Шууд Chart

Хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадахыг уриалсан байгальд хог хаядаггүй ирээдүйн эзэддээ баярлалаа

2019-07-19 10:13:40

Та анзаарсан уу, Та бүхнийг баярлаж байхад хүмүүсийн сөрөг хандлагыг эерүүлэх гэж ажиллаж байсан залуусыг.

Та ажигласан уу, Тэд үгээрээ бас үйлдлээрээ бусдад үлгэрлэж байсныг …

Та сонссон уу, Тэд өөрсдийгөө “Бид байгаль хог хаядаггүй ирээдүйн эзэд” гэж хэлэхдээ итгэл төгс байгааг??? гэсэн бичвэр бүхий “Хандлагаа өөрчилье, Цэвэрхэн наадацгаая” логотой ногоон цамц өмссөн залуусын бичлэг, зураг өнгөрсөн наадмын өдрүүдэд цахим орчинд эрхгүй анхаарал

татав.

Наадмын өмнөхөн урлаг, соёл, спортын салбарын олны танилууд Монгол түмнээ цэвэрхэн, хоггүй наадахыг уриалж, БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Цэвэрхэн наадацгаая” аянд нэгдэж буйгаа илэрхийлсэн бичлэгүүд ч анзаарагдахгүй өнгөрөөгүй байсан юм.

Тиймээс өөрсдийгөө байгальд хог хаядаггүй ирээдүйн эзэд гэж итгэл төгс, чанга дуугаар хэлж байсан залуустай уулзахаар Хүй долоон худгийг зорилоо. “Гял цял болсон машинуудыг нь л тооцохгүй бол 13 дугаар зуун л гэсэн үг” гэж хэн нэгний хэлж байсан нь наадмын дэнжийн барааг харахтай зэрэгцэн зурсхийн орж ирэв. Үнэхээр л хэдэн километрийн цаанаас бараантсан тоосон дунд гэр, асар, майхнаас эхлээд хүмүүс, морьд сүүмэлзнэ. Машины зогсоол чамлахааргүй ч шороон дундаар 5 орчим километр алхаж байж наадмын талбайдаа хүрэхэд углааштай мань мэт шиг нөхөд хөл рүүгээ харахын эцэсгүй. Тойроод жижиг толгод дээр нь шиддэг, угсардаг, нөмөрдөг майхнуудын үзэсгэлэн худалдаа болж буй мэт өнгө алаглуулжээ. Гадна нь дуулж, хөзөрдөж, дэмбээдэж бүр тасарчихсан хэвтэх хүмүүсийг хажуугаар өнгөрч байж наадмын талбайдаа очлоо. Нарантуул уу, наадмын талбай юу!!

Зорьж очсон залуусаа түвэггүйхэн оллоо. Соёлын үйл ажиллагаа болж буй дэнжийн наад захад буй “Хандлагаа өөрчилье”, “Цэвэрхэн наадацгаая” гэсэн бичигтэй ногоон майханд тэд байрлаж байгаа аж. Намайг очиход тэнд 5 залуу үлдэж, бусад нь нөлөөллийн ажлаа хийхээр явсан байлаа. Үлдсэн залуус “Хандлагаа өөрчилье”, “Цэвэрхэн наадацгаая” гэсэн бичигтэй дардас хүмүүсийн гар дээр дарж өгч, хог хаяхгүй байхыг хүсэж байв. БОАЖЯ-наас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Цэвэрхэн наадацгаая” аянд Монголын оюутны холбооны 200 залуу хамтарч, нөлөөллийн ажил хийж байгаагаас 90 нь Хүй долоон худагт, 80 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 30 нь Туул гол орчимд ажиллаж байгаа аж. Гэхдээ Туул гол дээр ажиллаж байгаагаас бусад нь 3 хоног Горхи-Тэрэлжид ажиллана гэдгийг тус аяны зохион байгуулалтыг хариуцаж байгаа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн ажилтан хэлсэн юм.

Бусад залуустай нэгдэхээр цаашилж, “Дэндүү сайхнаар заяасан дэлхий ээжийгээ хайралъя” гээд гитартай дуулж байхтай нь таарлаа. Тэд иргэдийг хог хаяхгүй цэвэрхэн наадаж, хандлагаа өөрчлөхийг уриалахдаа дан ганц үг биш үйлдлээрээ үлгэрлэж байгаа нь энэ аж. Үйлдэл гэдэг нь зөвхөн хог түүх бус дэлхий ээжийгээ хайрлаж, байгалиа хамгаалах сэдэвтэй дуу дуулах, бүжиглэх байсан юм. Тэднийг хайж ирсэн минь талаар болсонгүй тэдний дуулах, бүжиглэхийг харж зогссон хүмүүс нэгийг бодож, уриалгыг нь сонсож, хог түүхийг нь үзсэн хүмүүс хоёрыг тунгаасан гэдэгт итгэлтэй байна. Ирээдүй хойч болсон залуус маань сайн дураараа аянд нэгдэж, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээсээ ажиллаж байсан нь Хүй долоон худаг дээрх наадмын нэгээхэн чимэг нь байсан гэдгийг тэдэнд итгэлтэйгээр хэлэхийг хүссэн юм.

Нөгөөтэйгүүр оюутнууд маань сайн дурын ажилд хамрагдах боломжоор хангаж, нэг зорилго дор зангидаж чадсан БОАЖЯ-ны хамт олон уг аяныг санаачилсан Н.Цэрэнбат сайдад талархлаа дамжуулахыг хүссэнийг энд дурьдмаар байна. Хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадахыг уриалсан байгальд хог хаядаггүй ирээдүйн эзэддээ баярлалаа, та бүхэн наадмын нэгээхэн чимэг нь байсантай маргах хүн гарахгүй биз ээ. Залуус маань наадмын 5 өдөр ажиллахдаа 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан аж.

Монголын оюутну холбоо, олны танил эрхмүүдээс гадна “Цэвэрхэн наадацгаая” аянд  21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд нэгджээ. Харин Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, “Хоггүй Монгол” ТББ болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан байна.

 


Хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадахыг уриалсан байгальд хог хаядаггүй ирээдүйн эзэддээ баярлалаа  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй