Шууд Chart

“Эрүүгийн тагнуулын албаны түүхэн товчоо”-ны хоёрдугаар дэвтрийн нээлт боллоо

2019-07-19 17:11:03

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн босгон дээр олон сайхан ном уншигчдын гарт очсон. Тухайлбал, Монголын цагдаагийн байгууллагын домогт дарга нарын нэг Д.Чулуунбат агсан 2009 онд “Эрүүгийн тагнуулын албаны түүхэн товчоо” номыг бүтээсэн билээ. Тус ном нь эрүүгийн цагдаагийн албаны 1934-2008 оны түүхийг төрийн болон Монгол Улсын цагдаагийн төв байгууллагуудын албан баримт, бодит хүний намтарт түшиглэж туурвисан нь энэ бүтээлийн онцлог байсан юм. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч, тус албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон албаны харьяа газар, хэлтэс, тасаг, нэгжийн түүхийг дээрх номын үргэлжлэл болгон

Мөн ЦЕГ-ын төв архивын Түүх судлалын секторын хамт олны бүтээсэн, Ч.Сүхбат, Г.Цоодол нарын редакторласан ЭЦА-ны анхны дарга Ц.Галт агсаны тухай 7.3 хэвлэлийн хуудас нэг сэдэвт судалгааны ном бүтээж, олны хүртээл болгож хамтдаа нээлтийг хийлээ.

Номыг бүтээгчид:

"Номыг бүтээх явцад алба хаагч, судлаач, уншигчдаас олон санал хүсэлт ирүүлснийг хүлээн авч, ном бүтээх ажлын хэсгээс судлан, энэхүү бүтээлдээ тусгахыг хичээсэн болно. Үүнд:

  1. Өмнөх бүтээлд нэн шинэ үеийн эрүүгийн цагдаагийн албаны түүхийг бүрхэг тусгасныг аль болохоор дэлгэрэнгүй тусгажээ.
  2. Ачааны хүндийг үүрч байдаг дүүрэг, орон нутгийн нэгжүүдийн талаар материал төдийлөн ороогүй байсанд дүгнэлт хийж энэ сэдвээр бүтэн бүлэг гаргалаа.
  3. Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан онцгой алба хаагчдын талаар зарим материалыг цуглуулж оруулжээ.
  4. Эрүүгийн цагдаагийн албаны гол үйлдвэрлэл бол нууц далд аргаар үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвараар илрүүлэх явдал тул цөөн тооны хэргийг дурдаж орууллаа. Гэхдээ хэргийг илрүүлсэн арга ажиллагааны хувьд төдийлөн ил дурдах боломжгүйгээс гадна энэ сэдвээр сургалтын зориулалтаар тусдаа ном гаргах ажил эхэлсэн болохыг тэмдэглэж байна.

Түүх өөрөө хэзээ, хаана, хэн, юу бүтээв, ямар дурсамж, сургамж үлдээв гэдэгт хариу өгдөг, өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээ холбоог илэрхийлдэг үнэт зүйл тул түүхийг бодит хэвээр нь хадгалж үлдэх нь ариун үйлс учир энэхүү бүтээл эрүүгийн цагдаагийн албаны түүхийн гэрч болон үлдэнэ. Цаашид энэ номыг үргэлжлүүлэн улам боловсронгуй болгон, баяжуулж явах аж. Ном бүтээх явцад дээрх албаны харьяа нэгжүүд түүхээ он дараалан дэлгэрэнгүй бичиж, зурагжуулж өнөөгийн техник технологийн ололт амжилтыг ашиглан хадгалж байх нь чухал юм гэдгийг ЭЦА-ыг залгамжлан авч явах үе үеийн удирдах ажилтнууддаа захимаар санагдлаа.

Эрүүгийн цагдаагийн албаны залуу ажилтнууд байгууллагынхаа түүхэн замналыг мэдэх, албаа сурталчилж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, түүхийг түүчээлэн авч явахад энэхүү ном зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна"  хэмээн бичжээ.

Монголын  Эрүүгийн тагнуулын алба  анх 1934 онд байгуулагдаж, 85 дахь жилдээ гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тус байгууллагыг удирдсан үе үеийн дарга нар, төр түмнээ гэмт халдлагаас хамгаалж байсан эрүүгийн ажилтнуудын хөдөлмөр бүтээл, алдар гавьяаг судлан сурталчлах зорилгоор тус албаны анхны даргаар 1936 онд томилогдон ажиллаж байсан Ц.Галтын тухай энэхүү дурсамж номыг Монгол Улсад Эрүүгийн тагнуулын алба үүсэн байгуулагдсаны  85  жилийн ойд зориулан Цагдаагийн Төв архивын Түүх судлалын сектороос ЭЦА болон түүний Ахмадын зөвлөлтэй хамтран санаачлан гаргалаа.

Дашрамд дуулгахад, 1920-иод оны эцэс, 1930-аад оны үеэс манай улсын улс төрийн болон эрүүгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрч ирсэнтэй холбогдуулан 1929 оны долдугаар сараас эхлэн цагдан сэргийлэх байгууллагад гүйцэтгэх ажил эхлүүлж, эрүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор Дотоодыг хамгаалах газрын харьяанд шилжүүлэн авах саналыг Засгийн газарт тавьж эхэлсэн бөгөөд улмаар Цагдан сэргийлэх газарт 1934 онд долоон орон тоотой (жинхэнэ, туслах төлөөлөгч тус бүр хоёр) гүйцэтгэх ажлын тасгийг анх байгуулж, жагсаал ангийн даргад захируулан ажиллуулж байжээ. Түүхэн баримтаас нягтлан үзвэл 1932 оноос эхлэн гүйцэтгэх ажилтныг  тусгайлан бэлтгэж, 1933 оноос гүйцэтгэх ажилтантай болж, 1934 оноос  гүйцэтгэх албаны анхны зохион байгуулалттай аппарат байгуулагдаж, энэхүү албаны суурь эхлэл тавигджээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эрүүгийн тагнуулын албаны түүхэн товчоо”-ны хоёрдугаар дэвтрийн нээлт боллоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй