Шууд Chart

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан ирэх сарын 3-8-нд болно

2019-07-24 11:04:51

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан ирэх наймдугаар сарын 3-8-нд манай улсад болно.

"Аравт"-д Монгол, ОХУ, Казахстан, Киргиз Улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцох юм. Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй соёл тэр тундаа Монголчуудын морь эзэмшиж ашиглах соёл, уламжлалыг олон улсад сурталчлах боломж нээгдэх юм.

Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз Улсын цэргийн алба хаагчид унах морьдоо сонгожээ. Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэжээ.

Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.

"Аравт" олон улсын морин цэргийн уралдааны өмнөх бэлтгэл өчигдрөөс эхэлжээ. Ийнхүү дэлхийн талыг эзэнтэйгээ хамт эзэлж явсан Монгол морийг олон улсад сурталчлах том боломж бүхий "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан болоход тун бага хугацаа үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан ирэх сарын 3-8-нд болно  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй