Шууд Chart

“Валмарт” сүлжээ галт зэвсгийн худалдаагаа хэвийн үргэлжлүүлнэ

2019-08-12 12:50:12

Америкийн “Валмарт” худалдааны сүлжээний  найман орчим дэлгүүрт  долоо хоногийн хугацаанд зэвсэгт халдлагатай холбоотой аюул заналхийлэл иржээ. Флорида мужийн Винтер-Парк, Хиллсборо тойрогт болон Техас мужийн хоёр хот, Миссури мужийн хоёр хотод түгшүүрийн хуурамч дуудлага ирж, худалдан авагчдыг яаралтай гаргасан байна.

Флорида мужийн Гибсонтонд л гэхэд энэ сарын 4-ны өдөр 31 настай Уэйн Ли ПажеттВалмарт” сүлжээ дэлгүүр рүү утастаж, нэг минутын дараа очиж гал нээнэ гэж сүрдүүлжээ. Гэтэл энэ нь хуурамч түгшүүр байж, цагдаагийн газраас залгасан хүнийг нь олсон байна. Пажетт өмнө нь цагдаад саатуулагдаж байгаагүй, гэрээс нь ямар нэгэн зэвсэг илрээгүй байгаа гэнэ.

Мөн Миссури мужийн Спрингфилд хотын “Валмарт” сүлжээнд энэ сарын 8-нд гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан галт зэвсэгтэй орж ирэн саатуулагджээ. Тэрбээр галт зэвсэг авах, авч явахыг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь өөрчлөлтийг “Валмартсүлжээнийхэн мөрддөг эсэхийг шалгаж үзэхийг хүссэн гэнэ. Энэ этгээд гал нээгээгүй ч дөрөв хүртэл жилийн хорих ял авах буюу 10 мянга хүртэл америк долларын торгууль төлөхөөс өөр аргагүй болжээ. Техаст мөн 13 настай хүүхэд “Фэйсбүүк”-ээрээ “Валмарт”-ыг сүрдүүлснээс болж энэ дэлгүүр нэг өдөр хаалгаа барьсан.

Түүнчлэн Флорида мужийн Винтер-Паркт 26 настай эр энэ сарын 9-нд “Фэйсбүүк” сүлжээгээрээ дамжуулан “Валмарт”-ын худалдан авагчдыг хөнөөнө гэж сүрдүүлэн саатуулагдсан бол Техаст энэ сарын 10-нд хотынхоо “Валмарт” сүлжээг газартай нь тэгшилнэ гэж олон нийтийн сүлжээгээрээ заналхийлсэн бас нэг эрийг баривчилсан байна.

Валмарт”-ын сүлжээ дэлгүүрийн зүгээс ойрын үед сүрдүүлэг нэмэгдсэнтэй холбогдуулан аюулгүйн нэмэлт арга хэмжээ авахаар болсноо зарлажээ. Тус сүлжээ лангуун дээрээ харгис хэрцгий хүчирхийллийн сэдэвтэй видео тоглоом өрж тавихаа зогсоох юм байна. Гэхдээ “Валмарт” сүлжээ галт зэвсгийн худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Валмарт” сүлжээ галт зэвсгийн худалдаагаа хэвийн үргэлжлүүлнэ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй