Шууд Chart

Санхүүгийн зах зээлийн 2019 оны 2-р улирлын тоймыг танилцуулав

2019-08-14 11:37:03

Санхүүгийн зохицуулах хорооноос улирал тутам үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зах зээлийн тоймыг танилцуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа наймдугаар сарын 13-ны өдөр хийлээ.

Хурлаар санхүүгийн салбарын 2019 оны II улирлын үзүүлэлтийг танилцуулав. Мөн санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны II улирлын үр дүнг “Эн Ар Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, судлаач Б.Соёлмаа нар мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд Хорооны удирдлагууд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Санхүүгийн зах зээлийн 2019 оны II улирлын хураангуй тоймыг дор толилуулж байна.

Хөрөнгийн зах зээл

2019 оны II улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй нийт 53 ҮЦК, бүртгэлтэй 307 хувьцаат компани байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,604.8  тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 119.9 тэрбум төгрөгөөр буюу 4.8 хувиар өсчээ. Тайлант үед нийт 82.5 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж хөрвөх чадвар 3.2 хувь болов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-иар дамжуулан нийт 90.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ.

Даатгалын зах зээл

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувиар өсөж 354.7 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан ба давхар даатгалын нийт хөрөнгийн, салбарын үзүүлэлтэд эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үед 16.6 хувь байсан бол тайлант улирлын байдлаар 20.7 хувь болж өслөө. Салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.

Харин нийт хураамжийн орлого өмнөх оны хоёрдугаар улирлаас 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болов. Даатгалын компаниуд нийт 33.7 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 42.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт хураамжийн орлоготой харьцуулахад 32.4 хувь байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 7.3 хувь, нийт хөрөнгийн өгөөж 3.7 хувь байна.

Банк бус санхүүгийн байгууллага

Санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34.0 хувь буюу 389.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360.3 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэж 2.3 саяд хүрсэн байна. Зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3.3 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо

Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 275 хоршоо үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоршоодын тоо 14-өөр буурсан байна.

Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 210.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өссөн. ХЗХ-дын 90.5 хувь буюу 249 ХЗХ нь нийт 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 11.9 хувиар өссөн, орлого 24.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өссөн.


Санхүүгийн зах зээлийн 2019 оны 2-р улирлын тоймыг танилцуулав  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй