Шууд Chart

Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2019-07-19 16:21:08

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг долоодугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд Тайландын соёлын өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа нь манай хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв. 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа тул цаашид эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгааг талууд харилцан тэмдэглэв.

АХБ-ны санхүүжилтээр Хөшигийн хөндийд Монгол, Тайландын хамтарсан нарны цахилгаан станц амжилттай ажиллаж эхэлснийг дурдаж, улс орны хөгжилд өндөр үр өгөөжтэй төслүүдийг цаашид хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов.

Тайландын зүгээс худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд энэ зорилгоор тус улсын Экспорт, импортын банкны төлөөлөгчдийн хамтаар ирж, төрийн болон хувийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж буйгаа мэдээлэв. 


Тайландын Хаант Улсын Элчин сайд Прияа Хемпон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй