Шууд Chart

Монголчуудын морины соёл, уламжлалыг олон улсад сурталчилна

2019-07-22 10:59:22

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан ирэх сарын 3-8-нд Монгол Улсад болно. "Аравт"-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцох юм. Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд тус уралдааныг зохион байгуулах хорооныхон болон чиглэл хариуцсан цэргийн алба хаагчид үүрэгт ажилдаа хэдийн орцгоосон.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт "Олон улсын цэргийн наадам-2019"-ийг зохион байгуулах орнуудын Зэвсэгт хүчний удирдлагын цахим хурал боллоо. Энэ цахим хурлаар тэмцээн зохион байгуулагч орнууд бэлтгэл ажлаа хэрхэн хангасан талаар ярилцав. Монгол Улсын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, "Аравт" морин цэргийн олон улсын уралдааны Ерөнхий зохион байгуулагч, хошууч генерал Ж.Бадамбазар "Монгол Улс уралдаанд оролцох багуудаа хүлээн авч эхэлсэн. Мөн тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан, тамирчдын ая тух, аюулгүй байдлыг хангасан" хэмээн мэдээлсэн юм.

Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэж байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам-2019”-д “Аравт”-аас гадна ОХУ-д зохион байгуулагдах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд найрамдах Беларусь Улсад зохион байгуулагдах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулагдах “Цэлмэг тэнгэр” зэрэг хэд хэдэн уралдаанд баг тамирчдаа оролцуулна.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголчуудын морины соёл, уламжлалыг олон улсад сурталчилна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй