Шууд Chart

Боржигин сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд

2019-08-13 09:45:56

ТЕГ-ын Тусгай архиваас “Боржигин сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд” номыг эмхэтгэн гарлаа. Энэхүү бүтээлд Боржигин сэцэн вангийн хошуунд байсан Чойрын хийд, Амгалангийн жас, Зүүн ганжуур жас, Дар эхийн жас,  Баруун Чойрын хийд зэрэг гуч шахам хийд, жасуудын ховор түүх дэг жаяг, мөн хийдүүдэд  1932-1938 онд шавилан сууж байсан лам нарын бүртгэл, Боржигин сэцэн вангийн хошууны газрын зураг зэрэг багтжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад сүм хийд, лам нарын үйл ажиллагааг зохицуулах эрх, үүрэг бүхий “Шашны хэрэг эрхлэх газар”-ыг 1937 оны 5 дугаар сард Сайд нарын Зөвлөлийн 10 дугаар хурлын тогтоолоор Дотоод явдлын яамны харьяанд байгуулж, хүрээ хийдийн дэргэдэх засгийн газрын төлөөлөгчийг тус газарт харьяалуулан шилжүүлсэн байна.

Шашны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны явцад үүссэн сүм хийд, лам нарын талаарх баримт бичгүүд Дотоод явдлын яаманд хуримтлагдсан нь эдүгээ шашин, соёл, түүхэн судалгааны чухал хэрэглэгдэхүүн болоод байна. Шашны хэрэг эрхлэх газрын хөмрөгт буй баримтууд нь сүм хийдийн түүх жаяг, лам нарын бүртгэл, харилцсан албан бичиг зэргээс бүрдэж буй бөгөөд энэхүү бүтээлд Боржигин Сэцэн вангийн хошууны сүм хийдийн түүх, жаяг, 1930-аад оны дунд үед тус хошууны хийдүүдэд шавилан сууж байсан лам нарын бүртгэлийг түүвэрлэн хүргэж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.


Боржигин сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй