Шууд Chart

Ш.Баатар: Бие биеэ алдаа, оноотой нь хайрлая

2019-07-08 10:12:29

АНУ-ын “All state  Silicon Valley” компанийн  мэдээллийн технологийн ахлах инженер, угсаатны зүйн бие даасан судлаач Ширчингийн Баатарыг эх орондоо ирээд байхад нь Монголын радиогийн сонсогчидтойгоо уулзуулахыг зорьж, “Асуулт байна” нэвтрүүлэгтээ урилаа.  

Тэрбээр үзэж харсан, туулсан мэдсэнээ өөрийн цахим ертөнц, ном зохиолдоо хүүрнэхдээ нэг нь ч гэсэн мэдээсэй, сураасай  гэсэн бодол тээн монголчууддаа хаягласан ч илт байдаг.  Мэргэжлийн, албаны мэдээллээс зайдуухан яриа өрнүүлэхдээ амьдарч буй улсаараа жишээ татаж хөөрөлдөхийг зориуд хүссэн хэрэг. Японд 7 жил, Америкт 22 жил амьдарч, Хамамацу их сургуульд доктор хамгаалж, Массачусетс, Харвардын их сургуульд зочин эрдэмтнээр ажиллаж байсан гээд түүний намтрыг товчилъё.  


НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХЯНАЛТ АЛГА

-Та Монголдоо ирээд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр үйлчлүүлж байна. Төрийн үйлчилгээ өөрчлөгджээ гэж нүүр номдоо бичсэн байсан. Мэдээллийн технологийн төв цэгт ажилладаг мэргэжлийн хүн ингэж дүгнэснийг сонирхмоор санагдлаа? 

-Тийм л дээ. Их сайхан болсныг биеэрээ мэдэрлээ. Өөрт хэрэгтэй төрийн зарим үйлчилгээг нэг дороос авчихдаг болсон байна. Мөн угтах үйлчилгээ, дугаар авдаг системийг нэвтрүүлжээ. Үүгээр бие биенийхээ урдуур дайрдаг, бухимддаг байдлыг  зогсоож, үйлчилгээгээ хурдан хүргэж байна. Энэ бол дэвшил.

-Ийм байдлаар Монголдоо ирээд ажиглахад бидний технологийн хөгжил ямар түвшинд байна гэж анзаарагдаж байна?

-Манайд технологийн шинэчлэлээр дэлхийгээс дутах юм алга. Сүлжээний технологийн хөгжлийг зөв ашиглах юм бол маш өндөр боломж бий. Хаана, ямар сошиал медиа хөгжиж байна, түүнийг зөв ашиглалтад оруулаад өөрсдийнхөө, төрийн байгууллагынхаа системд ашиглаад явах юм бол маш том боломж.

-Монголд давхардсан тоогоор 2 сая 200 гаруй мянган хэрэглэгч гар утас ашиглаж, интернетэд холбогддог гэсэн. Хэрэглээг дагасан хүндхэн асуудлуудтай ч тулгардаг болсон?

-Манайд  сошиал медиад хяналт алга байна. Үүний муу тал нь улс төрчид бие биенийгээ муулж гүтгэхээс эхлээд буруу чиглэлд ашиглаад байна. Цахим сүлжээг өөрийгөө хөгжүүлж, танин мэдэхэд чиглүүлэх юм бол маш том давуу талууд бий. Өөрийгөө бүх талаар хөгжүүлэх боломж нөхцөл бидэнд нээлттэй байгаа гэсэн үг.  

-Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал чухам юунд биднийг аваачих вэ гэдэг нэг мөр хариулт алга байна гэж эрдэмтэн судлаачид хэлдэг. Та ажиллаж буй Цахиурын хөндий үүнд ямар хариулт өгдөг бол?

-Цахим шилжилтийг  цааш нь  хэрхэн,  яаж хөгжүүлж,  авч явах вэ гэдэг л чухал. Энэ хөгжүүлэлт байгуулснаасаа илүү зардал гаргана. Маш олон боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. 2-3 жил болоод технологи өөрчлөгдөх үед хуучин  байдлаараа  ажиллахаа болино. Тэгэхээр багаж төхөөрөмжийн хувьд дэлхийн түвшинд хүрч ажиллахын тулд  байнга хөрөнгө оруулалт хэрэгтэй. Санхүүгийн хувьд бүрэн асуудлаа шийдэж байж дараагийн түвшинд шилжиж орж болно гэсэн үг.

-Арабын улс орнууд роботод иргэншил олгосон, Сингапур жолоочгүй машинтай болсон, Хятад  ТВ-ээ  хиймэл хөтлөгчтэй боллоо гээд хиймэл оюун ухааны хөгжлийн бүтээгдэхүүнүүд бий болсоор байна.  Энэ хэрээр ажлын байр үгүй болох эрсдэл бий болж байгааг зарим нь сануулж буй.  Бид үүнд ямар бэлтгэлтэй байх ёстой юм бол?

-Энэ бол туслах чанартай. Тодорхой хүний үйл ажиллагааг хөнгөвчлөхөд хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Гэтэд ажлыг хамгийн өндөр түвшинд сэтгэж, хийж байгаа нь хүн. Хүн сэтгэж анализ хийж чаддаг, бас боловсролтой. Робот технологи нь өөрөө өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Жишээлбэл дижитал номууд гарч ирснээр хүн цаасан ном уншихаа болино гэж ярьдаг байлаа. Гэтэл цаасан ном борлогдож л байна. Харин онлайнаар номоо захиалаад авдаг болсноор номын дэлгүүрүүд цөөрч байна. Тэр бол ном уншдаггүйдээ алга болж байгаа юм биш.Номыг дижитал хувилбараар уншихад нүд чилдэг. Үүн шиг ажлын байр өөрчлөгдөж байгаа нь технологиос хамаараагүй. Дэд бүтэц, өөр олон  юмнаас хамаарч байна.

-Бид цахим шилжилтээс аль чиглэлд хоцорч байгаа бол?

-Манайд харахад үндэсний мэдээллийн бааз харагдахгүй байна. Мэдээлэл алдах тусам тэр мэдээлэл нь өөрийнх нь эсрэг ажиллана. Мэдээллийг гадагшаа эсвэл  дотооддоо ч алдаж болно. Үүнээс үүдэх хохирол нь их. Нууцлалын ангиллыг сайн тогтоох хэрэгтэй. Дугаараар, картаар явдаг систем яваандаа байхгүй болох байх. Үүн дээр сайжирсан юм бол манайхан гар утсаараа банкны төлбөр тооцоо хийдэг болсон. Энэ нь хүмүүсийн цаг хугацааг хэмнэж байна. Гэхдээ мэдээлэл алдах эрсдэлтэй. Монголчуудын хувь хүний эрхэм чанар, нүүдэлчдээс уламжлагдсан хүн чанар ёс суртахуун  байна гэж боддог. Америкт цүнхээ машиндаа тавих л юм бол 5 минутын дараа алга болно. Хүний машины эд ангийг хайрлахгүй. Монголд хүн хэчнээн ядарсан ч машины цонх хагалж цүнхийг нь аваад явчихгүй шүү дээ. Энэ нь монгол хүн Монголоороо байгааг харуулж байна. Үүн шиг өнөөдөр цахим талбарт халдлага алга байна. 

АНУ-д хҮНИЙ БҮХ АЛДАА МӨНГӨӨР ХЭМЖИГДДЭГ

-Та ардчиллын өлгий гэгдэх АНУ-д 20 гаруй жил амьдарсан. Өлгий нутагт нь  эрх чөлөө  ямар эрх үүргээр хязгаарлагддаг юм бэ?

-АНУ бол хэлье гэснээ хэлж чаддагаараа эрх чөлөөний орон. Буруу, худлаа  ярих юм бол шоронд орно. Хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Хариуцлагын дүрэм журмаараа маш нарийн зохицуулалттай орон. Жишээ нь ногоон талбайд нэг дор 21 таних тэмдэг байх нь байдаг л зүйл. Тэр болгоныг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхгүй бол захын нэг хүн цагдаа дуудаад л таныг торгуулчихна. Америкт хүний бүх алдаа мөнгөөр хэмжигддэг. Та хэдэн ч удаа муу юм хийж болно. Хийгээд л бай.  Торгуулаад л байна.

Нэг жишээ хэлье. Миний амьдарч байгаа Сан Францискод,  хотын төлөвлөлтөд маш хатуу ханддаг. Би баян байгаад газар авлаа гэхэд тэр талбай дээр ямар  байшин барилга барихыг би биш төрийн захиргаа шийднэ. Уулын талыг эзэлсэн чинээлэг нөхөр 20 жил хөөцөлдөөд сургуулийн зөвшөөрөл авч чадаагүй тохиолдлыг би мэдэх юм байна. Хүн өөрийнхөө өмчин дээр дуртайгаа барьж чадахгүй байна гээд бодоод үз л дээ.  Тэр чинээлэг нөхрийн ашиг сонирхлоос болж  хэчнээн хүний эрх зөрчигдөх вэ? Тэр талбайд хүүхдүүд тоглож наадаж, хүмүүс машин унаагаа тавьж чадахаа байчихвал, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хаагдвал яах вэ гэдгийг давхар тооцож байгаа нь тэр. Англи хэлэнд ч юм уу, дэлхий нийтэд үүнийг “хүний өөрийн бий болгосон зовлон” гэж нэрлэдэг болсон. Нийслэлд  ийм зовлон их байна.

-Таны “Миний өссөн монгол ахуй” номыг МУСГЗ До.Цэнджав зүйрлэхдээ “Нүүдэлчдийн ухааныг авдарласан амьд судар” гэж хэлсэн байсан.  Монголчууд бид бусад  улсын хүмүүсээс юугаараа өөр юм бэ?

Монгол хүн бусдаас ялгагдах гол шинжүүдийн нэг нь шашин. Монголчууд бурхны шашинтай улс.  Бурхны шашинтай улсад америкчууд хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэвэл буруу юм хийхгүй. Одоо дэлхийн шашин хоорондын мөргөлдөөнөөс эхлээд шашны асуудал их хүнд байна. Дайн байлдааны байдалтай улс орнууд ч цөөнгүй. Харин Буддын шашинтай улс орон бол энх тайван амар амгаланд уриалан дууддаг. Сэтгэл нь ариун бол монгол хүний бүх зүйл ариун байна. Бид цөөхүүлээ учир нэг нэгнийгээ хайрлах нь хамгийн чухал.  Хүнийг алдаа оноотой нь хайрлах хэрэгтэй.

Монгол Улсыг гАДААДЫН КОЛОНИ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙНА

-Монгол хүн  хаа явсан газраа ёс заншил, соёлоороо бахархаж түгээн дэлгэрүүлж  явахыг  та өөрийн бүтээл, цахим харилцаагаараа зааж зөвлөсөн байх юм.        

-Монгол хүний соёл хэл шүү дээ. Хэлээ зөв сайхан аваад явах юм бол түүнийг дагаад соёл нь байна. Хэл мохвол соёл мөхнө.  Ахуй өөрчлөгдөхөд мөн хэл бас л мартагдана.  40-50 жилийн өмнөх ахуй одоо байхгүй болж байна.  Америкт хамгийн чухал юм бол хэл байна. Хүүхдүүд 2 жил цэцэрлэг, 12 жил сургуульд англи хэлийг үзэж байна шүү дээ. Маш сайн уншиж  ойлгож, бичиж, өөрийгөө  сайн илэрхийлж сурдаг. Нийгэмд гараад ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хувь хүнд тохинуулж өгдөг зүйл бол хэл юм. Монгол улс байгаа бол хүмүүс нь монгол хэлтэй байх ёстой. Англи хэлтэй улс болох гэж байгаа бол хамаа алга монгол хэлээ мартах хэрэгтэй. Би хүүхдүүдэд 12 наснаас доош монгол хэлийг заавал сайн сурах ёстой гэж боддог. Англи хэлийг дараа нь сурч болно. Багаас нь гадаад хэл заагаад байх юм бол тэр хүн  монголын хөрсөнд буухгүй шүү дээ.

Манайд бас нэг шүүмжлэлтэй хандмаар юм байна. Өндөр шилэн барилга байгууламж их болжээ. Гэвч тэдний хаяг нь бүгд англи байх юм. Зарж борлуулах гэж байгаа хүмүүст гадаад нэртэй бол брэнд  трэнд, сайхан гэж ойлгогдог, тэдэнд ашигтай байх л даа.  Сайн, гоё сайхан гэсэн юм уруу хошуурдаг нүүдэлчдийн зан ч байх шиг байна. Гэтэл  гаднын  хүний нүдээр МУ гадаадын колони улс шиг харагддаг. Тэд биднийг дорд үзнэ шүү дээ. Манай улс хөгжиж байгааг харж байна. Гэхдээ монгол хүний бахархал бардамнал нь буруу хэлбийгээд  байна.

Африкийн орнуудыг хөгжүүлэхийн тулд Франц, Англичууд колони орнуудынхаа бүх хаягийг өөрийнхөө хэлээр бичүүлдэг байсан.  Филиппин  бас манайх шиг хаягтай. Гэтэл дэлхийн нийтээрээ өөрийн гэсэн соёлтой, бичиг үсэгтэй улс орнуудыг илүү хүндэтгэдэг. Орос, Хятадууд энэ тал дээр хатуу  хяналттай. Манайд монгол бичгээрээ хаягласан  төрийн байгууллагууд байна. Өвөрхангай аймгийн Татварын алба крилл, монгол бичгээр хаягаа бичсэн нь их гоё харагдаж байна билээ. Түүнийг гаднын хүн хараад өөрийн соёлтой орон байна гэж хүндэтгэнэ шүү дээ. Харин  гадаадаар бичснийг хараад “хөөрхий эд хөгжих гэж зовж байгаа юм байна. Бусдыг дуурайгаад,  чааваас даа л” гэж бодно.

Эх оронч байх нь энэ улс орноо хамгаалах үндэс суурь нь. Жишээ нь японд гэхэд хүүхдүүддээ  яг  адилхан хувцас өмсгөдөг.  Яг ижил  ажил, хоол хийлгэдэг. Бүх юм нь ижил. Нэгнээсээ давуу гарах юм байхгүй. Манайд гэхэд чинь л баян ядуу айлын хүүхдүүд сургуулиараа ялгараад л. Энэ бол ерөөсөө буруу хандлага. Бүгд сайжирч байж улс орон сайжрах ёстой. Ингэж нэгнээсээ илүү дээр гарах системийг бага наснаас нь суулгах юм бол үнэт зүйл гэдэг юмыг ойлгохоо байна шүү дээ. Тийм учраас япончууд бага наснаасаа бие биенийгээ ялгалгүй өсчихсөн нийгэмд чинь бие хүн болж төлөвшихөөрөө нэг нэгнийгээ ялгахгүй байна шүү дээ.  

-Та  бас номын сангийн тухай бас яримаар  байна гэсэн. Учир нь?

-Ерөөсөө л хүн чинь ном уншиж байж л хөгждөг. Унших хурд харах хурднаас удаан. Тархины хурд харах хурдыг гүйцэд хүлээж авдаггүй. Унших хурд удаан учраас тархинд сайн шингэдэг. Ном байгаад байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Номыг сонсох, унших хоёр тэс өөр. Зөв унших юм бол хүн их эмх цэгцтэй болдог. Тийм учраас номын сангийн асуудал манайд чухал. Хүмүүсээ гэгээрүүлэхийн тулд ядаж үндэснийхээ номын санг өөд нь татах хэрэгтэй байна. Гоё байшин барьж, хэдэн номоо дотор нь  цоожлохыг хэлээгүй юм шүү. Хүн ер нь ганцаараа биш нийтээрээ их хурдтай хөгждөг. Гэртээ ном уншаад сууж болно. Гэхдээ номын санд хажууд нь нэг доктор, хэдэн нөхөд ном уншаад сууж байх юм бол бахархаж, түүнээс, тэднээс өөрийн эрхгүй хүсэл тэмүүлэл авна шүү дээ. Манайд мөн  дээд сургууль төгсөөд өөрийгөө болчихлоо гэсэн хандлага байна. Хүн үхэн үхтлээ л юм сурдаг. Үхэхийн урд өдрөө ч сурч болно. Нас ахих тусам сурах үйл явц удааширдаг ч гэсэн арга барилаа мэдэж л байвал сураад л байдаг. Би болчихлоо гэсэн тэр түвшинд зэвэрч эхэлнэ гэсэн үг.

Америкт битүү номын сан, дүүрэн хүн. Америкчууд төсвийнхөө  тодорхой хувийг нийтийн номын сан барихад зарцуулдаг. Энэ номын санг бидний татварын мөнгөөр байгуулсан учир бид ашиглах ёстой гэсэн бодолтой. Номын санд сонирхол, нас, бүлгээр нь ангилсан маш олон сургалтууд явагддаг. Нэг ёсондоо жижиг сошиал ертөнц болчихсон.

-Одоо Цахиурын хөндийд та аль компанид харьяалагдаж байна.

“All State” гээд зуугаад жилийн түүхтэй америкийн даатгалын компанид ажиллаж байна. Нийтдээ 40 гаруй мянган ажилтантай. Үүнээс 2500 нь мэдээлэл технологийн ажилтан. Тэднээс 20-иод мэргэжилтэн нь Цахиурын хөндийд “All state  Silicon Valley”   салбарт компанийнхаа шинэ технологийн гүүр болж ажилладаг. Нэг юм хийгээд л дуусахад бусад нь жигтэйхэн хөгжөөд явчихсан байдаг. Тийм учраас бусдаас хоцрохгүй, тухайн түвшинд нь хамт зэрэгцэхийн тулд манай компани мэдээллийн технологийн салбараа Цахиурын хөндийд байрлуулдаг. Олон жил ажилласан туршлагатай  экспертүүд тэнд ажилладаг.

МОНГОЛОО МЭДЭХГҮЙ МОНГОЛЧУУДЫН ҮЕ БИЙ БОЛСОН

-Цахиурын хөндийд одоогоор хэчнээн монгол инженер байна?

-200-аад монгол хүн ажиллаж байна. Бүл нэмээд л байна. Ажиглаад байхад монголоос ирж байгаа технологийн ажилчид “би монгол хүн” гэсэн үзэлтэй, монголоо гэсэн сэтгэлтэй, монгол тэмүүлэлтэй. Америкт монголчууд очоод 20 гаруй жил болсон болохоор монгол сэтгэлгээ, монголын талаар сайн мэдэхгүй өсөж торнисон нэг үе гарч  ирсэн. Тийм монгол хүн америкийн компанид орохоороо тус улсыг  өөрийн эх орон гэж үздэг байгаа учраас Монголыг хоёрт тавьж байна. “Аав ээж минь тэнд төрсөн юм. Амралтаараа нэг очоод амарчихъя” гэсэн л бодолтой. Шар арьстай ази мөртлөө цагаан арьстан гэсэн үг. Үүнийг Banana people гэж нэрлэдэг. Сэтгэхүй бүх юм нь тэдний нийгэмд дасчихсан. Тэр хүмүүс монголчуудын дотоод группд,  бидний гүнд орж ирэхгүй байна. Харийн болчхож байна гэсэн үг л дээ. Харин эх орондоо сургуулиа төгсөөд очсон хүмүүс бол сошиал орон зайд нэгдэх, холбоотой байх дуртай. Бид монголчууд гээд хамт хоол идээд, бие биенийгээ хараад инээлдэж байхад хүртэл гоё. Манай хаалттай цахим сүлжээ 300 -аад  гишүүнтэй. 200 -аад нь Цахиурын хөндийд, 100-аад нь америк даяар амьдарч байна.

Мөн 150 гаруй өвөр монголчууд  америкт мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байна. Тэдний монгол гэсэн сэтгэхүй, сэтгэл нь биднийг бодоход маш өндөр. Ер нь өвөр монгол, буриадууд  монголдоо  элэгтэй хайртай байдаг шүү дээ.

-Америкийн мэдээллийн технологийн инженер Ширчингийн Баатар өөрийгөө тодорхойлвол?

-Би түмний буянаар явдаг нийгмийн идэвхтэй хүн. Би  хувиа бодоод бэртэгчин царайлаад явж болно. Гэхдээ  миний ард монгол эх орон байгаа. Монголчууд хөгжих ёстой. Би мэдсэн нэг ч гэсэн юмаа монгол хүнд хэлж  өгөх ёстой.  Нийтээрээ  сайн явах юм бол монгол улс хөгжинө гэсэн тийм л бодолтой явдаг. Хүн болгон сурагтун, гэгээрэх тун.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Ш.Баатар: Бие биеэ алдаа, оноотой нь хайрлая   
Үзсэн: 2628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй