Шууд Chart

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо

2019-08-23 14:41:41

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн бага хурал дөнгөж сая "Holiday Inn" зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд боллоо.

МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулагдах уг тэмцээн 18 дахь удаагаа болох гэж байгаа билээ.

Тэмцээн энэ ням гарагт буюу энэ сарын 25-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, ерөнхий продюсер Д.Ганчимэг, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн ерөнхий продюсер Г.Агааноров,  төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса, төслийн продюсер Ёшида Такүши нар оролцсон юм.

Харин ивээн тэтгэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК. Мөн Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonic”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ивээн тэтгэгчээр оролцож байна.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса нараас тодруулга авсан юм.

Л.Нинжжамц: “ABU Robocon–2019” тэмцээнд 16 орны 17 багийн 250 орчим тамирчин оролцоно

-Манай улсад анх удаа болох гэж байгаа энэхүү тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу амжилттай сайхан зохион байгуулахын тулд МҮОНРТ хоёр жилийн турш бэлдсэн. Уг тэмцээнд 16 орны 17 багийн 250 орчим тамирчин оролцоно. Харин манай улс давуу эрхийн дагуу хоёр баг өрсөлдүүлнэ. Дэлхийн улс орны хөгжил ялангуяа зохион бүтээгчдийн нуруунд “үүрэгддэг”. Тиймээс тэдний төлөөлөл, ирээдүй болсон залуус роботын тэмцээнээр ийнхүү өрсөлдөх гэж байна. Өмнөх жилүүдэд роботууд дугуйтайгаар тухайн оногдсон даалгавараа гүйцэтгэж байсан бол энэ удаа Монгол морины дүрстэй робот угсруулж, алхаж явуулж ажиллагааг гүйцэтгүүлнэ. Түүнчлэн энэ тэмцээний үр дүнд инженер технологийн ангийн оюутнуудын маань ур чадвар өсч дэвших, зочин багуудтай хамт ирсэн хэвлэл, мэдээлэлийн байгуулагаар дамжуулагдаж, манай улсад жуулчид нэмэгдэх талтай.

Араи Томохиса: “Робокон” тэмцээн Япон Улсаас үүсэлтэй

-Энэ тэмцээн Монгол Улсад болох гэж байгаад баяртай байна. Гэхдээ танай улсаас зохион байгуулах хорооны хамт олон үүнийг өөрийн улсдаа явуулах эрхийг тийм ч амар олоогүй болов уу. Иймд хамгийн түрүүнд МҮОНРТ-ийн хамт олонд баяр хүргэе. Монгол Улсад болж байгаа нь их ач холбогдолтой юм. Учир нь өмнө нь Япон, БНХАУ, Тайланд улсад болоход тухайн улсын роботын онцлог, тамирчдынх нь арга барил, өөр өөрийн улсын онцлог шингэсэн байгаа харагдсан. Тиймээс энэ удаа Монголын роботын тамирчдаас ч суралцах зүйл их байгаа гэдэгт итгэлтэй байна.   

Нэмж хэлэхэд, “Робокон” тэмцээн Япон Улсаас үүсэлтэй. Японы үндэсний аварга шалгаруулах “Робокон” роботын тэмцээн энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулагдсан. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практикт туршдаг юм. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт давуу талтай.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bilguun [127.0.0.xxx] 2019-08-23 17:46
ubs mnb 2 haragdaj bna. busad TV hewlel site uud haana bna hen negnii tulga toirson heruul bolhoor r barag 100gaaraa
Зочин [127.0.0.xxx] 2019-08-23 15:10
ШУТИС- ийн 2 баг эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

Бидэнтэй нэгдээрэй