Шууд Chart

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ

2019-07-17 11:50:13

Умард Солонгосын засаг захиргаа өнгөрсөн онд олон улсын хоригийг тойрч, удирдагчдаа хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ. Ингэхдээ тэд машинуудаа ОХУ-аар дамжуулсан тухай Вашингтоны “Батлан хамгаалах хэтийн судалгааны төв”-өөс гаргасан үнэлгээнд тулгуурлан АНУ-ын “Уолл Стрит Жоурнал” сонины цахим хувилбарт өчигдөр мэдээлсэн байна.

Судалгааны төвийн ажилтнуудын олж тогтоосноор Умард Солонгост сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн 800 гаруй автомашин нийлүүлсэн байна. Үүн дотор Германы “Даймлер Мерседес” компанийн үйлдвэрлэсэн, тус бүр нь 500 мянган ам.долларын өртөгтэй хоёр машин багтжээ. Энэ хоёр машиныг Ким Жон Унд зориулан зөөвөрлөсөн байж магадгүй гэж судалгааны төвийнхөн үзэж байна.

Тансаг зэрэглэлийн энэ хоёр машиныг өнгөрсөн оны 7-10 дугаар сарын хооронд Нидерландаас Умард Солонгос руу хүргэжээ. Эдгээр машиныг эхлээд Нидерландаас БНХАУ руу далайгаар тээвэрлэж, дараа нь Япон, Өмнөд Солонгос, ОХУ-д хүргэсэн байна.

ОХУ-аас Умард Солонгосын үндэсний агаарын тээврийн “Эйр Корёо” компанийн онгоцоор зөөж, Пехньянд хүргэжээ. Умард Солонгосын удирдагч энэ оны нэгдүгээр сард “Мерседес”-ийн шинэ загварын машинаар явж байгаа нь харагдсан гэж “Уолл Стрит Жоурнал”-д тэмдэглэж байна.

Умард Солонгост хэдийгээр хориг тавьсан боловч энэ улсын засаг захиргаа гадаадын алдарт брэндийн хувцас, гоо сайхан, техник хэрэгсэл тогтмол худалдан авч чаддаг гэж судалгааны төвийн ажилтнууд үзэж байгаа юм. БНАСАУ 90 улсаас төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ авч байна. Үүнд Умард Солонгосын дипломатчид туслалцаа үзүүлж байна гэжээ. Вашингтоны “Батлан хамгаалах хэтийн судалгааны төв” боомтын үйл ажиллагаа, худалдааны гэрээний чөлөөт мэдээлэлд үндэслэн энэ дүгнэлтээ гаргажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ   
Үзсэн: 2751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Kk [127.0.0.xxx] 2019-07-17 20:16
Und bol 500000 dollar hyamdhan bus uu

Бидэнтэй нэгдээрэй