Шууд Chart

Халхын голд хилчид улсынхаа дархан хил, газар шорооны төлөө зургаан жил тэмцсэн

2019-08-30 17:17:00

"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал өнөөдөр “MNB эвент холл”-д болсон. Тус хэвлэлийн хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, "Халхын голд байгуулсан гавьяа” төслийг санаачлагч, Ерөнхий продюсер Л.Нинжжамц, “Халхын голд байгуулсан гавьяа” төслийн Гадаад харилцаа хариуцсан продюсер  Д.Цэцэгдэлгэр, продюсер Д.Ганчимэг, гүйцэтгэх продюсер О.Отгонжаргал, найруулагч Н.Чингис, редактор А.Ариунбаатар, ХХЕГ-ын зөвлөх, хурандаа, төслийн зургийн дарга, хилийн зөвлөх Д.Баасанжаргал, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар нар оролцлоо.

Дээрх кино төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоногийн зураг авалт хийсэн. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдэж байна.

Хэвлэлийн хурлын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, "Халхын голд байгуулсан гавьяа” төслийг санаачлагч, Ерөнхий продюсер Л.Нинжжамц “Кино төслийн хүрээнд МҮОНРТ болон “Звезда” телевиз телевизийн уран бүтээлч, инженер техникийн ажилтнууд бүтэн жилийн турш Монгол, ОХУ-ын архиваас баримт материалаа цуглуулсан. Өмнө нь кино болон баримтат бүтээлд дурдагдаж байгаагүй баримт ч орсон байгаа. Мөн Халхын голын байлдаан яг хэзээ хэрхэн өрнөсөн тухай баримтыг түүхчид, судлаачидтай хамтран бэлтгэсэн. "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино МҮОНРТ-ийн нэг, хоёрдугаар сувгаар үзэгчдэд хүрнэ. Мөн үзэгч олныг есдүгээр сарын 2-ны даваа гарагт 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборт болох киноны нээлтэд урьж байна. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын өдрүүдээр монголчууд, үзэгчид өвөг дээдсээ Халхын голд ямар баатарлаг гавьяа байгуулсныг үзэж харах болно” гэлээ.

Мөн Гадаад харилцаа хариуцсан продюсер Д.Цэцэгдэлгэр “ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах санал тавихад “Звезда” телевизийн удирдлага таатай хүлээн авсан юм. Тухайн үеэс энэ төслийн ажил эхэлсэн. Түүнчлэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат нар өнгөрсөн тавдугаар сарын 9-нд буюу Аугаа их ялалтын 74 жилийн ойн баярын ОХУ-ын нийслэл Москва хотноо хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй албан ёсны гэрээ хийж, баталгаажуулсан. Энэ төсөлд МҮОНРТ-ийг төлөөлж 35 уран бүтээлч оролцсон бол ОХУ-ын Зэвсэгт хүчний “Звезда” телевизээс 39 хүн ажилласан. Тухайлбал, Монголын талаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсероор ажилласан бөгөөд продюсероор Д.Ганчимэг, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон” гэлээ.

Дараагаар нь ХХЕГ-ын зөвлөх, хурандаа, "Халхын голд байгуулсан гавьяа” төслийн зургийн дарга, хилийн зөвлөх Д.Баасанжаргал "Түүхчид Халх голд хэдэн өдрийн байлдаан болсон талаар маргаантай байдаг. Тэгвэл Халхын голд хилчид 1933-1939 онд улсынхаа дархан хил, газар шорооны төлөө зургаан жил тэмцэж байсан. Тэрхүү гавьяаг тодруулж, мөнхжүүлэхийн төлөө энэхүү киног бүтээж буй тул манай байгууллага дэмжсэн" гэсэн юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Халхын голд хилчид улсынхаа дархан хил, газар шорооны төлөө зургаан жил тэмцсэн  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй