Шууд Chart

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

2019-07-21 12:25:39

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцлоо.

Бээжин хотын өдрүүд арга хэмжээг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “ Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна” гэв.

“Бээжин хотын өдрүүд” арга хэмжээ нь Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд дэлгэн үзүүлж, урлагийн тоглолт болов.


Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй