Шууд Chart

ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа

2019-07-18 11:39:18

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсад дэгдсэн Эболагийн халдвартай холбогдуулан энэ улсад онц байдал зарлалаа. Тэрбээр онц байдлын хорооны зөвлөмжийн дагуу Лхагва гарагт шийдвэр гаргасан байна.

“Хорооноос намайг Эболагийн тархалтын нөхцөлтэй холбогдуулан олон улсын анхаарлыг татах хэмжээний онц байдал зарлахыг зөвлөсөн. Би энэ зөвлөгөөг хүлээн зөвшөөрч байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал мэдэгджээ. Сүүлийн өдрүүдэд Эболагийн халдвар хүн ам шигүү суурьшсан Гома хотод болон Уганда улсад гарсан тул онц байдал зарлахад хүрсэн гэнэ.

“Бидний хийсэн үнэлгээгээр Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад болон бүс нутагт Эболагийн тархалтын эрсдэл маш өндөр, харин бүсээс гадна тархах эрсдэл бага байна” гэж Гебрейсус тэмдэглэсэн байна. Онц байдлын үеэр Конго руу аялах, худалдаа хийхийг хязгаарлахгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шийдвэрлэжээ.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсад Эбола вирусын 10 дахь дэгдэлт өнгөрсөн оны 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр эхэлсэн юм. Харин энэ сарын 16-ны байдлаар тус улсад халдварын 2512 тохиолдол бүртгэгдэж, 1676 хүн нас барсан байна. 703 хүн эдгэсэн бол үлдсэн хэсэг нь эдгэх шатандаа явна. Эмч нар өдөрт дунджаар 12 шинэ тохиолдол бүртгэж байна. Эбола нь зэрлэг амьтнаас хүнд халдварлаж, дараа нь хүнээс хүнд дамждаг өвчин. Энэ өвчний үед халуурч чичирч, булчин, толгой, хоолой өвддөг байна. Үүний дараа бөөлжих, суулгах, тууралт гарах, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдах шинж илэрнэ. Зарим тохиолдолд дотуур болон гадуур цус алддаг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй