртэл босгох тухай бидний дунд яригдаж байв. Яваандаа хэрэгжих байх аа. Одоо би Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр ахын урласан нумаар харваад найман жил болж байна. 2007 онд намайг түрүүлэхэд Ж.Баттөмөр мэргэн эрэгтэйчүүдийн төрөлд мөн түрүүлж байсан сонин түүхтэй. Тэр жилдээ надад баяр хүргэж, одоо харваж байгаа нумыг минь хийж өгсөн юм.

-Танд олимпийн төрлийн байт харваагаар өрсөлдөх бодол байдаг уу?

-Сурын спортоор хичээллэхээсээ өмнө би ямар ч байсан спортын хүн болно гэж боддог байсан. Тэгэхдээ Монголдоо дэлгэрч буй шинэ спорт нь зүгээр юм уу гэж бодоод тухайн үед манай улсад дөнгөж үүсч байсан боулингээр хичээллэж, хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Харин таны хэлсэн байт харваагаар хичээллэж үзээгүй.

-Үндэсний сурын харваагаар хичээллэхийн давуу тал юу вэ?

-Ялангуяа өсвөр үеийнхнийг зөв хүмүүжилтэй, тэсвэр тэвчээртэй болгодог. Мөн аливаад хандах хандлага, буурь суурьтай болж төлөвшүүлдэг. Халууныг халуун гэхгүй, хүйтнийг хүйтэн гэхгүйгээр бид нум сумаараа харваад л зогсдог. Нумын нэг удаа ившээлгэхэд 20-25 кг-ын туухайг өргөж байгаатай тэнцэхүйц байдаг. Түүнчлэн гар хуруу, нүдний хараагаа хайрлаж байх хэрэгтэй.  

-20-25 кг-ын туухайг эрхий хуруугаараа өргөж байгаатай тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж та дээр хэллээ. Тэгэхээр та нар биеийн хүчний дасгал хийдэг үү?

-Спорт юм чинь хийнэ. Сур харвахад биеийн хүч, тэсвэр зайлшгүй шаардлагатай.

-Гэхдээ та бөхийн удамтай учир биеийн хүчээрээ өрсөлдөгч нараасаа харьцангуй илүү болов уу ...

-Тэгэлгүй яах вэ. Мөн би хөдөө өссөн учир надад давуу тал болдог байх. Социализмын үеийн хүүхэд учир одоогийнхтой харьцуулахад ажилсаг ч байлаа.

-Та бага байхдаа аавынхаа барилдаж шагнуулсан өргөмжлөл, медалийг хараад ийм олон медальтай болох юмсан гэж мөрөөддөг байсан гэх юм билээ. Мөн сүүлд нэг зөнтэй зүүд зүүдэлсэн гэдэг ...

-Зүүд зөнтэй гэдэг үнэн юм билээ. Санжаасүрэн багш маань намайг харваач болгох гэж жил гаруй хугацаанд ятгаж байх үед би “Төрийн наадамд үндэсний сурын харваагаар түрүүлчихээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж байна” гэж зүүдэлсэн. Багш олон сар тэгж гуйсан болохоор миний ой ухаанд тэгтлээ их сууж л дээ. Миний зөвшөөрөхгүй байсны шалтгаан маань үндэсний сурын харваа гэж чухам ямар спорт байдгийг ойлгодоггүй байсантай холбоотой. Харин тэр зүүдээ 2007 онд биелүүлж, нэгэн телевизийн ярилцлаганд орохдоо хэлж байлаа.

-Харваач болох хүний шинж тэмдэг хурдан морь, бөх шиг тодорхой байдаг уу. Багш тань таныг яаж таньсан юм бол ...

-Багш маань Д.Бумбаяр ахыг сайн таньдаг. Тиймээс надад “Ах чинь барилддаг юм чинь чи сур харва” гэж анх хэлсэн. Заримдаа “Чам шиг тайван дөлгөөн зантай хүнд сурын спорт яг тохирдог байхгүй юу” гэж ятгана. Бүр сүүлдээ “Чи ямар ч нумыг татна. Бяр чадал чамд бий” гээд л. Одоо бодоход ийм шинж тэмдгээр харваачдыг төлөөлж хардаг байх. Багш маань олон шавьтай. Тэднээс 35 нь спортын мастер цолтой болсон.

-Та ч гэсэн олон шавьтай болж байгаа байлгүй ...

-Энэ спорт тухайн хүнээс маш их цаг зав шаарддаг болохоор би төдийлөн шавь бэлдэхээс эмээж нэлээн хэдэн жил явсан. Ид байгаа дээрээ өөрөө жаахан зүтгээдхье гэж бодож байсан юм. Мөн хэн нэгнийг шавиа болголоо гээд хоёрын хооронд сургачихвал дэмий. Амжилтын төлөө яваа би өөрийгөө гэх үү, шавиа гэх үү. Гэтэл гэр бүлийн хүн маань намайг “Сайн харваач хүн шавь бэлддэг гэсэн. Чи шавьтай бол” гээд “Мэргэн арслан” нэртэй клубыг дөрвөн жилийн өмнө Д.Бумбаяр ахын “Алдартан” клубын дэргэд байгуулж өгсөн. Өөрөө аймгийн арслан цолтой болохоороо нэрийг нь миний хичээллэдэг спортын төрөлтэй холбож өгсөн юм билээ. Шавь нар маань ч эхнээсээ амжилт үзүүлээд эхэлсэн. Одоогоор би 30 орчим шавьтайгаас спортын мастер болсон нь нэлээн хэд бий. Багш хүн шавиа амжилт үзүүлэхээр өөрөөсөө илүү баярладаг юм билээ. Өнгөрсөн жил үндэсний сурын харвааны холбооноос “Оны онцлох амжилт”-ыг шалгаруулахад Архангай аймгийн Төвширүүлэх сумын харьяат, миний шавь Б.Баасанбат “Нүүдэлчин” фестивальд оролцохдоо 40 сумаас 37 онож, спортын мастерын болзол биелүүлсэн.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Аймгийн арслан цолтойгоос гадна багш, дасгалжуулагч мэргэжилтэй юм билээ ...

-Тийм. Аймгийн арслан Цэдэндэлгэрийн хүү Цэдэндамба гэж хүн бий. Удам дамжсан бөх. Бид хоёр нэг сумынх. Бага байхдаа аймгийн хүүхдийн барилдаанд хоёр түрүүлж байснаас гадна 21 настайдаа аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. ОХУ-ын Тува Улсын Ерөнхийлөгчийн Монголын үндэсний бөх бэлдэх зарлигийн дагуу тэнд нэлээн хэдэн шавь бэлдэж байсан. Мөн Увс аймгийн спортын ордонд үндэсний бөхийн дасгалжуулагчаар олон жил амжилттай ажилласан. Түүний шавь нарыг нэрлэвэл Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн арслан Т.Хайдав нар бий. Тэднийг өсвөр үед барилддаг байхад багшилж байсан юм. Сүүлийн үед манай хүн намайг дагаад харвадаг болоод гурван жил болж байна. Өнгөрсөн жил Хэнтий аймагт болсон УАШТ-д оролцоод дэд мастерын болзол хангасан. Өөрөө спортын хүн болохоор харвах талд харьцангуй гайгүй шүү.  

-Тамирчин аав, ээжтэй танай хүүхдүүд спортод элэгтэй байлгүй ...

-Хүү маань сурын харваагаар хичээллээд гурван жил болж байна. Хоёр аймгийн баяр наадмын хүүхдийн харваанд оролцож түрүүлснээс гадна УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ажилттай. Гэхдээ сагсан бөмбөг илүү сонирхоно оо. Мөн энэ жил хүүхдийн спортын хоёрдугаар их наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөхийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Харин том охин маань волейболоор хичээллэдэг.  

-Таныг цэнхэр өнгөнд дуртай гэж сонссон. Авхуулсан зургуудыг тань харахад ихэвчлэн цэнхэр торгоор дээл хийлгэсэн байгаа харагдсан шүү ...

-Гоё санагддаг. Билэгдлээ бодоход хөх Монгол ч гэж хэлдэг шүү дээ. Манай Увс аймгийг Цэнхэр тэнгэрийн орон, Увсын цэнхэр хязгаар гэх жишээний. Гэхдээ сүүлийн үед улаан, шар өнгийн торгоор дээл хийлгэж байгаа. Түүнээс өмнө миний дээлийг оёж өгдөг эгч “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй юм уу” гэж цаашлуулж байсан.

-Монголын үндэсний сурын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ч ажилаж байсан юм билээ. Тэр хугацаанд хамгийн томоохон ямар ажил өрнүүлэв ...

-Сурын спортыг хэдийгээр эрийн гурван наадамд багтаадаг ч морь, бөхөөс арай гадуур үлдээгээд байдаг юм. Дээхнэ үндэсний баяр наадмын сурын талбайд харваачдын ар гэрийнхэн, зүтгэлтнүүд, цөөн хэдэн жуулчин л үзэгчээр суудаг байлаа. Тэгэхээр нь би энэ спортыг олон нийтэд илүү таниулья гэдэг үүднээс МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батбаяр агснаар тайлбарлуулж байлаа. Тэр цагаас хойш жил бүрийн наадмаар янзын сайхан тайлбартайгаар явагдаж байгаа. Ядаж л тухайн харваачийг төрсөн нутаг, цол зэрэг, удам судартай нь зарлахад гоё шүү дээ.

-Тэр үед түрүүлсэн харваач хэдэн төгрөгний бай хүртдэг байсан бэ. Мөн одоо ...

-2007 онд намайг түрүүлэхэд 360 мянган төгрөгийн шагнал гардаж байсан бол өнгөрсөн жил түрүүлэхэд найман сая болж нэмэгдсэн байна билээ. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртдэг ч нэг л хүн түрүүлдэг тул тийм хэмжээний мөнгө авна. Харин сурын харвааны хувьд түрүүлсэн харваачдад 15 орчим сая төгрөг төсөвлөдөг ч эрэгтэй, эмэгтэй төрөлд хуваахаараа найман сая болж байгаа юм. Хоёрдугаар байр эзэлсэн нь зургаа, гурав болон түүнээс хойш байр эзэлсэн нь дөрөв, гурав, хоёр, нэг сая гэх мэт.

-Харваачдыг ажиглаад байхад төрөөс олгодог шагналд мөн оногдох нь ховор юм шиг санагддаг ...

-Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, дархан мэргэн Х.Даваажаргал гуай таван удаа түрүүлсэн хэрнээ Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртээгүй л явна. Уг нь хүртэх болзлыг нь биелүүлсэн шүү дээ. Манай харваачдаас дээрх цолыг хүртсэн хүн гэвэл А.Цэвээн агсан, Ш.Даваахүү, Ч.Мөнхцэцэг, Ц.Хүдэрчулуун нар л байна даа.  

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох үндэсний их баяр наадамдаа амжилттай оролцож, цол нэмэхийг хүсэе.  

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Норжмаа: Намайг үндэсний сурын спортоор хичээллэнэ гэхэд манай гэр бүлийнхэн цочирдсон байдалтай хүлээж авч байлаа   
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-18 11:27
Neg nutagiin neg bagiin ah egch ta naraarai vrgelj baharhaj omogshij ywdag shvv

Бидэнтэй нэгдээрэй