Шууд Chart

Венесуэлийн Үндэсний ассамблейн хуралдаан Каракасын гудамжинд болно

2019-07-18 15:05:36

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ирэх мягмар гарагт буюу 7 дугаар сарын 23-ны өдөр нийслэл Каракасын гудамжинд  Үндэсний ассамблейн хуралдаан болохыг зарлалаа. Энэ үеэр тэрбээр засгийн төлөөх тэмцлийн шинэ үе шат эхэлж байгаагаа зарлах гэнэ. “Парламентын дараагийн хуралдаан 07 дугаар сарын 23-ны өдөр ард түмэнтэйгээ хамт гудамжинд болно. Иргэний нийгэм, Үндэсний ассамблейн үйл ажиллагааны хүчин чармайлтаар бид тэмцлийнхээ дараагийн үе шатанд шилжих болно” гэж тэрбээр “Твиттер” хуудсаараа мэдээлсэн байна. Үүнээс гадна Гуайдо Венесуэльд даяар хөдөлж, бүхнийг Каракаст цугларахыг уриалжээ.

Венесуэлийн засаг захиргаа болон сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээ энэ сарын 8-нд Барбадост эхэлсэн юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэлэлцээг төгс болсон гэж мэдэгдсэн. Мөн энэ яриа хэлэлцээгээр зөвшилцөлд хүрч магадгүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Венесуэлийн Засгийн газрын төлөөлөл даваа гарагт Барбадост яриа хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэхээр очсон билээ.

Үүний зэрэгцээ Аргентин, Бразил, Уругвай, Парагвай улсын төрийн тэргүүнүүд Венесуэлийн хүний эрхийн асуудалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, энэ улсад үүссэн хямралыг зохицуулахад дэлхий нийтээрээ оролцохыг уриаллаа. Энэ тухай Өмнөд Америкийн нийтийн зах зээлийн дээд хэмжээний уулзалтаар гарсан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Венесуэлийн хямрал хүний эрхийг хангах, хүмүүнлэгийн асуудалд ноцтойгоор нөлөөлснийг НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелетийн тайлан тод томруун харуулсныг Өмнөд Америкийн орнуудын төрийн тэргүүнүүд тэмдэглэсэн байна. Мөн тэд энэ улсад ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн ил тод, шударга сонгууль болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэлийн Үндэсний ассамблейн хуралдаан Каракасын гудамжинд болно  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй