Шууд Chart

Оюутан цэргүүд эх орны хүү болоод гэртээ ирлээ

2019-08-19 11:41:20

Зургаа дахь удаагийн “Оюутан цэрэг-2019” сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд цэргийн тангаргаа өргөлөө.

2019 онд Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний 256, Ховд аймгийн 123, Орхон аймгийн 186, Дорноговь аймгийн 336 дугаар ангиудыг түшиглэн 51 их, дээд сургуулийн 1000 оюутан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн албаа амжилттай хаалаа.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БХЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Ерөнхийлөгчийн тамгын газрын референт, бригадын генерал Ч.Сайнтөр, ХААИС-ийн ректор, ИДСК-ын ерөнхийлөгч Т.Хэрүүга болон оюутан цэргүүдийн аав, ээж, найз нөхөд нь оролцож, баяр хүргэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж байгаа явдал гэдгийг тодотгоод оюутан залуус маань улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархаж, эх орноо хайрлан хамгаалах үзлээр цэнэглэгдсэн гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, ээж аавын хүү төдийгүй эх орны хүү болоод гэртээ ирсэн билээ гэж БСШУСЯ-аас мэдээллээ.


Оюутан цэргүүд эх орны хүү болоод гэртээ ирлээ  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй