Шууд Chart

Абе Хифүми: Дүү бид хоёрын гол зорилго бол “Токио-2020” олимп

2019-08-27 15:02:45

Жүдо бөхийн ДАШТ Японы нийслэл Токио хотноо үргэлжилж байна. Тэмцээний хамгийн сонирхолтой барилдааныг нэгээр ах дүү Абег онцолж байна.

Тодруулбал ах Абе Хифүми нь энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын 2007, 2017, 2018, 2019 оны медальтай болов.

Харин дүү Абе Ута нь 2018, 2019 оны дэлхийн аварга болж байна.

Зулай зулайгаа гишгэж төрсөн хүчтэнүүд ингэж амжилт үзүүлж байгааг гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ.

Иймд Абе Хифүмигийн ДАШТ-ий өмнө өгч байсан ярилцлагыг уншигч танаа хүргэе.

Би багадаа барилдахаас айдаг байсан

Яагаад жүдо бөхийг сонгосон бэ гэж үү. Багадаа телевизээр нэг барилдаан үзэж байсан юм. Ямар тэмцээн гэдгийг нь мартаж. Санамсаргүй анх удаа жүдо үзээд л энэ бөхийн төрлөөр барилдаж чадахаа мэдэрсэн.

Анх зургаан настайдаа жүдогийн сургуульд очиж байхдаа ямар их айж байснаа одоо ч санаж байна. Би барилдахаас айж, заал танхимаасаа айж, секцэнд очно гэдэг маш аймшигтай санагдаж байлаа. Би зургаахан настай, бусад нь дандаа надаас том хүүхдүүд. Эхлээд мэдээж шууд сураад явчихгүй. Хоёрдугаар ангид байхдаа охидуудад ялагддаг байлаа. Өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь гэдгээ мэдээд би биеийн бэлтгэлдээ онцгой анхаарч эхэлсэн. Барилдааны бэлтгэлээс гадна кросс гүйж, шатаар өөд, уруу гүйн, резинтэй дасгал гээд сайн жүдоч болоход хэрэгтэй янз бүрийн дасгал хийж эхэлсэн.
Аав минь тамирчин. Гэхдээ жүдоч биш, усанд сэлэлтийнх. Аав энэ үед надад маш их тус болсон. Бэлтгэлийн хөтөлбөр гаргаж өгөөд жүдотой хамаагүй үндсэн дасгалуудыг хэрхэн зөв хийхийг зааж өгсөн. Аавын заасныг хийхээс гадна бусад хүүхдийн хийж байгааг бас дууриагаад л хийдэг байлаа.

Анги ахих тусам хүчтэй болсон

Бага сургуулийн улсын аваргад оролцох шигшээд багтаж чадаагүй нь их гомдолтой байлаа. Улсад түрүүлэхийг маш их хүсч байсан ч тэр үед би хангалттай хүчтэй байгаагүй. Тиймээс дунд сургуульдаа УАШТ-д заавал оролцоно гэж хатуу шийдлээ. Ёстой амсхийх завгүй бэлтгэл хийсэн. 2011 онд би 55 кг-д дунд сургуулиудын улсын аварга болж, бэлтгэл хийсний ач тус гарч байгааг мэдэрсэн. Би өдөр ирэх тусам хүчтэй болж байлаа. Бие өсөж, булчин томроод, хүч чадал оргилоод. Тэр үед улам л сайжраад байснаа сайн санаж байна. Биднийг дандаа өөрөөсөө ах, эсвэл хүнд бөхчүүдтэй бэлтгэл хийлгэдэг байлаа. Ахлах ангийнхантай бэлтгэл хийхэд ямар хэцүү байсан гэж санана. Өөрийн түвшиндээ би сайн байсан ч ах нартай барилдаад эхлэхээр юу ч хийж чадахгүй, нэг ч шидэлгүй дуусна. Нисээд, үсрээд л унаад байдаг байсан. Тэгээд дотроо өөрөөсөө хүчтэй, ухаантай, ахмад бөхчүүдтэй алалцаж байж л хүчтэй болох юм байна гэдгээ ухаарсан. Энэ ухаарлын үр дүн одоо гарч байгаа гэж би боддог.

Өөрийн барилдаан

Ахлах ангид ороод би 66 кг-ын жинд орсон. Одоо ч энж жиндээ барилдаж байна. 2014 онд би ахлах ангийнхны хоёр улсын аваргад түрүүллээ. 73, 66 кг-ийн жинд. Гэхдээ 73-д хүнд байсан тул 66 кг-даа үлдэхээр шийдэж, Нанкиний өсвөрийн олимпод очоод бас түрүүлсэн юм. Энэ үеэс би өрсөлдөгч юу хийсэн хамаагүй, хэн ч байсан өөрийн барилдаанаа хийхээр хичээж эхэлсэн. Барилдааны эхнээс л өөрийн барилдаанаа өрсөлдөгчдөө шахан тулгаж явсаар ялалтад хүрсэн. Өөртөө итгэлтэй байж л өндөр амжилтад хүрнэ.

Насанд хүрэгчдийн жүдо

Ахлах ангид байхдаа би томчуудтай барилдаж үзэхээр шийдэн, Кодоканы цомын тэмцээнд орлоо. Гэтэл түрүүлээд Токиогийн “Их дуулга”-д барилдах Японы шигшээ багт багтчихдаг байгаа. Ахлах ангидаа шигшээд орж барилдана гэж бодож ч байгаагүй. Харин би 17 настайдаа “Их дуулга”-д түрүүлээд зогсч байсан юм. Магадгүй ингээд хэт өөртөө итгэлтэй болсон байх. 2015 онд нь энэ тэмцээний сонгон шалгаруултад унаж орхилоо. Алхам ухарч, алдаа оноогоо тунгаах цаг. Гэхдээ би стресстэж, сандраагүй, энэ ялагдлаасаа ямар сургамж авч, яаж улам хүчтэй болох вэ л гэж бодож байсан. Тэр үед надад итгэж, тусалж дэмжиж ирсэн хүмүүст бүгдэд нь баярлалаа. Сургуулийн захирал, багш дасгалжуулагч гээд та бүхний ачаар би давж гарсан билээ.

“Рио-2016” олимпийн наадам

2016 онд сургуулиа төгсөөд Токиогийн Спортын коллежид орлоо. Насанд хүрсэн жүдо бөхийн шинэ амьдралаа тэнд эхлэхэд илүү дээр байх гэж би бодсон юм. Токиог огт мэдэхгүй ч бэлтгэл сургуулиа хийж, дэлхийн шилдэг болох хүсэлтэй жүдоч. Дөрөвдүгээр сард нь Японы АШТ-д орж түрүүллээ. Хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга  Масаши Эбинүмаг ялсан. Яг тэр үед намайг “Рио-2016” олимпод авч явах ёстой гэсэн яриа гарсан. Би ч энэ талаар сонссон. Гэхдээ энэ бол зөвхөн ганц ялалт, өмнө нь би 2015 оны Кодоканд ялагдаж байснаа мэдэж байсан тул Эбинүмаг ялсан ч Риод очих боломж маш бага гэдгийг ойлгож байсан юм.  За яахав. Харин одоо бол Риод очиж чадаагүйдээ харамсдаг. Тийм болохоор 2020 оны олимпод оролцож, 2016 оны алдсан олимпоо үүрд мартахын төлөө хичээх хэрэгтэй байна. Би Риод оролцоогүй ч шигшээ багт дуудагдан, Токио, Парисийн “Их дуулга”, дөрөвдүгээр сард нь Бүх Японы аварга боллоо. Ахлах ангид байхад нэг юм дутагдаад байсан бол энэ нэг жилд би маш үр дүнтэй ажиллаж чаджээ.

Би шигшээ багийнхаа нэг номер болж, бүгд надаас ялалт хүлээн, надад найдаж байгаа нь ойлгомжтой. Дарамт л гэсэн үг. Гэхдээ энэ дарамт бол гуравдугаар ангидаа ялж чадахгүй байхад учирч байсан дарамттай л адил. Харин энэ дарамтыг эерэгээр ашиглах хэрэгтэй.

Дүү охин минь вундеркинд

Дүү минь 2015 оноос насанд хүрэгчдэд барилдаж, тэр дороо л амжилт гаргаж эхэлсэн. Түүнийг ялж байгааг хараад баярлахын зэрэгцээ би ч хичээхгүй бол болохгүй гэсэн сэтгэл төрж, хурцлагддаг. ДАШТ-д бид хамтдаа явах болно. Бид нэг зорилготой. Тэр бол “Токио-2020” олимп. Хүн болгон биднийг ялахыг хүлээж байгаа болохоор бид ч хичээх ёстой.

Ирээдүйн төлөвлөгөө

Одоогийн зорилго бол ДАШТ. Нэг ч алхам ухралгүй барилдаж түрүүлэх болно. Холын зорилго гэвэл мэдээж Токиогийн олимп. Энэ бол өөрийгөө бүрэн зориулах том зорилго юм. Мэдээж Токиогийн “Их дуулга”-д ч түрүүлэх хүсэлтэй байгаа ч “Их дуулга” бол “Их дуулга” л шүү дээ. Гол зорилго болсон олимпийн наадамдаа энэ хэдэн жилээ зориулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Абе Хифүми: Дүү бид хоёрын гол зорилго бол “Токио-2020” олимп  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй