Шууд Chart

П.Батхуяг: Бөх хүн бусдаас өөр, ягаан хөлтэй гэж боддог байж билээ

2019-07-12 14:27:51

Монголын утга зохиолын эрдэнэсийн авдрын “сахиул”, тэрхүү ёроолгүй авдарт өөрийн өвөрмөц зохиол бүтээл, дүрүүдээрээ жин нэмж буй Зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг “Гэгээн муза” шагналт, “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягтай ярилцлаа.

-Юун түрүүнд танд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан наадаж байна уу. Хаагуур хэрхэн наадаж байна?

-Баярлалаа. Сайхан наадаж байна.

-Жил жилийн наадмаар ярианы нэг сэдэв нь наадмын нээлт байдаг. Энэ жилийн наадмын нээлт танд ямар санагдав?

-Бид уран сайхны сэтгэлгээгээ өөрчлөөгүй цагт хичнээн тэрбум төгрөгийн төсвөөр наадмын нээлт хийгээд ямар ч өөрчлөлт гарахгүйг энэ жил илүү их мэдэрцгээх шиг боллоо. Цэнгэлдэх тойрч гүйсэн хэдэн хүн, түүхэн үйл явдлуудыг харуулсан хэт хуучинсаг үзүүлбэр, бас хачин ядмаг шүлэг унших, найруулгын хувьд бие биенээ давтсан шийдлүүд л дахин дахин давтагдсаар л байгаагийн л үргэлжлэл боллоо. Магадгүй наадам гэхээр бид илүү их сайн сайхныг хүсдэгээс ч болдог байж мэднэ. Ер нь нэг л сэтгэлд хүрэхгүй л байгаа юм.

-Бие биенээ давтсан шийдлүүд гэснээс таны саяхан бичсэн "Уран зохиол бол ганцын дууль" бичвэр санаанд орлоо. Монголд зөвхөн уран зохиол гэлтгүй урлаг соёл, улс төр, бусад салбарт ч дотоодын болон гадны "лидер"-ийг дуурайсан, хуулбарласан чиг хандлага ажиглагддаг. Та өөрийн "Ганцын дууль"-иа хэрхэн бүтээж байна вэ?

-Суралцаж байна гэдэг нэрээр хуулах хуулбарлах үзэгдэл манай нийгэмд бүхэлдээ газар авсан нь үнэн. Кино урлагаа хар. Сүүлийн үеийн олон кинонд үндэсний гэхээр ямар ч уран сайхан алга. Ярих нь, явах нь яршиглах, ярдаглах нь хүртэл гадны л шинжтэй болж. Уран зохиолд ч гэсэн адил. Өөрийгөө хайхаасаа илүү өрөөлийн гэрт л хоргодох санаатай. Орчуулгын зохиол л бол онцгой гээд бүр итгэчихсэн, "мухар сүсэгтэн" гэдэг шиг залуучуудад хандаж зориуд бичсэн юм.

Би хар багаасаа л ганцын тухай бодсоор явсан, бас бус юм бүтээсэн л байж таарна. Одоо ч "ганц”-ыг бодож хичээсээр л явна. Шүлэг бичихдээ ч хичээсэн, шүүмж бичихдээ ч хичээсэн дээ. Батхуягийн гэх өвөрмөц онцлог, өөрийн ялгарал, хэв маяг, хэл найруулга ямар ч байсан тогтсон. Мэдэх нь мэдэх хойно илүү юу ярих вэ.

Хүүрнэл зохиолчийн хувьд тэр тусмаа богино үгүүллэгт миний ганцууд, миний л гэх үгүүллэгүүд бий. Би өмнөх үеийнхнээсээ өнгөөрөө ч үзлээрээ ч үнэ цэнээрээ ч ялгарах хэдэн үгүүллэг бичсэн, алсдаа ч бичнэ. Өнөөдөр баяр наадам юм чинь гээд жаахан аархаж омогшчихлоо(инээв).

-"Сүүлчийн зүсэлт", "Зүүднээс ирлээ" богино өгүүллэгийг тань уншихад та оршин буй орон зай, цаг хугацаанаасаа хэдийн хальчихсан зэргэлдээ ертөнцийг "зурсан" байсан. Амьдын орчлонгоос ангид ертөнцийн талаар мэддэг мэт бичсэн нь таны сэтгэлгээний онцлог уу. Эсвэл далдын ямар нэг хүчин зүйл туслав уу?

-Монгол уран зурагт хавтгай дүрслэлээс гадна цаад өгүүлэмжид нь хадгалагдаж буй далд нууцлаг орон зай, цаг хугацаа оршиж байдгийг анзаарч байсан уу? Тэгвэл бидний уран сайхны сэтгэлгээний онцлог ерөөсөө тийм байсан гэсэн үг. Харамсалтай нь ил харагдах хавтгайн дүрслэлийг олон жил ярьсан болохоос цаадхийн орхисон.

Уран зохиолд ч тэр нэг их уран дүрслэл, уянгын зураглал, давхар далд өгүүлэмж байхгүй. Чиний нэрлэсэн үгүүллэгүүдэд би ил далдыг тэгш барихыг л хичээсэн. Тиймээс л цаг ба цаг бус, орон ба орон бус, мэдэх ба мэдэхгүй, таних ба танихгүй зэргэлдээ эсвэл бүр хүн бүхний дотор байх "ертөнцийн" шугам миний үгүүллэгүүдийн дотор оршдог болов уу.

Сэтгэлгээний онцлог гэхээсээ илүү миний эрэл. Нөгөө талдаа шинэчлэл ч юм уу. За даа ямар нэгэн далдын хүч гэхээсээ илүү өнөө “ганц”-аа бүтээх дур хүсэлдээ л хэт автдагийн нөлөө болов уу даа.

-Монгол Улс геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршдог шиг монголын уран зохиол хоёр том ай савтай "хиллэдэг". Гэвч монгол хэлт зохиолчид, монгол хэлт зохиол бүтээл "хил" давж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Хоёр хөршийн, Азийн орнуудын, бидэнтэй угсаа нэг гэгддэг Туркийн, бүр Беларусь зэрэг жижиг орны зохиолчид  утга зохиолын Нобелийн шагнал хэдийн хүртсэн. Яавал монгол хэл дээрх зохиол бүтээл дэлхийд танигдаж, олон улсын уншигчдын гарт хүрэх вэ?

-За даа, монгол хэлт уран зохиолыг орчуулахаас л яриа эхлэх байх. Бас орчуулаад ч анхаарал татахгүй бүтээлүүд ч гэж байна. Хүн төрөлхтөн гэдэг чинь үндэстэн угсаатан хоорондоо их ялгаатай боловч нийтлэг юм зөндөө шүү дээ. Гол нь уран сайхны сэтгэлгээний түгээмэл хандлага гэж байдаг юм. Түвшний хувьд их дээгүүр, түүнд л хүрсэн бүтээлүүдээ орчуулж, бас тийм түвшний зохиол бичиж байж л “хил” давах тухай бодож болно. Түүнээс бус Монголоо бичиж байна гээд өссөн жалгаа бичээд хол явахгүй, бүр ойр ч буухгүй. Бас бус өөр юм бий л дээ. Жишээ нь хувь уран бүтээлчдийн өөрсдийн идэвхийг бид монгол уран зохиолын гадагшаа дэлгэрэх үзэгдэл гэж үзэх хэцүү. Үзэхгүй байх ч хэцүү. Гол нь манай төрд ч өөр төрийн бус элдэв нэртэй, нэргүй газруудад ч монгол уран зохиолыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх бодлого байхгүй. Тиймээс л боломжийн уран зохиолтой атлаа бид хойгуур сууж, доогуур дуугарч байгаа юм.

-"Далайд гаргах" дээгүүр түвшний монгол зохиолоос та нэрлээч?

-Зөндөө л байна даа. Дээхэн үеэс "Хөгшин чоно ульсан"-аас эхэлж болно. Юун "Чонон сүлд". Тэгээд Төрийн шагналт Д.Норов гуайн туужууд, одоо үеэс Г.Аюурзанын "Бөөгийн домог" гээд нэрлээд байж болно л доо.

-Ажиглаад байхад утга зохиол шүүмжлэгчид өөрсдөө шүүмжлүүлдэг цаг үе иржээ. Хамгийн их шүүмжлэл хүртдэг хүмүүсийн нэг нь та. Ер нь ийм байдаг уу. Эсвэл зөвхөн манайд л ийм нөхцөл байдал үүсчихэв үү?

-Урлагийн шүүмж бичээд сайн нэрийг олно гэж бодох нь аль ч нийгэмд үнэмшилгүй л дээ. Шүүмжлэгч шүүмжлүүлж болохгүй гэсэн юм хаа байх вэ. Гэхдээ мэргэжлийн хариу шүүмж үү, мэдэмхийрсэн сэтгэгдэл үү гэдгийг л ялгаж ойлгох хэрэгтэй. Над руу хэлэлцэх хэлгүй, бодолцох боловсролгүй арга ядсан сэтгэгдлүүд бишгүй л ирж байдаг. Харамсалтай нь миний бичсэнд хариу болгож нэг ч хүн шүүмж бичиж байгаагүй. Тэгээд ч би зүгээр нэг шүүмж бичигч биш. Яривал надад яруу найраг ч байна. Хэлэлцвэл хүүрнэл зохиолууд ч бий. Жишвэл жүжгүүд ч байгаа эсвэл эсээнүүд ч байна. Орчуулгаас бусдыг оролдсон он жилүүдийг үдлээ. Тэгэхээр уран зохиолын төлөө хэлэх үг надад байж таарна даа. Тийм л бодлоор үгээ хэлдэг юм. Би нууж явахаар нээж хэл гэсэн зарчим л баримталдаг. Чимээгүй явдаг хорон санаатан байснаас чичлүүлж явдаг ил санаатан байсан нь дээр гэж бодоод тоодоггүй юм.

-Та СУИС-д багшлаад хэчнээн оныг ардаа үдэв. СУИС-ийн Театрын урлагийн сургуульд өмнө нь театр, кино судлаач, жүжиг, киноны зохиолч мэргэжлийн анги байдаг байв уу?

-Ер нь багшлаад хориод он болжээ. Уран зохиолын шинэ залуусын хоёр ч үеийг харж халамжиллаа, хайрлаж өмгөөллөө. Уран зохиолыг ашиг хонжооны нүдээр харахгүй, тийм алиг шалихгүй зүйл боддоггүй олон залуу миний дэргэдээс боссон, одоо дэргэд цөөнгүй нь байна.

СУИС-ийн багш болоод арван жил өнгөрчээ. Жүжиг киноны зохиолч, театр кино судлаач мэргэжлээр элсэлт аваад бас арваад жил өнгөрсөн гэсэн үг. Өмнө нь энэ мэргэжлээр хоёр ч удаа элсэлт авчихсан байсан. Бид нэг их хүний тоо хөөдөггүй. Зохиолч судлаач гэхээр олныг ч төрүүлэх шаардлагагүй. Угаасаа олон төрөх ч үгүй өндөр түвшний өргөн мэдлэгтэй хүний ажил.

-Таны санаанаас гардаггүй наадам гэвэл хэзээний, ямар наадмыг хэлэх вэ. Баяр наадмын тухай хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Наян хэдэн онд найман настай л байсан болов уу. Анх л аав, ээжээс арван төгрөг аваад хоёр найзтайгаа цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр явсан юм. Тэгээд цэнгэлдэхэд гурвуулаа ийш тийшээ баахан харж суулаа. Одоо бодоход бөхчүүдийн асар хавьцаа л байсан санагддаг юм. Нэг бөх дэргэд ирж суугаад гутлаа тайлж билээ. Хөл нь яв ягаан өнгөтэй байсныг гайхаж харснаа мартдаггүй юм. Түүнээс хойш цөөнгүй жил бөх хүн бусдаас өөр, ягаан хөлтэй гэж бодож билээ. Сайхан дурсамж шүү.

-Энэ жил хэн гэдэг бөх өнгөтэй харагдаж байна. Аль бөхийг дэмжиж байгаа вэ?

-Бүгдээрээ л сайхан өнгөтэй байна. Би бөх нарийн сайн мэдэхгүй. Мэдээж монгол эр хүн хойно наадмаар бөхөө заавал үздэг. Өв соёл, төрөлх мэдрэмжүүдийн цогц шүү дээ. Хэн хөлсөө урсгаж, ухаанаа сорьсон нь түрүүлээсэй. Бид жудаг, нутаг, цадиг гурваа л эрхэмлэж явбал болно доо.

-Баярлалаа. Сайхан наадаарай.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

П.Батхуяг: Бөх хүн бусдаас өөр, ягаан хөлтэй гэж боддог байж билээ  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй