Шууд Chart

Е.А.Подобедов: Монголд ирж ажиллана гэхэд гэр бүлийнхэн маань бүгд эерэгээр хүлээж авсан...

2019-08-01 14:08:34

УБТЗ-ын Дохиолол холбоо, эрчим хүчний албаны орлогч дарга, Замын "2015 оны мэргэжлийн аварга" Е.А.Подобедовтой ярилцлаа. Манай улсын ган замчдын нөр их хөдөлмөрийг ОХУ-ын олон арван иргэн үүрэлцэж яваагийн нэг нь тэр билээ.

-Таныг ямар хувь тохиолоор төмөр замчин болсон яриа мэдмээр санагдлаа...

-Манай гэр бүлд төмөр замчин хүн байгаагүй. Ээж нягтлан бодогч, аав хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байсан. Харин би санамсаргүй байдлаар Беларусийн Төмөр замын дээд сургуульд элсэж, Тээврийн автоматик телемеханик мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд физик, математикийн хичээлдээ илүү сонирхолтой болохоор төмөр зам гэхээсээ илүү инженер техникийн шинжлэх ухаан намайг энэ мэргэжил рүү хөтөлсөн юм болов уу. Сургуулиа төгссөн залуусыг хуваарийн дагуу томилдог тогтолцооны дагуу би Беларусийн төмөр замаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлсэн.

-Өмнө нь Монголчуудтай мөр зэрэгцэн ажиллах тухай төсөөлж байв уу?

-Үнэнийг хэлэхэд энэ тухай огт төсөөлөөгүй шүү. Ер нь, Дорно зүгийн амьдрал ахуй миний сэтгэлийг татдаг байсан. Манай гэргий Солонгос бүсгүй л дээ. Энэ ч утгаараа Монголд ирж ажиллана гэхэд гэр бүлийнхэн маань бүгд эерэгээр хүлээж авсан.

-Монголд ажиллаж амьдрахад юу нь илүү таалагддаг вэ. Мөн дасан зохицоход хүндрэлтэй зүйл байна уу?

-Монголчуудын олон зууны турш өв уламжлалаа хүндэтгэн хадгалж ирсэн байдал, ахмад настнуудаа дээдэлдэг үзэл гэхчлэн өөрийн үндэсний язгуур чанар нь нас хэлбийж яваа миний хувьд маш их таалагддаг.  Ер нь, хараад байхад Монгол түмний нөхөрсөг, найрсаг, элэгсэг зан чанар нь их дотно. Үүнийг зөвхөн би ч олж хараагүй. Хүү, охин хоёр маань зочлоод буцахдаа Монголчуудын энэ сайхан чанарыг бахархан ярьж байсан. Энэ бол аль ч орны хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг зүйл юм болов уу. Би Монгол хэл мэдэхгүй ч дасан зохицоход их хялбар байсан. Энд ирснээс хойш хүндрэлтэй зүйл надад ер нь тохиолдсонгүй. Ингээд бодохоор их сайхан шүү. Энэ талд би маш өндөр сэтгэгдэлтэй байгаа.

-Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцвал?

-Монголд ирэхээсээ өмнө төсөөлж байсан сэтгэгдэл энд ирээд нэг их зөрөөгүй. Би долоодугаар сард анх Монголд ирсэн. Шөнө онгоцноос буухад өмнөөс зуны бүлээн салхи сэрчигнээд, ганга өвсний ч юм уу тийм нэг сэнгэнэсэн сайхан үнэр анхилан угтсан нь маш гоё мэдрэмж төрүүлсэн. Би тосгоны хүүхэд болохоор ч тэр үү бага насанд минь үнэртэж байсан тэр л содон бөгөөд дотно үнэр намайг тоссон нь миний сэтгэлд маш дотно санагдсан.

-УБТЗ-д ажиллаж байгаа нутаг нэгтнүүдтэйгээ хэр харилцаатай байдаг вэ?

-Монголд мөр зэрэгцэн нэг салбарт ажиллаж буй нутаг нэгтнүүдтэйгээ маш ойр харилцаатай. Цаг хугацааны хувьд арай өмнө, сүүлд ирсэн хүмүүс байдаг учраас энд удаж байгаа хүмүүсээсээ сурч мэдэх зүйл олон бий. Тиймээс аливаа баяр ёслолыг хамтдаа тэмдэглэнэ. Хамт агаарт гарна. Хэн нэгэнд нь тусламж хэрэгтэй бол бүгд нэг сэтгэлээр хөдөлнө гээд ер нь л их ойр байцгаадаг даа.

-Монгол, Орос хүмүүс ахан дүүгийн харилцаатай гэдэг утгаараа ч тэр үү хамт байхдаа их хөгжилтэй харагддаг юм. Таны хувьд хамтран ажиллаж буй Монголчуудтайгаа хэр ойлголцдог вэ?

-Хамтран ажиллагсадтайгаа ихэвчлэн ажил мэргэжилтэй холбоотой харилцдаг. Замын-Үүд өртөөний зам паркийг сунгах, өргөтгөх гээд ер нь өртөөнүүд рүү чиглэсэн ажлуудад би насны хувьд харилцан адилгүй хүмүүстэй ажилладаг. Орчин цагийн боловсролыг сайн эзэмшсэн залуус, олон жилийн туршлага хуримтлуулсан ахмад төмөр замчид гээд ер нь, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж буйгаараа би бахархдаг.  

-Нутаг усаа санадаг уу?

-Ирээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Би түрүүн хэлсэнчлэн энэ бол миний өөрөө дурлаж сонгосон мэргэжил. Орост байхдаа ч энд ирээд ч дуртай ажлаа хийж байгаа учраас сэтгэл хангалуун байдаг. Тиймээс ажилдаа л илүү анхаарал хандуулахыг хичээдэг. Энэ утгаараа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УБТЗ-д юу хийж болох, одоо хийж байгаа ажлаа хэрхэн сайжруулах, ирээдүйд юу хийвэл зохилтой зэргийг үргэлж бодож, тунгааж ажиллах нь туйлын сонирхолтой. Тийм болохоор ч тэр үү би нутаг усаа санагалзаж, уйдаж байна гэж хэлэхгүй. Энэ бол миний чин сэтгэлийн үг шүү.

-Монголын төмөр замчдын талаар Оросын төмөр замчид ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Энэ асуултад би чин сэтгэлээсээ хариулмаар байна. Намайг эх орондоо ажиллаж байхад манай Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, удирдах ажилтнууд Монголын төмөр замын байдалтай танилцаад очихдоо ч хэлдэг байсан. Би хувь хүний зүгээс ч бодит байдалтай танилцаад тэдний хэлж ярьдагтай санал нийлсэн. Миний мэргэжлийн чиглэл болох автоматик телемеханикийн салбарын хүрээнд өртөөдөөр явж танилцахад тийм эртний тоног төхөөрөмжийг Монголын төмөр замчид өнөөг хүртэл ямар сайхан хадгалж, хамгаалж, тордоод ажиллуулж буй нь үнэхээр гайхамшигтай. Энэ нь Монголчууд мэргэжлийн талаас ч, хувь хүний зүгээс ч хариуцсан ажилдаа ямар өөриймсөг ханддагийн тод жишээ юм даа. Би танд ярилцлага өгч байгаа учраас дөвийлгөж байгаа юм биш шүү. Монголын төмөр замчид бол үнэхээр мундаг. Энэ бол миний үнэн сэтгэлийн үг юм шүү гэдгийг дахин хэлье. Оросын төмөр замд шинэ тоног төхөөрөмж, техникүүд нэвтэрч байгаа. Гэхдээ тэр тоног төхөөрөмжүүд ашиглалтын хугацаанаас эхлээд арай өөр хандлагатай л даа.

-Гүйцэтгэж буй ажлынхаа онцлогийг тодорхойлбол?

-Би таны асуултыг зөв ойлгосон бол манай мэргэжлийн онцлог нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг автоматик телемеханикийн талаас нь бүрэн хариуцах явдал. Тодруулбал, холбооны тоног төхөөрөмжүүдэд ажилладаг гэсэн үг шүү дээ. Одоо бол УБТЗ-д урьд өмнө нь байгаагүй шинэ төсөл хэрэгжиж байна. Үүнийг интервалтай тохируулга гэж нэрлээд байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд сургалт, ашиглалтын шинэ нөхцөл шаардана. Дээр нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал дээр цоо шинэ шаардлага тавигдана. Ингэснээр УБТЗ-ын нэвтрүүлэх чадвар дээшилнэ.

-Та ажилтан хүнийхээ хувьд УБТЗ-ын ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би хувьдаа бүхэл бүтэн төмөр замын салбараар бус өөрийнхөө салбарын хэмжээнд тодорхойлох нь зүйтэй болов уу. Дээр дурдсан томоохон төсөл бол УБТЗ-ын дохиолол холбооны салбарын ойрын арван жилийн төлөв юм. Баянтүмэн тасгийн холбооны системийг жишээ татаж хэлбэл бид өнөөдөр XIX зууны холбооны системээр ажиллаж байгаа. Шинэ төслийг хэрэгжүүлснээр XXI зууны хөгжил дэвшил рүү эрс үсрэлт хийж байна гэж ойлгож болно.

-Монголд хэр удаан хугацаанд ажиллаж, амьдрах бодолтой байна вэ?

-Чин үнэнийг хэлэхэд ажлынхаа үр дүнг нь харвал миний хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс үр дүн гартал ажиллахыг хүсч байна.

-Та өөрийгөө ямар зан араншинтай хүн гэж тодорхойлох вэ?

-Шинжлэх ухааны талаас нь тодорхойлбол би сангвиник темпераменттай хүн юм болов уу (инээв).

-Олон жил манай улсад байгаа танаас нэгэн өөр зүйл лавлая. Та Монголчууд биднийг ялалтын баярт хүндэтгэлтэй хандаж, өргөн тэмдэглэдэг нь мэдрэгдсэн үү...

-Тийм ээ. Ялалтын баяр гэдэг нь хүн төрөлхтний хувьд агуу том баяр юм. Тиймээс энэ баярыг сэтгэл догдлон тэмдэглэдэг. Энэ баярыг Монголчууд ямар сайхан тэмдэглэдэг ард түмэн бэ гэдгийг би анх хараад үнэхээр сэтгэл догдолж байлаа. Төрөл төрөгсөд рүүгээ утсаар ярихдаа ч би энэ тухай бахархан ярьсан. Түүнээс гадна хоёр жилийн өмнө надад Халхын голоор аялах аз завшаан тохиосон. Ингэж явахдаа Дэлхийн II дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг ямар сайхан хүндэтгэлтэйгээр хадгалдаг юм бэ гэдгийг хараад сэтгэл их хөдөлсөн шүү. Өнгөрсөн онд ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Улаан талбайд үг хэлэх үеэр олон орны цэргүүдтэй Монгол цэргүүд мөр зэрэгцэн сүр жавхаатай алхаж явахыг хараад өөрийн эрхгүй нулимс унагасан. Би хувьдаа тийм их үнэ цэнээр олдсон агуу их ялалтын баяр ирээдүй хойчид маань бүү бүдгэрээсэй. Өв уламжлагдан хадгалагдаж яваасай гэж хүсдэг.

Би 1957 онд тухайн үеийн ЗХУ-ын Беларусь Улсад төрж, өссөн. Би Оросын тосгоны эгэл жирийн амьдрал дунд бага насаа өнгөрөөсөн. Миний өссөн тосгонд бидний эх орон, эрх чөлөөний төлөө амь насаа зориулж явсан баатарлаг дайчдын дурсгалд зориулсан хөшөө маш олон байдаг байв. Тавдугаар сарын 9-нд тосгоны хүн бүр тэдгээр хөшөөг будаж өнгө оруулах, сэргээн засварлах, цэцэг тавьж хүндэтгэл үзүүлдэг. Мөн баяр ёслолын шинж чанартай үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан. Манай аав 1936 онд төрсөн болохоор дайнд оролцож байгаагүй. Харин ээжийн хамаатнууд эх орны дайнд оролцож байсан гэдэг. Хэдийгээр манай гэр бүлээс дайны хар сүүдэр холуур өнгөрсөн ч Беларусийг фашистууд эзэлж, дараа нь Оросын улаан арми ирж чөлөөлсөн тэр үеийн үйл явдлууд, бодит түүхийг бишгүй сонсож, бахархаж өссөн болохоор энэ баярын өдөр болоход одоо хүртэл сэтгэл догдолдог. Бага насны минь хамгийн тод дурсамж энэ юм даа.

-Бидний урилгыг хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье.


Нийтэлсэн: У.Баярсайхан

Е.А.Подобедов: Монголд ирж ажиллана гэхэд гэр бүлийнхэн маань бүгд эерэгээр хүлээж авсан...  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй