Шууд Chart

АНУ-ын консулыг “Найрамдал” медалиар шагнав

2019-07-18 17:46:06

Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардуулж өгөв.

Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээгдсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан америк загварын монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон нь ялангуяа хүйтний улиралд виз мэдүүлж буй иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон бол виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм.

Энэ дашрамд дурдахад манай улсын 14359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахад мөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн байлаа.


АНУ-ын консулыг “Найрамдал” медалиар шагнав  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй