Шууд Chart

Хонгконгийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж эхэллээ

2019-08-14 17:45:53

Хонгконгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа өнөөдөр өглөөнөөс хэвийн горимдоо орлоо. Жагсагчдын олонх нь онгоцны буудлын байрыг орхиж, зорчигчдын бүртгэл эхэлжээ.

Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газраас нисэх онгоцны буудлын нислэг, буултын зааланд нэг хоногийн өмнө болсон эмх замбараагүй байдлыг эрс шүүмжилсэн байна. Мягмар гарагийн орой хэсэг бүлэг жагсагч олон улсын нисэх онгоцны буудал руу дайрч ороод нэг зорчигч, нэг сэтгүүлчийг барьж, гутаан доромжилсон юм. Энэ үеэр цагдаа нар хий, резинэн сумтай буу ашиглан, танхайрсан таван жагсагчийг баривчилсан байна. Нисэх онгоцны буудалд хоёр өдөр үргэлжилсэн жагсаалын үеэр мягмар гарагт 300 гаруй нислэг цуцлагдсан аж.

Үүний зэрэгцээ Хонгконгийн шүүхээс жагсагчдыг терминалаас хөөж гаргах зөвшөөрлийг нисэх онгоцны буудлын засаг захиргаанд олгожээ. Хонгконгт орон нутгийн засаг захиргаанаас санаачилсан хуулийн төслөөс болж олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн хоёр сар гаруйн хугацаатай үргэлжилж байна.

Хятадын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн, эсвэл эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг эх газрын Хятадад шилжүүлэх механизм бүхий энэ хуулийн төслийг олон нийт эсэргүүцсэний улмаас Кэрри Ламын засаг захиргаа хэлэлцэхээ зогсоосон ч эсэргүүцлийн ажиллагаа намжсангүй. Өгөрсөн өдрүүдэд жагсагчид нисэх онгоцны буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Хонгконгийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж эхэллээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй