Шууд Chart

Жулиан Ассанж 2016 оны АНУ-ын сонгуулийн аянд нөлөөлөхүйц мэдээлэл нийтлэх ажлыг биечлэн удирджээ

2019-07-16 12:43:34

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамыг командын төв болгон хувиргаж, 2016 оны АНУ-ын сонгуулийн аянд нөлөөлөхүйц мэдээлэл нийтлэх ажлыг биечлэн удирдаж байжээ.

Энэ тухай Испанийн хувийн хамгаалалтын “Андэрковер Глобал” компанийн Ассанжийг мөрдөн шалгах тайлангаас эш татан “Си-Эн-Эн” агентлаг мэдээлсэн байна.

Тайланд бичсэнээр бол Жулиан Ассанж Эквадорын Элчин сайдын яаманд байхдаа оросууд болон дэлхийн өндөр зэрэглэлийн хакеруудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох ажлаа хөнгөвчлөх зорилгоор өөртөө өндөр өртөгтэй компьютер, тоног төхөөрөмж захиалж байсан гэнэ. Жулиан Ассанжийн хүсэлтээр өндөр хурдны интернэт, утас, урьсан хүмүүстэйгээ уулзах нууц уулзалтын өрөө хүртэл гаргаж өгсөн байна. Жулиан Ассанжийн хувьд “Викиликс”-ийн үйл ажиллагааг дэмжих зайлшгүй шаардлагын улмаас ийм хүсэлт гаргасан гэдэг байжээ.

Түүнчлэн “Си-Эн-Эн” агентлагийн баталснаар тодорхой нэр бүхий хүмүүсийг үнэмлэх, аюулгүйн албаны нэгжлэггүйгээр Эквадорын Элчин сайдын яаманд Жулиан Ассанж дээр оруулах жагсаалт хүртэл байсан гэжээ. Мөн тэрбээр өөрийг нь тагнаж чагнахаас сэргийлэх төхөөрөмжийг өөрийн гараар угсарсан байна. Өөрөөр хэлбэл, “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британи дахь Эквадор улсын Элчин сайдтай эн дүйцэхүйц эрх мэдэлтэй байсан тухай “Си-Эн-Эн”-д тэмдэглэжээ.

Жулиан Ассанж энэ улсын өндөр албан тушаалтнуудтай байнга холбоотой байж, Лондон дахь дипломат төлөөлөгчийн газрын таалагдаагүй ажилтнуудыг халуулдаг байсан гэнэ. “Си-Эн-Эн” агентлаг энэ асуудлаар Эквадорын дөрвөн дипломатчтай холбогдоход нэг дипломатч л Жулиан Ассанжид ямар нэгэн онцгой нөхцөл олгох тухай дээрээс дарамт ирж байгаагүй гэх тайлбар өгчээ.

“Викиликс” сайт 2016 оны долоодугаар сард АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хорооны гишүүдийн хоорондоо бичсэн захидлыг ил болгосон нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Жулиан Ассанж 2016 оны АНУ-ын сонгуулийн аянд нөлөөлөхүйц мэдээлэл нийтлэх ажлыг биечлэн удирджээ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй