Шууд Chart

А.В.Александровын нэрэмжит чуулгынхан Халхын голын 80 жилийн ойн баяр дээр баяр нэмлээ

2019-08-28 11:29:47

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр удаагийн улаан тугийн одонт А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Урлагийн олон төрөл, жанрын гайхалтай хоршлыг үзүүлдэг тэднийг Оросын болоод дэлхийн хосгүй уран бүтээлч гэлтэй.

Чуулга нь үүсэн байгуулагдсанаас хойш бүхий л хугацаандаа чухал албан ёсны арга хэмжээ болон төрийн өндөр албан тушаалтны оролцсон дээд түвшний ёслолын ажиллагаанд оролцсоор ирсэн.

Тэр утгаараа энэ жил Монгол ОХУ-ын түүхт Халхын голын 80 жилийн ойн арга хэмжээний баяр дээр баяр нэмэхээр иржээ.

Тэд орчин үеийн Орос Улсад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, ОХУ-ын ерөнхийлөгчийн хүлээн авалт, Оросын өндөр дээд түвшний албан ёсны уулзалт болон Батлан хамгаалахын сайдын гадны цэргийн зочдод зориулсан хүлээн авалтад оролцдог байна.      

А.В.Александровын нэрэмжит чуулга нь жил бүр Эх орончдын өдөр, Ялалтын баяр, Оросын өдөр зэрэг ОХУ-ын үндэсний томоохон баяр наадмаар Улаан талбай болон Кремьлд зохион байгуулагддаг төрийн удирдлагууд оролцсон концертуудад тоглодог аж.

1928 оны аравдугаар сарын 12-нд Улаан армийн Соёлын ордонд  эрэгтэй найрал дуучид, хос бүжигчид, баян хуурч болон уран уншигч зэрэг 12 уран бүтээлч оролцсон анхны тоглолт нь хийгдсэн бөгөөд энэ нь чуулгын үүсгэн байгуулагдсан өдөрт тооцогддог юм байна.

Чуулгын зохион багуулагч болон анхны хөгжмийн удирдаач нь найрал дууны агуу удирдаач, хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, Москвагийн консерваторын профессор, ЗХУ-ын ардын жүжигчин, ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн “орчин цагийн Орос болон ЗХУ-ын төрийн дуулал болон “Священная война” дууны  хөгжмийн зохиолч хошууч-генерал Александр Васильевич Александр юм.

Тэрээр нэгдүгээр зэргийн эрэгтэй найрал дуу, оркестр болон бүжгийн хамтлаг бүхий хөгжим бүжгийн том хамт олныг бий болгохыг зорьж байжээ. Тэр нь ч хожим биелж дэлхийн хаана ч байхгүй урлагийн бие даасан шинэ төрлийг бий болгожээ.

Чуулга нь 1935 онд Улаан тугийн одонгоор шагнагдаж, тус хамт олон “ЗХУ-ын улаан армийн улаан тугийн одонт дуу бүжгийн чуулга” гэж нэрлэгдэх болсон байна. Тухайн үед бүрэлдэхүүн нь 135 хүнээс бүрдэж байв.

1937 онд тус хамт олон анхны гадаад аялан тоглолтоо Парист болсон бүх дэлхийн техник болон урлагийн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан. Хавьгүй илүү амжилтыг ч үзүүлсэн гэдэг. Францад 15 концерт хийснээс 13 нь Парис хотод болсон нь жинхэнэ дээд амжилт байжээ. Гайхалтай үзүүлбэр үзүүлсэн уг чуулгын хамт олон гранд при шагнал ч гардаж байж.  

Аугаа эх орны дайны үед Улаан тугийн одонт чуулга 1400 гаруй удаагийн концерт тоглосноос 742 нь тэргүүн эгнээний дайчдад толилуулсан байдаг. Булаан эзлэгчдийг ялхад чуулгын өгсөн сэтгэлийн дэмийг үнэлж баршгүй. Дайны эхний өдрүүдэд В.Лебедевагийн Кумача шүлэгт зориулж А.В.Александров хөгжим бичсэнээр ЗХУ-ын маршал Г.К.Жуковын «мөнхийн» гэж нэрлэсэн “Священная война” хэмээх дуу бүтсэн. Улаан армийн дайчид Белорусский галт тэрэгний буудлаас фронт руу явж байхад А.В.Александров энэхүү дуугаа анх удаагаа толилуулж өөрөө удирдаж байжээ.

1944 оны эхний өдрийн шөнө А.В.Александровын удирдлага дор ЗХУ-ын Улаан тугийн одонт улаан армийн дуу бүжгийн чуулга ЗХУ-ын шинэ Төрийн дууллыг (хөгжим А.В.Александров, үг С.В.Михалков болон Г.Эль-Регистан) улс орон даяр сонсогддог Бүх холбоотны радиогийн эфирт тоглож шууд дамжуулалт хийсэн гэдэг.

А.В.Александров нь чуулгыг нийт 18 жилийн турш удирдсан. 1946 онд эцгийнхээ үйл хэргийг хөгжмийн зохиолч, удирдаач Б.А.Александров үргэлжлүүлсэн. Тэрээр 1987 оны хоёрдугаар сар хүртэл энэ албан тушаалыг хашсан ба түүний хүчээр Ансанблийг «байлдааны уриа дууны эскадр» хэмээн нэрлэсэн. 1946 оны зургаадугаар сарын 10-нд хамт олонд түүний үүсгэн байгуулагчийн нэрийг хайралсан. 1949 оны хоёрдугаар сарын 7-нд Ансамбль дахин Улаан Тугийн одонгоор шагнагдсанаар «ЗХУ-ын хоёр удаагийн Улаантугийн одонт А.В.Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулга» хэмээн нэрлэгдэх болсон байна.

1979 онд хамт олон дээд мэргэжлийн шалгуурт хүрч – “Эрдмийн” хэмээх нэр хүндтэй цолыг авсан.

1961 онд шилдэг хуурцаг төрөлд Францын дуу бичлэгийн академийн «Алтан диск», 1964 онд францын дуу бичлэгийн “Ле чант ду монд”(Дэлхийн дуу) фирмийн «Алтан диск» шагналыг олон удаа хувилагдсан хуурцагны төрөлд, 1974 Голландын «H.O.K» фирмийн “алтан диск” шагналыг мөн олон удаа хувилагдсан дуу төрөлд, 1949 онд  бүжгийн хамтлаг Будапештед болсон бүх дэлхийн оюутан залуучуудын хөгжмийн наадмаас «Гранд При» шагнал, 1973 эмэгтэй бүжгийн хамтлаг зөвлөлтийн залуучуудын дуу хөгжмийн наадамд “Бүжгэнд урьж байна” уран бүтээлээрээ бүх холбоотны лаурет цол зэргийг тус тус хүртэж байжээ.

Чуулгад зориулж В.Соловьев В.Соловьев-Седой, М.Фрадкин, А.Новиков, И.Дунаевский, М.Блантер, Дм. И Д.Покрассы, А. Долуханян, Б.Мокроусов, Т.Хренников, А.Пахмутова болон бусад зөвлөлтийн болон оросын алдартай хөгжмийн зохиолчид дуу бичиж байжээ.

Хамт олны алдар нэр дэлхий даяар түгэж, чуулга аялан тоглолтоороо Европ, Ази, Хойд болон Өмнөд Америк, Африк тивүүдийн 70 гаруй оронд зочилж байжээ. Чуулгын үзүүлбэрүүд тоглосон бүх газраа бахдам амжилтыг дагуулсан.

2004 онд Ватиканд, 2007 онд НАТО-ийн төв байрт, 2009 онд “Евровидение-2009” тэмцээний нээлтэнд, 2010 онд Эзэн хааны Альберт-холл танхимд, 2013 онд Сан-Ремо-д болсон дууны наадамд, 2014 онд Венесеул, Никарагуа, Куб улсад тоглосон нь тус чуулгын хамгийн онцлог аялан тоглолт байлаа.

БНХАУ-д хийдэг аялан тоглолт нь үргэлж онцлог байсаар ирсэн. Учир нь Хятадын ард түмэн А.В.Александровын нэрэмжит чуулгын уран бүтээлд болон оросын дуунд дуртай байдаг билээ.

Александровын чуулгын найрал дуу нь дэлхийн шилдэг найрал дууны нэгээр тэмдэглэгдсэн юм. Найрал дууны жигдрэл, академик хоолойн тод сэтгэл хөдөлгөсөн цэвэр дуугаралт нь ардын уран бүтээлийн онцлогийг харуулж өндөр чадамжийг илэрхийлж байдаг.

Чуулгын бүжгийн хамт олон тайзан дээр өөрийн зоримог дүрэлзсэн үзүүлбэрүүдээрээ александровчуудын бүжгийн урлагийг өндөрт нэр хүндтэйгээр авч явж байна. Найрал дуучид болон бүжгийн хамтлагийн амжилт нь өөрийн оркестрийн уран яруу аялгуунаас ихээхэн хамаардаг. Оркесторт оросын үндэсний хөгжмийн зэмсгүүд болох домр, балалайк, баян хуур болон бусад мод, зэсэн хөгжмийн зэмсгүүд багтдаг.

Чуулгын урын санд хоёр мянгаас их уран бүтээл байдаг байна. Эдгээр нь зөвлөлтийн, оросын болон гадны зохиолчдын зохиосон дуунууд, дэлхийн ард түмний дуу бүжиг, цэргийн бүжиг, гадны болон орос зохиолчдын классик уран бүтээлүүд, дэлхийн рок поп хөгжимийн уран бүтээлүүд зэрэг юм.

Чуулгын үзүүлбэр толилуулах боломж нь хязгааргүй бөгөөд дуучид эстрадын, ардын, дуурийн зэрэг маш олон төрлийн дуу дуулах чадвартай. Гоцлоочид дотор оросын улсын консерватор болон хөгжмийн академийг төгсөгчид байдаг. Бүтээлүүд нь испани, хятад, энэтхэг, түрк болон бусад дэлхийн олон орны хэлээр тоглогддог. Учир нь айлчлалаар очсон газар бүртээ тухайн орны төрийн дуулал болон ардын зарим дууг тухайн орны хэлээр дуулдаг.

2018 оны аравдугаар сард дээрх чуулга үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиожээ. Энэ арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд гол арга хэмжээ нь Оросын Большой театр болсон. Түүнчлэн 2018-2019 оны хооронд Москва, Санкт-Петербург болон Оросын бусад олон хотод, түүнчлэн Польш, Израйл, Турк, Франц, Швейцар, Бельги, Итали, Чех, Словак, Унгар зэрэг оронд аялан тоглолт хийсэн.

Өөрийн алдар цуут түүхийн хугацаанд тус чуулга сая сая дайчдын зүрхийг огшоож, олон арван жил цуглуулсан ёс заншилд тулгуурлан өөрийн чадвар чадамжаар дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Дэлхийн өнцөг булан бүрт Чуулгын хамт олонтой дахин уулзахыг хүссэн шүтэн бишрэгчид олон байдаг.

Тоглолтыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай тохиролцож, ахмад дайчдаа алдаршуулах, Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сумын төв болгон хөгжүүлэх, баримтат болон уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээх, урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөн, эхнээсээ хэрэгжүүлж байна” хэмээгээд “Өнөөдөр энэ танхимд цугласан Халхын голын байлдаанд оролцож, эх орон газар нутгынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун насаа зориулсан дайчид болон тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд энэхүү түүхт ойн халуун баярын мэндийг хүргэе” гэв.

Ойн хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт болно.  

Мөн “Алдар” спорт хорооноос Хүй долоо хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халхын голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан байна.

Тоглолтын төсгөлд А.В.Александровын нэрэмжит, Улаан тугийн хоёр удаагийн одонт дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга бөгөөд уран сайхны удирдагч Г.К. Саченюкоос цөөн асуултанд тодруулга авсан юм.

Г.К. Саченюк: Манай чуулга 350 уран бүтээлчтэй

 -Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тоглолтын агуулгын талаар уншигчдад сонирхуулна уу?

-Баярлалаа. Манай чуулга 350 уран бүтээлчтэй. Өнөөдөр энэ тайзан дээр 120 нь дуулж, хөгжимдөж, бүжиглэлээ. Сэдэв нь эх орон, дайны жилүүд болон ялалтын тухай, уур амьсгал баярынх байсныг та сая харсан байх. “Полюшко”, “Священная война”, “Соловьи”, “Ехал я из Берлина” гэх зэрэг айлчилж очсон орон бүртээ дуулдаг цэрэг эх орны сэдэвтэй сонгодог дуунуудаа хүргэлээ. Мөн Орос ардын дуу сонирхуулж, бүжгэн зохиомж үзүүлсэнд үзэгчид сайхан хүлээж авлаа. Танай улсын төрийн дуулалыг дуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан. 

-Танай чуулгын онцлог юу вэ?

-Манай хамт олон бол дэлхийд Орос орны бахархал, оросуудын ардын урлагтаа тулгуурлан бий болгосон урлагийн олон тал, Консерваторийн боловсролд суурилуулан бүтээсэн сонгодог урлаг, хөгжмийн зохиолчдын дэг сургуулийн ололт гэх зэрэг олон үнэт зүйлийг агуулж байдаг. Оросын хөгжмийн урлагийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг цогцлоодог. Эрэгтэй найрал, симфони найрал хөгжмийн үлээвэр хэсгүүдийг орос ардын хөгжмийн эрдмийн найралтай хослуулсан оркестр дэлхийд ганцхан манайх. Бүжгийн багшаар Оросын гавьяат жүжигчин Сергей Плотников, ерөнхий удирдаачаар Оросын гавьяат жүжигчин Николай Кириллов нар ажиллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.В.Александровын нэрэмжит чуулгынхан Халхын голын 80 жилийн ойн баяр дээр баяр нэмлээ   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-29 12:51
үнэхээр гайхамшиг гэж үүнийг хэлэх байхаа. Орос орон монгол улс байгаа цагт энэ дэлхийд хэзээч ганцаардахгүй .
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 13:47
гайхамшигтай

Бидэнтэй нэгдээрэй