Шууд Chart

Хэзээ ч мартаж үл болох 1939 он...

2019-09-03 07:55:29

Халхын голын дайнд Монгол Оросын дайчид ялалт байгуулсны 80 жилийн түүхэн ойг Орос, Монголын ард түмэн энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотуудыг эвдлэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл хэмээн зарим судлаачдын үздэг 1939 оны Халхын голын дайнд агаарын болон хуурай замын өргөн талбарт, Ази-Номхон далайг дайнч бодлогоороо ноёлсон, тухайн үедээ шилдэг зэвсэглэл бүхий Японы милитарист хүчнийг сөрөн зогссон хүнд бэрх тулалдаануудыг Монголын зэвсэгт хүчин анх удаа моторжуулсан хуягт анги нэгтгэл ашиглан хийсэн байдаг. Энэхүү түүхэн өдрүүдтэй холбоотойгоор судлаачдын бичсэн судалгааны материал, гаргасан зарим тоо баримт, түүхийн ховор гэрэл зургуудаас уншигч та бүхэндээ хүргэж байна.

Баримт I: ЗХУ-БНМАУ-ын засгийн газрууд хоорондын 1936 оны гуравдугаар сарын 12-ны “Харилцан туслалцах гэрээ”-ний дагуу Зөвлөлт Холбоот Улс нь Бүгд Найрамдах Монгол Улсын газар нутгийг гадаадын цэргийн түрэмгийллээс өөрийн газар нутаг мэт хамгаалж байх үүргийг хүлээсэн байсан юм. Энэ зорилгоор Монгол Улсад Зөвлөлтийн армийн 57-р онцгой корпус (12,5 мянган хүн, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоц) байрлаж байжээ. Халхын голын мөргөлдөөн эхлэх үед Монголд 100-р нисэх бригад (70 нисэх сөнөөх онгоц, 150 онгоц) удалгүй Байгалийн цаадах цэргийн тойргоос 23-р нисэх бригад (38/22) -ыг шилжүүлэн байрлуулсан байдаг.

Баримт II: Япон улс нь 1920-иод оны дундаас  Дорнод Ази дахь улс төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг тодорхойлж, ОХУ-ын Алс дорнод, Зүүн хойд Хятад, Монгол Улсыг эзлэх дайны төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байдаг. Хожим түүхэнд Танакагийн меморандум /1927/ хэмээн тэмдэглэгдсэн Манжуур, Монголын асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэхийг хүлээн зөвшөөрсөн Ази, түүний дотор БНМАУ-ын эсрэг Японы зүгээс цэрэг стратегийн түрэмгийлэл хийх хөтөлбөр энэ үед боловсруулагдсан хэмээн эрдэмтэн түүхчид үздэг.

Японы эзлэн түрэмгийлэгчдийн төлөвлөгөө

Баримт III: Цагийн байдал хурцдаж эхэлсэн 1928 онд Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор Дорнод хилийг ардын цэргийн хүчээр хамгаалуулах болсон болжээ. Энэ үед Японы түрэмгийлэгчид Зүүн хойд Хятадыг эзлэн авч улмаар Монгол Улсын эсрэг өдөөн хатгалгаа улам идэвхжүүлж эхэлсэн байна. Японы талаас Монгол Улсын нутаг дэвсгэрт халдах бэлтгэлийг хангах зорилгоор манай хилийн ойролцоо онгоцны буудал, төмөр зам байгуулах, цэргийн хүчийг бөөгнөрүүлэх, өдөөн хатгах зорилгоор зэвсэглэсэн этгээдүүд хил зөрчих, хилийн харуул манаатай буудалцах, сөрөг ухуулга, цуурхал тараах, хил орчмын нутагт тагнуул хийх ажиллагаагаа  эрс эрчимжүүлж эхэлсэн юм.

Баримт IV: 1930 оны оны дунд үе байна. Тухайлбал, 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн чиглэлээр зэвсэглэсэн хил зөрчигчид хил нэвтрэн ирж, хилийн манаагаа эргэхээр явж байсан 6-р дивизийн 16-р морьт хорооны штабын дарга Д.Дондов нарын 5 дайчидтай тулгаран буудалцсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Д.Дондог, Г.Янжив нар амь эрсэдсэн бөгөөд уг тулгаралт болсон газраас Японы цэргийн гурван албан хаагчдын цогцос олдсон нь манай нутагт устгагдсан Япон цэргүүдийн анхдагч нь болжээ.

Халхын сүмийн чиглэлд болсон өдөөн хатгалга, тулгаралтын асуудлаар БНМАУ, Манжгогийн хооронд мөн онд Засгийн газар хоорондын бага хурлыг хийж, хилийн асуудлыг шийдвэрлэж байх үүрэг бүхий хамтарсан хилийн комиссыг байгуулах асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүйгээс хэлэлцээр зогссон байна.  Энэхүү хэлэлцээр тасалдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 1935 оны арваннэгдүгээр сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ.  1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.

Тухайлбал, 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Булан дэрсний Цагаан ухаагийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Ш.Гонгор ахлагчтай 3 хүнтэй манаа руу хил нэвтрэн ирсэн дайсны зэвсэгт бүлэг давуу хүчээр довтолжээ.

Монголын морьт цэргүүд...

Баримт V: 1938 оны сүүлчээр МАХЦ-ийн нисэх хүчин нь Р-5Ш загварын 39, сургалтын Р-5 таван онгоцтой байв. Гэхдээ 27-хон нисгэгчтэй байжээ. Матадад хоёр хороо нь байрлаж байсан. 100 дугаар агаарын холимог бригадын захирагч нь хурандаа Калиничев, тус бригадыг “57 оК-ын нисэх хүчин”, “нөхөр Фекленкогийн нисэх хүчин” гэх зэргээр нэрлэж байжээ, 38 онгоцтой үүнээс 14 И-15, 24 И-16 Тамсагбулагт байрлаж байв. тавдугаар сарын 20-ны байдлаар зөвхөн 13 онгоц л техникийн бэлэн байдалтай, нисгэгч нар залуу туршлагагүй байв. тавдугаар сарын 27-ны байдлаар 29 СБ бөмбөгдөгч, 17 Р-5 хөнгөн бөмбөгдөгч онгоцтой байв. Хороог СБ онгоцоор шинэчлэн сольж байсан бөгөөд 6 дугаар сард л дуусаж, 57 онгоцтой болсон. Хороо нь Баянтүмэнийг тойроод хэд хэдэн нисэх буудалд байрлаж байсан.

Японы И-97 буюу Ки-27 загварын сөнөөгч нь хурд, маневр сайтай харьцангуй орчин үеийн онгоц бөгөөд онгоцны бүхээгийн хэсгийг хуяглаагүй, зэвсэглэлийг 7.69 мм-ийн хоёрхон пулемётоор хязгаарласан. Хурдаар И-16-аас бага зэрэг илүү байв. Сөнөөгч онгоц нь радио хүлээн авагчаар тоноглогдсон, даргалах бүрэлдэхүүний онгоц нь дамжуулагчтай, энэ нь агаарт харилцан ажиллагааг хангах боломж олгосон. Харин зөвлөлтийн онгоцнууд радио холбоогүй байв. Ки-97 нь далавчин дороо шатахууны нэмэлт сав бэхлэн явах боломжтой. Ингэснээр алсын нислэгийн зай нь зөвлөлтийн СБ бөмбөгдөгчөөс хүртэл давж байв. Мөн бөмбөг зөөвөрлөх бэхэлгээтэй байжээ.

1939 оны Халхын голын тулаанд Квантуны армийн зэвсэглэлд байсан "Nakadzima" сөнөөгч онгоц

Дайны талбарт сөнөөгдсөн японы нисэх онгоцны үлдэгдэл...

Халхын голын тулааны үеийн агаарын домогт  "И-16" сөнөөгч онгоц

Зургийн баруун гар талаас: Хошууч Сергей Иванович Грицевец (1909—1939), 1-р зэргийн инженер Иван Андревич Прачик, 22-р нисэх сумангийн захирагч Григорий Пантелеевич Кравченко (1912—1943), П.М. Коробов, Александр Иванович Смирнов (1920—2009) нар

Халхын голын байлдаанд оролцож байсан япон нисэгчид...

1939 оны тавдугаар сарын 23-нд нисэхийн шинэ хороо Баянтүмэнд хүрэлцэн ирснээр түүний 64 онгоц техникийн хувьд хангалттай байсан боловч нисгэгчид нь туршлагагүй байв.

Тавдугаар сарын 28-нд Фекленко Москвад манай онгоцнууд газрын ангиудыг халхалж чадахгүй, япончууд агаарт ноёлж байна хэмээн илтгэж байв. Мөргөлдөөний эхэн үед СБ онгоцыг алсын тагнуулд ашиглаж байсан бөгөөд Р-5-той харьцуулахад найдвартай боловч нисгэгчид нь дайсны цэргийн бүтэц, зохион байгуулалтыг мэдэхгүйгээс ажигласан үйлсэд нь ямар нэгэн үнэлэлт өгч, дүгнэлт хийх бололцоогүй байв. Онгоц хурдтай нисдэгээс газарт ажигласан зүйлийг баримжаалах боломжгүй байв. Иймд 6 дугаар сарын 16-нд төвөөс АФА-13 хэмээх агаараас гэрэл зураг авдаг аппаратыг авчирч онгоцонд суурилуулжээ. зургаадугаар сарын 21-ний байдлаар зөвлөлтийн тал 301 онгоц, түүний дотор 151 сөнөөгч, Японы тал 126 онгоц түүний дотор 74 сөнөөгч онгоцтой байжээ. 

Хамар даваан дахь 1 дүгээр армийн бүлгийн штабын байрлалд нисэгчид тушаал хүлээх зуур...

Зөвлөлтийн тал Халхын голын байлдаанд тавдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 15-ныг дуустал 252 онгоцоо алдсанаас 43 нь техникийн ослоос болжээ. Гэхдээ энэхүү тоонд тулалдааны явцад болон дараа нь засвар авах боломжгүйгээс хассан онгоцууд орохгүй байгаа юм. Гол төлөв сөнөөгч 436 онгоцыг засварт явуулсан. Зөвлөлтийн нисэх хүчнээс 174 хүн алагдсанаас 88 нь агаарт алагдсан, 113 хүн шархадсан. Японы бөмбөгдөгч онгоцтой харьцуулахад зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд илүү идэвхтэй байв, тэд 2015 нислэг үйлдсэнээс 74 хувийг дайсны байрлалыг бөмбөгдөхөд зориулжээ. Бөмбөгдөгч онгоцны багууд 77 нисгэгчээр хохирсон. Японы хохирол 162 онгоц, түүнээс гадна байлдаанд гэмтэл авсан 220 онгоцыг засварласан байна. Оросын түүхчид японы тал хохиролын хэмжээгээ зориудаар багасгасан гэж үздэг. 

Тулааны үеэр олзлогдсон япон нисгэгч... /1939 он/

Зөвлөлтийн офицерууд Японы бөмбөгдөгч онгоцны нисэгчдийг олзолсон нь...

Японы нисэх хүчнээс 152 хүн алагдаж, 66 шархадсан. Зөвлөлтийн хохиролд  сураггүй алга болсныг тооцдог бол Японы хохиролд тооцдоггүй аж. Тулалдааны эхний шатанд Японы тал сайн техник, сайтар бэлтгэгдсэн нисэх бүрэлдэхүүнтэй байв. Харин зөвлөлтийн тал хуучирсан техник, нисгэгчид нь туршлагагүй байв. ЗХУ шинэ онгоц, зохих ёсоор сургагдсан нисгэгчдийг ирүүлж, тэдний туршлагыг бусад нь ашигласнаар нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Тулалдааны эцсээр Японы тал хохирлоо нөхөх чадваргүй болж Ки-10, Ки-4 зэрэг давхар далавчтай хуучирсан онгоцнуудыг ашиглах болсон юм. Японы нисгэгчид ч олон удаа нисч, амрах хугацаа нь багассанаас туйлдан, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж, ялалтад тэмүүлэх зүрх зориг нь суларч иржээ хэмээн зарим эх сурвалжид бичсэн байдаг.

Баримт VI: Эхний үед Япончууд агаарт давамгайлж байсан нь тэдний онгоцнууд багахан өндрөөс хамгаалалтын бэхэлгээ байгууламжуудыг бөмбөгдөж орос, Монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан байна. Иймээс зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны тавдугаар сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй ИЛ-16 онгоцнууд ирснээр Халхын гол дээрх фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Халхын голын дайны үеэр Японы нийт 660 сөнөөх нисэх онгоцнуудыг устгасан ажээ. 

1939 оны тавдугаар сарын 28, 29-нд Зөвлөлт-Монголын хамтарсан 1-р армийн бүлэг Халхын голын дайны хамгийн анхны том давшилтад орсон байна. Энэ тулаанд амжилт олж дайсныг эзлэн авсан байсан байрлалаас нь хөөн ухраажээ.

1939 оны долоодугаар сарын 02-нд Японы Квантуны 23-р явган цэргийн арми давшилтад орж Халхын голыг гаталж Халхын гол орчмын стратегийн чухал өндөрлөг болох Баянцагааны толгойг эзлэн авсан байна. Энэ нь Зөвлөлт-Монголын армийн зүүн жигүүрийг бүсэлж бүх хангамжийг нь таслаж устгах аюулыг бий болгосон байв. Энэ нөхцөлд Г.К. Жуков 110 дугаар танкийн армийг энэ хэсэгт хаяж шийдвэртэй дайралтаар япончуудыг бут ниргэж Халхын гол давуулан хөөсөн байна.

Халхын голын дайны талбарт довтолгоонд орж буй Квантуны армийн танкууд

1939 оны наймдугаар сарын 20-нд Халхын голын дайны шийдвэрлэх давшилт эхэлсэн юм. Наймдугаар сарын 22-нд Зөвлөлт-Монголын хамтран армиуд Японы Квантуны армийг хоёр талаас нь цохиж бүсэлсэн байсан билээ. 

1939 оны наймдугаар сарын 31-нд Зөвлөлт-Монголын хамтарсан армиуд БНМАУ-д халдсан японы армийг бүрэн бут цохисон юм.

1939 оны есдүгээр сарын 17-нд  ЗХУ Япон улсууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж байлдааны ажиллагааг зогсоосон юм.

Баримт VII: Халхын голын байлдаанд Квантуны армийн 75, 736 дугаар армийн дайчид оролцож, 8629 нь үрэгдэж, 9087 нь шархадсан гэж 1985 онд Японы тал бичиж байв. Харин 2009 онд “Харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон энэ дайнд хоёр талаас 200 000-гаад цэрэг, их буу 500 гаруй, нисэх онгоц 900 гаруй, танк, хуягт тэрэг хэдэн мянгаараа оролцож, 60000 гаруй хүн үхэж, шархджээ гэж бичсэн байдаг. Японы түүхчид энэ дайныг “Японы хуурай замын цэргийн түүхэн дэх хамгийн том ялагдал” гэж нэрлэжээ. 18000 хүнээ алуулж, шархдуулж өвчнөөр үхүүлэн хохирсноо Японы командлал 1939 оны 10 дугаар сарын 3-нд хүлээн зөвшөөрч байв.

Зөвлөлтийн мотобригадийнхан...

Зөвлөлтийн "БТ-5" танкийн экипаж...

1939 оны наймдугаар сард Японы 6 дугаар армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй дайчид байснаас 52000-55000 цэрэг, офицер жагсаалаас гарч, 25000 гаруй хүн амь эрсджээ. “Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн …” гэж 2010 онд нийтлэлч Баабарын нэгэн нийтлэлд тэмдэглэгдсэн бол 2013 онд “…хохирлын тухай шинэ баримтаар бол зөвлөлтийн хохирол 25655 болж, дээр нь Монголын хохирол 556 хүнийг нэмбэл … хохирол японыхоос давж байгаа юм” гэж судлаач Р.Болд “Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь” номондоо бичжээ.

Монгол улсын гарамгай баатар, хурандаа Л.Дандар...

1-р армийн бүлгийн дайчдын олзлон авсан зүйлс: Их буу 190, винтов 9000 гэж хэвлэлд мэдээлсэн (хэрэг дээрээ 6184), гар буу 379, хүнд пулемёт 135, хөнгөн пулемёт 225, том калибрын пулемёт 5, нисэх онгоцны пулемёт 6, галаар шүршигч 189, миномёт 40, мортир 30, винтовын сум 2066961, гар гранат 5387, ачааны машин 79, хөнгөн машин 24, трактор 25, танк 12 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 9), хуягт машин 23 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 8), унасан нисэх онгоц 608 байв.

Эцэст нь өгүүлэхэд...

Халх голын хэрэг явдлыг дайн, байлдаан, тулгарал зэргээр юу ч гэж нэрлэсэн эцэст нь энэ бол эх орон, ард түмнээ өмгөөлсөн эрэлхэг дайчид амь хайргүй тулалдаж асан хүнд бэрх тулаанууд өрнөсөн үе байлаа. 1939 онд япончууд Манжийн нутгийг эзэлж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монгол Улстай хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан бол монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрын цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол Улсын нутаг гэж үзэж байсан юм. Япончуудад энэ л нөхцөл байдлыг шалтаг болгон хилийн будлиан, мөргөлдөөн гаргаж эхэлсэн гэдэг. Энэ нь сүүлдээ хоёр талын цэрэг зэвсэг, ашиг сонирхлын асар том зөрчилдөөнийг үүсгэснээр Халхын голд цус урсгасан ширүүн тулалдаануудыг хийхэд хүргэжээ. Эцэст нь өгүүлэхэд 1939 оны Халхын голын хэрэг явдал бол гарцаагүй зарлаагүй дайн байсан юм.

Эх орон, ард түмнийхээ төлөө халуун амиа өргөсөн баатруудын гавьяаг хэн ч, хэзээ ч мартах учиргүй билээ... 

Зөвлөлтийн минимётын батальоны дайчид Квантуны 6-р армийн байрлал руу довтлохын өмнөхөн  /1939 он/

2 дугаар зэргийн командлагч Г.М.Штерн, Монгол Ардын хувьсгалт цэргийн командлагч, маршал Х.Чойбалсан ,  1-р армийн бүлгийн командлагч Г.К.Жуков нар Хамар даваан дахь командлалын байранд

1-р армийн бүлгийн командлагч  Георгий Константинович Жуков

И. И. Федюниниский  Халхын голд /1939 онд/

Монгол Ардын хувьсгалт цэргийн дайчид тулалдаанд орохын өмнөхөн...

 

Монгол хөвгүүд ч эх орныхоо төлөө амиа ч хайрлахгүйгээр зоригтой тулалдсан юм...

ЗХУ-ын цэргүүд Халхын голд Квантуны армийн зэвсэглэлд ашиглаж асан  20 морины хүчтэйдизель хөдөлгүүр бүхий "Ха-Го"  загварын хөнгөн танкийг судлаж байгаа нь...

 

Японы цэргийн олзлогдогсод...

Гал зогсоох хэлэлцээрийн үеэр...

Дайралтанд орж буй Зөвлөлтийн цэргүүд...

Дайны талбараас олзлон авсан эд зүйлсийг бүртгэх комисс...

Хүнд бэрх тулааны өдрүүдийн дараа...


Хэзээ ч мартаж үл болох 1939 он...  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
t-1 [127.0.0.xxx] 2019-09-03 21:07
Танака меморандум гэдэг нь худлаа зохиомол зүйл байсан юм биш үү. Үзэл сурталжсан түүхээсээ уул нь салмаар юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-03 15:57
Эх орон, газар шорооныхоо төлөө эцэг өвгөд минь, зөвлөлтийн ахан дүүс нар минь амиа хайрлалгүй тулалдсаныг бид хэзээ ч мартаж болохгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-04 10:00
За манай монголын тал байлдах ямар ч сонирхолгүй байсан шүү. ЕС асан Гэндэн Амар нар эсэргүүцээд алуулсан. сталин дэлхийн дайны өмнө чадлаа сорьсон их аллага шд үхсэн. мана уулаа алдчихаад бид ялсан энэ тэр тэнэгтэхээсээ ичээч тэнэгүүдээ
l [127.0.0.xxx] 2019-09-03 11:31
nairamdah bish gal zogsooh geree geech

Бидэнтэй нэгдээрэй