Шууд Chart

Таро Коно Өмнөд Солонгосын Элчин сайд Нам Гван Под эсэргүүцлийн ноот бичиг гардуулахаар дууджээ

2019-07-19 14:31:06

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно баасан гарагт Өмнөд Солонгосын Элчин сайд Нам Гван Под эсэргүүцлийн ноот бичиг гардуулахаар дуудлаа. Эсэргүүцлийн ноот гардуулах болсон нь Солонгосын хойгт Японы эзлэн түрэмгийллийн жилүүдэд хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсны нөхөн төлбөртэй холбоотой хэргийг Сөүлийн зүгээс олон улсын арбитрын шүүхээр хэлэлцэхээс татгалзсантай холбоотой юм байна.

Японы Засгийн газар Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд ажиллах нэмэлт хүч болгон хүчээр ажиллуулж байсан солонгос ажилчдад нөхөн олговор олгох асуудлыг зохицуулахаар арбитрын шүүхэд хандах саналыг өмнө нь гаргасан юм.

Өнгөрсөн оны намар Бүгд Найрамдах Солонгос Улсын Дээд шүүхээс Японы “Ниппон Стил энд Сүмитомо Метал” компанийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Солонгосын дөрвөн ажилчныг хүчээр ажиллуулж байсныхаа төлөө нөхөн олговор олгохыг шаардсан шийдвэр гаргажээ. Гэтэл Японы Засгийн газар шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, энэ асуудлыг 1965 онд Токио, Сөүлийн харилцааг хэвийн болгох үеэр эцэслэн шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн байна.

Үүний улмаас хоёр улсын харилцаа өнгөрсөн намраас эхлэн хурцаджээ. Өмнөд Солонгосын талаас “Ниппон Стил энд Сүмитомо Метал” компанийн хөрөнгийг нөхөн олговорт хураан авах санаачилга хүртэл гаргасан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Таро Коно Өмнөд Солонгосын Элчин сайд Нам Гван Под эсэргүүцлийн ноот бичиг гардуулахаар дууджээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй