Шууд Chart

“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум эхэллээ

2019-09-01 10:00:02

Монголын үндэснй олон нийтийн радиогийн 85 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд үүнд зориулсан “Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Тус үйл ажиллагааг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нээж үг хэлсэн юм.

 Үүнд БНХАУ, ОХУ, БНТУ, Япон зэрэг орны радио телевизийн төлөөлөл болсон 10 гаруй зочин оролцож, тоон системд шилжсэн болон шилжиж буй үеийн тулгамддаг асуудал, түүнийг гэтлэн давах гарц гаргалгааны талаар илтгэл тавин хэлэлцүүлж байна.

Энэ өдрийн хүндэт зочноор “Чайна Медиа” групп, “CCTV”-ын орлогч захирал Юань Жэнмин , Ази, Африкийн хэлний  газрын дарга Ань Шяоюй,  ОХУ-ын Буриадын радиогийн захирал Дымчикова Жанна, Халимагийн Радио, телевизийн ерөнхий редактор Надбитова Тамара Тюндяевна, Туркийн Радиогийн орлогч дарга Лютфи Килинч, Япон Улсад суугаа соёлын элч Каваүчи Широ нар оролцож байна.  

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд баримтлах бодлого, тоон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Монгол Улс 2010 онд батлан гаргасан.

Энэ хүрээнд Монголын радиогийн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоон системээр дамжуулах боломж бүрдүүлэх, өнөөгийн нөхцөлд радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжид  тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, техник технологийн шийдлийг боловсруулах зайлшгүй шаардлага гарсан.

Нөгөө талаар радио нь нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, иргэний нийгмийн институцийг хөгжүүлэхэд  нөлөөлдөг  олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болохын хувьд сонсогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр бэлтгэн явуулахад  радио нэвтрүүлгийн шуурхай байдал, найдвартай ажиллагааг хангасан техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум эхэллээ  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй