Шууд Chart

Боудоня: Манай багийн зорилго бол түрүүлэх

2019-08-21 18:42:48

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээн энэ сарын 25-нд Монгол Улсад анх удаа болох гэж байна.

Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ ажиллах бөгөөд арга хэмжээ 23-наас эхэлж, 27-нд өндөрлөнө. Тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд 16 орны 17 (эзэн орон хоёр баг оролцоно) баг өрсөлдөх юм.

Үүнд өрсөлдөх Египтийн баг өнөөдөр 05:00 цаг Монгол Улсад хамгийн түрүүлж газардаад байгаа билээ. Иймд манай сайтын сурвалжлах хэсэг тус багийнхантай уулзалдаж, дасгалжуулагч Боудоняагаас цөөн асуултад тодруулга авав.  

-Та бүхэн Монголд анх удаа ирж байна уу. Ямар санагдаж байна вэ?

-Тийм ээ, анх удаа ирж байна. Бид өнөөдөр үүрээр танай улсад хөл тавьсан. Цаг агаар үнэхээр хүйтэн санагдсан. Харин өдрийн цагаар харьцангуй дулаарч байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар маш гоё хот юм. Бидэнд таалагдаж байна. Жуулчид ч их ирдэг бололтой.

-Багийнхнаа танилцуулна уу?

-Багийн ахлагч Авделраман, гишүүдээр МазенЭззат нар. Манай баг Александрагийн нэрэмжит сургуулийн сурагчид. Манай сургуулиас роботын баг анх 2011 онд байгуулагдсан. Гэхдээ биднээс өмнө нэг ч баг танай улсад болох гэж байгаа шиг ийм том тэмцээнд оролцож байсангүй. Бид сургуулиасаа анхдагч нь болж байгаадаа баяртай байна. Манайхаас өмнө байгуулагдсан багууд “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээнээс зэрэглэл бага тэмцээнд л оролцож байсан юм билээ. Бид нэг баг болоод жил хэртэй хугацааг үдээд байна.

-Танай багийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Жилийн өмнөөс бэлтгэлээ хангасан. Манай улсын найман баг энэ тэмцээнд оролцохын тулд өрсөлдөж, бид тэргүүлснээр танай улсад ирээд байна. Бидний зорилго бол түрүүлэх.

-Танай багийн автомат роботын онцлог юу вэ?

-Хурд их, саад бэрхшээлийг туулахдаа чадмаг. Мөн шагай шидэлтээрээ оновчтой буудаг. Үүгээрээ бусад багийнхнаас онцлог гэж хэлнэ.

-Өрсөлдөгч багуудаа хэр судалсан бэ?

-Бүх багийн бичлэгийг үзэхдээ хамгийн өндөр оноог ямар үед, оноо алдахдаа юунаас болсон бэ гэдгийг нэлээн судалсан.

-Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсэе. 







Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

Боудоня: Манай багийн зорилго бол түрүүлэх  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй