Шууд Chart

Зүүн Азийн борцгор хотон устаж болзошгүй жагсаалтад багтжээ

2019-07-19 11:02:19

Борцгор хотон хамгааллын олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо. Зүүн Азийн борцгор хотонгийн популяци 150 хүрэхгүй тоонд хүрч устаж болзошгүй шувуудын жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Борцгор хотонг хамгаалах, тоо толгойг өсгөхөд нүүдэллэн үүрлэдэг улсуудын хамтын ажиллагаа, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргаж ирэх шаардлага тулгарч байгаа. Тэгвэл борцгор хотон хамгааллын олон улсын зөвлөлдөх уулзалт Ховд хотноо болжээ.

2018 онд БНХАУ-д болсон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэлд орсон улсуудын уулзалтаар борцгор хотонгийн олон улсын хамгааллын төлөвлөгөөг баталсан байдаг. Төлөвлөгөөг боловсруулахад манай улсын оролцоо их байсны дээр борцгор хотонгийн үржлийг тэтгэж байгаа хамгийн сүүлийн түшиц газруудын нэг  нь Хар ус нуурын байгалийн цогцолборт газар юм. Тиймээс олон улсын төлөвлөгөөний асуудлаарх уулзалтыг манай улсад анх удаа Ховд аймагт хийж байгаа юм.

Уулзалтыг БОАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Зэрлэг ан амьтан судлах хамгаалах төв, Ховд их сургууль хамтран зохион байгууллаа. Борцгор хотонг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэн олон улсын конвенцууд, улаан ном оруулсан байдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар Зүүн Азийн борцгор хотонгийн тоо толгой 150 хүрэхгүй хэмжээнд хүрч, “устаж болзошгүй” шувуудын жагсаалтад бүртгэгджээ.

Уулзалтад Орос, Хятад, Монгол улсын мэргэжилтнүүд, судлаачид, дэлхийн байгаль хамгаалах сангийн Хятад, Монгол дахь салбарын ажилтнууд, хотон шувуу судлаач эрдэмтэд, Ховд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, хотон бүхий газрын байгаль хамгаалагчид оролцлоо. Зөвлөлдөх уулзалтаар Зүүн Азийн борцгор хотонгийн ажлын хэсэг байгуулах, популяцийн үнэлгээ хийх, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх хотон хамгааллын арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцох, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, талуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм.

Сурвалжлагч: Г.Энхжаргал

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн Азийн борцгор хотон устаж болзошгүй жагсаалтад багтжээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй