Шууд Chart

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан нээлтээ хийлээ

2019-08-04 08:00:00

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Тухайлбал, зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан өчигдөр албан ёсоор нээлтээ хийв. Үүнээс “Аравт” морин цэргийн уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцож байна.

“Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Аравт” уралдааны нээлтийн ёслолд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон Батлан хамгаалахын атташе, оролцогч орнуудын баг тамирчин, хамтран ажиглагч байгууллагын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд моринд хайртай монголчууд нээлтийн ёслолыг үзэхээр цугласан байв.

А.Ганбат: Монгол Улс "Олон улсын цэргийн наадам"-д оролцогчоос гадна зохион байгуулагч орон боллоо

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Аравт” уралдааныг нээж хэлсэн үгэндээ "Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсье. Дэлхийн улс бүхэн өөрийн орны аюулгүй байдлыг сахин хамгаалах цэрэг армитай бөгөөд цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, сургуулийг өндөр түвшинд байлгахыг эрмэлзэж, тасралтгүй дасгал сургуулилт зохион байгуулдаг. Цэргийн алба хаагч бүрийн олон талт бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг олон улсад анх удаа зохион байгуулагдаж буй "Аравт" морин цэргийн уралдаан олгож байна. “Цэрэг эрс дайн тулааны талбарт бус тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орныг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам"-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, олон орны Зэвсэгт хүчинтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байгаа юм. Олон орны цэрэг эрсийн хувьд энх тайван эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон олон улсын цэргийн наадам хүрээгээ улам тэлж, энэ жил 10 улсад 32 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж, энэ цаг үед нээлтээ хийж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж буй олон улсын цэргийн наадмын үзэл санааг анхнаас нь дэмжиж тасралтгүй амжилттай оролцож ирсэн. Бидний урилгыг халуун дотноор хүлээн авч, эзэн Чингис хааны өлгий нутагт анх удаагаа зохион байгуулагдаж буй "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эртнээс уламжлалт харилцаатай анд нөхдөдөө Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, уралдаандаа амжилт гаргахыг хүсье" гэв.

МОНГОЛЫН ТҮҮХ БОЛ МОРЬТОН ДАЙЧДЫН ТҮҮХ

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг уралдааны ерөнхий шүүгч, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд "ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд Монгол Улсад анх удаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байгаад Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд баяртай байна. Монголын түүх бол морьтон дайчдын түүх гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулал бол чухамдаа морин цэргийн түүх юм" хэмээгээд уралдаанд оролцогч, ажиглагч орнуудад амжилт хүссэн байв.

Дараагаар нь "Аравт-2019" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баг тамирчдын хамт морьтой ёслолын жагсаал эхлүүлж, нээлтийн хөтөлбөр үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болон Дорнод цэргийн тойргийн Дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор үргэлжилсэн юм.

“Аравт” уралдааны өнөөдрийн буюу нэгдүгээр гараанд сугалаа ёсоор Казахстан, хоёрдугаар гараанд Киргиз, наймдугаар сарын 5-ны өдрийн нэгдүгээр гараанд Монгол Улс, хоёрдугаар гараанд ОХУ-ын баг тамирчид 130 км маршид гарна. Баг тамирчид 130 км замыг туулах явцдаа дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэх бөгөөд алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжлэх юм.

Монгол Улсын баг шилдэг офицер, ахлагчаас бүрдсэн

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчаас бүрдсэн. Манай багийн тамирчид Зэвсэгт хүчний уралдаан тэмцээний тэргүүн эгнээнд явдаг юм байна.

Тухайлбал, тасгийн дарга, дэслэгч Т.Түмэнцэнд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик, гурван төрөлт, саадын зурвас мэргэн буудагчийн хоёр төрөлт, өвлийн хоёр төрөлт, зуны таван төрөлт, цэрэгжилтийн гимнастик зэрэг олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцсон бөгөөд спортын мастер, жүдо бөхийн дэд мастер цолтой. Мөн дэслэгч Г.Цэнд-Аюуш Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шилдэг довтлогч аж. Харин М.Идэрбатын хувьд 2012 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэснээс хойш Зэвсэгт хүчинд алба хаах хугацаандаа 2013, 2014, 2017, 2019 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд анги байгууллагаараа амжилттай оролцсон шилдэг ахлагч юм.

Сейсебаев Мереке: “Аравт” уралдааны зохион байгуулалт маш өндөр түвшинд болж байна

Казахстаны багийн ерөнхий дасгалжуулагч Сейсебаев Мереке “Манай зэвсэгт хүчин “Аравт” олон улсын уралдааны дүрэм журмын дагуу дотооддоо тэмцээн зохион байгуулж, хамгийн шилдэг 23 алба хаагчаа энэ тэмцээнд илгээсэн. Монгол адуу манай морийг бодвол давжаа биетэй боловч саад, бартааг илүү сайн туулдаг юм байна.

Мөн монголчууд маш зочломтгой найрсаг ард түмэн гэж санагдлаа. Манай баг тамирчдыг ирсэн мөчөөс эхлэн халуун дотноор хүлээж авсан. Тэмцээний бэлтгэлийн явцад ямар нэг бэрхшээл, хүндрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй шийдэж өгдөг. “Аравт” уралдааны зохион байгуулалт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш өндөр түвшинд болж байна” гэлээ.

Кайыр Айдарбек: Киргизийн баг тэргүүн эсвэл дэд байрт орох том зорилго тавьсан

 

Киргизийн дэд хурандаа Кайыр Айдарбек “Монголын цаг агаар манай орныхтой ойролцоо юм. Тиймээс манай баг тамирчдын сэтгэлзүй маш өндөр байгаа. Манай багийн хувьд тэргүүн эсвэл дэд байрт орно гэсэн том зорилго өвөртлөн оролцож байна. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” гэв.























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан нээлтээ хийлээ  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй