Шууд Chart

Ё.Дамчаабадгар: Монголын дөрвөн бүжигчин Олон улсын тэмцээнээс медаль авсан

2019-07-12 13:18:06

Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгартай онлайнаар холбогдож, цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд тайзны бүжгийн төрөлд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байрт шалгарсан. Мөн 2017 онд БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдааны ардын (этник) бүжгийн төрөлд тэргүүн байрын шагналт хүртсэн юм. Түүнчлэн 2018 онд ОХУ-н Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч, Монгол Улсад зохиогдсон олон улсын балетын “Монгол-2018” анхдугаар уралдаанд модерн бүжгийн төрөлд хоёрдугаар байрт орсон.

Үүнээс гадна Ё.Дамчаабадгар өнгөрсөн тавдугаар сард үзэгчдэд хүрсэн “Амьдралыг тэтгэгч О2” залуу бүжигчдийн модерн балетыг дэглэсэн билээ. Тэрбээр саяхан БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Олон улсын гоцлол бүжигчдийн II уралдааны этник бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.

-Сайхан наадаж байна уу. Юун түрүүнд Олон улсын гоцлол бүжигчдийн II уралдааны этник бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэнд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Та сайхан наадаж байна уу. Би БНСУ-д байгаа болохоор Үндэсний их баяр наадмын нээлт, морь, бөхөө интернетээр үзэж наадамлаж байна.

-Бусанд зохион байгуулагдсан Олон улсын гоцлол бүжигчдийн II уралдааны талаар мэдээлэл өгөөч. Тус уралдаанд Монгол Улсаас хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

-Энэ сарын 6-8-нд болсон Олон улсын гоцлол бүжигчдийн II уралдаанд Монголоос балет, этник төрөлд нийт найман бүжигчин өрсөлдлөө. Тухайлбал, балетын төрөлд Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин Ч.Дүүрэнжаргал, Д.Нацагдорж, этник төрөлд миний бие болон Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Номин, Төв аймгийн Монгол туургатан театрын бүжигчин Сандаг-Очир, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш Амаржаргал болон Өвөр Монголын хоёр бүжигчин орсон. Үүнээс

Хэдий БНСУ-ын Олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч гэсэн энэ төрлийн бусад тэмцээн, уралдааныг бодвол шүүлт маш чанга санагдсан.

-Та ирэх арванхоёрдугаар сард Монголд ирнэ гэсэн. Энэ хугацаанд ямар ажил амжуулах вэ?

-Би Монголд байхдаа Азийн соёлын солилцооны хүрээнд зарлагдсан “Соёлын хамтрагч” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. Энэ сараас ирэх арванхоёрдугаар сар хүртэл БНСУ-ын Сөүл хотноо “Trust” бүжгийн компанийн модерн бүжгийн сургалтад хамрагдах эрхтэй болсон. Богино хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат олгох таван сарын тэтгэлэгт хөтөлбөр юм.

-Та өнгөрсөн тавдугаар сард үзэгчдэд хүрсэн “Амьдралыг тэтгэгч О2” залуу бүжигчдийн модерн балетыг дэглэсэн. Тус цуврал балетын дараагийн тоглолт ирэх жил болох уу?

-“Амьдралыг тэтгэгч О2” модерн балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчидтэй хамтран үзэгчдэд хүргэсэн. Энэ цуврал төслийн дараагийн тоглолтын дэглээч хараахан сонгогдоогүй байна. Гадны дэглээч эсвэл би дэглэж магадгүй. Харин бүжигчдийн бүрэлдэхүүн солигдохгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Танд мөн баярлалаа. Сайхан наадаарай.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ё.Дамчаабадгар: Монголын дөрвөн бүжигчин Олон улсын тэмцээнээс медаль авсан  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй