Шууд Chart

Монгол Улсын төлөө зүтгэе, Монгол Улсын баатар Лодонгийн Дандар

2019-09-03 10:30:44

Тэнгэр нураад ирсэн тэртээ 1914 он билээ... Тулгар биетэй хөөрхий эмэгтэй Аюуш уйлан хайлан эх нутгаа орхиж, аймаг хошуу дамжин нүүж явлаа. Арван гурван Алтайн арслан барс шиг уулс хамгийн гунигтайгаар исгэрэх салхинд улам ч хуучирч, Бодончийн хавцлын цавчим ирмэгүүд хүний зовлонд элэгдэж, бас ирлэгдэж байв. Хомхой манж түшмэл, зальхай хятад данжаадуудын дарлал мөлжлөгийг үл тэсэн алдарт Цэцэг нуурын хөвгүүд Алдаржавын Аюушийн араас даган босоод баригдан тарчилж, есөн эрүү шүүлтэнд тарчилж байхад Засагт хан аймгийн Дархан бээлийн хошуунаас ийм уйтай нүүдэл Халхын төв рүү тэмцэж явлаа. Тулгар биетэй Аюуш бүсгүйн зүрх сэтгэл урагдаж, төрүүлсэн эцэг, өвөг эцэг хоёроо заналт дайсны бузар саварт алдахаар барахгүй, хошуу нутгаа хүртэл ёс бусаар орхих болсондоо тэр шаналангийн туйлыг амсаж явав. Нэгэн жигд алхах тэмээн жингийн явдалд нэгэн насны зовлон, жаргалыг эргэцүүлэн зорчиход ямархан зүдгүүртэй байсныг ямар үгээр илэрхийлж болно вэ? 

Хад чулууг зүсэн, харанхуй цагийн дундуур нүүсэн тулгар биетэй бүсгүй, түүнд тус нэмэр бологч цөөхөн хэдэн хүн аяны уртыг туулсаар сая нэг Түшээт хан аймгийн Жонон гүнгийн хошууны уудам цэлгэр нутагт ирэхэд Аюуш өвдөж эхэллээ. Цэцэг нуураас хөдөлсөн энэ нүүдэл хаана очиж буудаллахаа мэдэхгүй явсаар ийм алсын алсад ирэхэд давхар биетэй залуу бүсгүй амаржихаар даанч ихээр яраглан тарчилж эхлэв. Жинчид тэмээн ачааг түргэхэн сөглөж хэвтүүлээд гайр, нурууг зангидаж, аяны майхныг босгоод Аюушийг урт замын холд улдаж сульдаагүй ч унаган мах нь ихэд шуугдан нарийссан алаг морин дээрээс буулгаж зэхсэн майхан руу өргөж орууллаа. Тэр даруйд духанд нь зузаан үрчлээ сууж, нүдэнд нь амьдралын хүнд хэцүү үзэгдсэн өвгөн татлага татсаар алга нь мөлийж, түлэгдсэн гараа сайтар угааж хоёр яс салгахаар орлоо. Жинчид тэмээдийн дэргэд сууж мод толгой нэрнэ. Амсах зовлонгийн гашууныг хүлхсэн залуу бүсгүй удтал яраглаж, уул, ус, ээжий, аавыг дуудан амаржиж чадахгүй зүдэхэд хаш цагаан гаансныхаа соруулыг шимж, шингэн цэнхэр утааг суунаглуулан суусан эрс дахин дахин цочино. Чингэтэл Халхын цэнхэр уулсыг цочоож, хүн төрөх чимээ тэнгэрт тулан хүүхэд уйллаа. Түгшиж суусан эрсийн харцанд баярын мишээл тодорч, төдөлгүй майхнаас хоёр төө шодон гэзэг нь хорвоогийн түмэн явдалд гандаж бууралтсан өтөл эр гарч ирээд “Хүү төрлөө, хүү төрлөө, хүүхдүүд минь ачаагаа буулга, гэрээ барь, энд нутаглая” гэж дуу алдав. Энэ бол 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Рашааны гол” гэдэг газар болсон явдал болой. Ядуу эмэгтэй Чойдогийн Аюуш хүүдээ Дандар гэдэг нэрийг хайрлав. Хорьдугаар зуун гарамгай баатраа ингэж хөглөрсөн их өргөс, чулуун дотор угтаж авсан юм.

    Гэвч эх, хүү хоёрын тавилан заяа эгнэгт хамт байсангүй. Өөрийн нутгийг орхин ирж, өрөөлийн газар суусан хөөрхий эмэгтэйн амсах зовлон дууссангүй. Арга буюу балчир хөвгүүн Дандарыгаа Түшээт хан аймгийн Жонон гүний хошуунд нэрд гарсан гэлэн Лодонгийн Лувсанд өргүүлж, эрдэм номтой хүмүүн болгохыг зорив. Гэтэл Дандар хүү үгэнд цэцэн, үйлд шалмаг атлаа цанид номонд шамдах нь цаанаа л нэг учир битүүлэг, хожуу хойрго байх. Лувсан гэлэг сахил хүртсэн, ёсыг ихэд түвшин барьдаг хүмүүн байсан тул тийн өргөж авсан хүүгээ өөрөөрөө дуудуулахыг  үл хүсээд тэрний оронд эцэг Лодонгоор овоглуулахыг эрхэм болгосон байна. Ингэж зүдгүүрт ард Чойдогийн Аюушийн хүү Лодонгийн Дандар болжээ. Гэлэн Лувсан Дандарт Тангад ном заагаад нэмэр тусыг эс олов. Үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл бурханы номонд шамдах хүү ганцхан “Тотгон догми”   хэмээх номыг л цээжилж, бусдыг нь эс огооров. Тийм ээ, энэ хүү хуварга болж эс болох бөгөөд тэр магад хар хүмүүн хэвээр хамаг улсын хэрэгт зүтгэвэл зохино хэмээн гэлэн Лувсан эргэцүүлнэ. Хийдэд шавилсан ч удалгүй тэндээс үүрд явсан Дандар ан гөрөө хийж, хонь мал хариулан идэр залуу насны иртэй, мөртэй өдрүүдийг өнгөрөөнө. Уул хадаар гөрөөлөх түүнийг Жонон гүнгийнхэн ихэд сайшаан өгүүлэх хийгээд тэр хөвгүүний зүрх, зориг, авхаалж самбаа нэн төгс агаад буудах намнах нь цөвүүн цагийн баатар эр мэт бөлгөө. Басхүү адуу, морьдыг таньж, тэдний хурд хүчийг ихэд хайрлан гамнахаас нь харвал Дандар нямбай нэгэн буюу. Ингэж ардын амьдрал намуухан цэгцэрч улс орон харь манж, хар Хятадын дарлалаас гараад 1921 оны эрх чөлөөний хувьсгал шувтарч, бүх Монголын зоригт хөвгүүд чимээгүйгээр коментерны тоглоом болж байтал 1935 онд цэл залуу хорин нэгэн настай Лодонгийн Дандарыг эх орон нь дуудлаа. Ийм бадрангуй дуудлагыг эртнээс хүлээж, өөрийг бэлдэн байсан Дандар эр цэргийн албанд мордон тэр үеийн Улаанбаатар хотын харуулын суманд цэргийн алба хааж байлаа. Цэргийн дарга нар хурц түргэн, зоримог шийдэмгий, эрс шулуун шударга, заасан эрдмийг түргэн сурдаг, шийдвэр гаргах чадвартай, дайн тулааны үед нөхдөө манлайлан тулаанд орох зүрх зоригтой байлдагчийг удтал шинжиж, сонирхон, судалсны эцэст Зөвлөлт Холбоот Улс руу цэргийн сургуульд явах шилдэг залуусын тоонд орууллаа. Үнэндээ тэр үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зэвсэгт хүчинд машид чадварлаг цэргийн дарга нар ихэд дутагдалтай байсан тул Дандар мэт төгөлдөр залуусыг шалмаг сургаж авах нь юу юунаас илүү чухал байжээ. Шалгарсан бага дарга, байлдагчдыг одоогийн Бүгд Найрамдах  Казакстан улсын хилийн цаана, тэр үеийн Зөвлөлт холбоот улсын баруун бие Москвагаас зүүн урд зүгт, Боронежийн зүүн хойно, Саратовын баруун хойно орших Тамбовын морин цэргийн сургуульд илгээлээ. Гал тэрэг тачигнан хурдална. Дандар цонхны дэргэд чимээгүйхэн суугаад төмөр замын хажуугаар түргэн ургасан цагаахан хусыг ширтэж явна. Эх орон нь түүний илдний ир, сумны зэв болоод ирээрэй хэмээн захисан болохоор тэр эргэцүүлж явлаа. Их хүмүүний тухай ярих амархан, гагцхүү их хүмүүн болох тийм хялбар биш. Эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон маань надад итгэсэн. Энэ итгэлийг хэрэвзээ миний бие хөсөрдүүлэн орхих аваас үхсэн минь дээр...

    1939 он... Японы импралистууд зүүн Азийг эзлээд, Шар тэнгисийн наад эрэг рүү цөмөрч, Хятадыг дайрч Нанжиныг сөнөөн Бүгд Найрамдах Монгол ард улсын дархан хилд тулаад ирлээ. Номонхан, Бүрд-Овоо, Халхын голын сав газраас үе, үе өдөөн хатгалаг хийж, нутгийн ард олныг тонон дээрэмдэж, эгэл Монголчуудын амь нас эд хөрөнгөөр тоглон, хил зөрчих болсон Япончуудын үйлдэл хэрээс хэтэрлээ. Бүгд Найрамдах Монгол Ард улс дайн хийх нь гарцаагүй. Японууд биднийг зүгээр орхихгүй гэдгийг хамгийн ихээр мэдэж байсан нөхөр маршал Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй Монгол, Зөвлөлтийн армийн удирдлагууд зүүн хязгаар, хилийн цаана хуралдсан Японы их хүчийг тогтоож цаг хожихыг эрмэлзэж эхэллээ. Харин Халх гол руу халдах болсон дайсны их хүчийг бага хүчээр тогтоон барьж, араас тусламж иртэл тэсч чадах шилдэг цэргийн дарга нар хэрэгтэй болов. 
Дахиад эх орон түүнийг дуудлаа. Дандар нэгэнт сургуулиа төгссөн болохоор маршалын дуудлагаар гэдрэг эргэж, хаврын модод нахиалсан тэр нэгэн өдөр галт тэрэгний буудлаас газар шорооныхоо зүг хөдлөв. Тэр өөртөө хачин итгэлтэй, нүднийх нь харцнаас оч үсэрч, зүс царайнаас нь гэрэл бадарна. Галт тэрэг түчигнэн, тачигнасаар... Дандар эх орон руугаа яарсаар...

Түүнийг ирсэн даруйд маршал Чойбалсан Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн 17 морьт хорооны даргаар томилж галын шугам руу илгээлээ. Тэдний дивизийг нөхөр Шаарийбуу командалж байлаа.

Лодонгийн Дандар Халх голд очсон даруйдаа 6 дугаар морьт дивизийн арван долдугаар морьт хороог командалж шууд тулаанд оров. Дайснууд тэгэхэд манай хил рүү цөмрөхөөр барахгүй, бүгд хуарагнаж, бэхжээд авсан байв. Дандар өөрийн морьт хороо дивизийн хамт заналт дайсанд боломж өгөлгүй уулгалж, ган сэлмээ өндөр өргөн, газар шороогоо өмгөөлөн тулалдаж, олон олон аавын хөвгүүдийн зүрх сэтгэл, урам зоригийг нь бадраан, японуудыг хилийн цаана гаргаж хаялаа. Гэтэл тэгж гэнэтийн хүчтэй довтолгоонд бут цохиулсан дайсны 64 хороо, Баргын 7, 8 дугаар морьт хороог удирдсан дэд хурандаа Адзум, ахмад Кавоной нар илүү их хүчээр дахин довтлов. Тэд энэ удаа моторжуулсан отряд бүрдүүлж, Хайлар хотоос танк, хуягт машин, их бууг татан ирүүлж, олон арван нисэх онгоцыг Халх голын сав газар цуглуулжээ. Хүчний харьцаа тэнгэр, газар шиг. Хөнөөлт дайсан Монголын зоригт хөвгүүдээс зэр зэвсэг, техник хэрэгслээр хэд давуу илүү. Гэвч хамгийн гол зүйл бол цэргүүдийн хатан зориг болой. 6 дугаар морьт дивизийн цэрэг дайчид ямар ч тулаанд ороход бэлхэн. Зөвлөлтийн их улаан армийн цэрэг хүч ирэх хараахан болоогүй байтал японууд 6 дугаар морьт дивизийг Халх голын зүүн эрэгт шахаж устгах зорилготой байлаа. Улмаар 1939 он 5 дугаар сарын 28-ны үүрээр дайсан этгээд явган цэргийн ангиудаа машинаар буулгаж, моторжуулсан болон морин цэргийн ангиудаа манайхны хоёр талаар байрлууллаа. 17 морьт хороо Номонхан, Бүрд-Овооноос баруун тийш арав орчим км галын шугамыг хамгаалж байлаа. Харин тэдний зүүн гар талд 15 дугаар морьт хороо байх бол тэдний хоёр захад Ремизовын 149 дүгээр хорооны хоёр салаа цэрэг алалдан тулалдахад бэлхэн болов. Тухайн үед Зөвлөлтөөс ирсэн эхний хүч болох орос цэргүүд Халх гол дээгүүр модон гүүр тавьсан нь 5 дугаар сарын 27-нд манай ихээхэн цэрэг, зэвсэг, хуягт техник ашигтай байрлал эзлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Тийн гол гаталсан ангиуд Хайластын голын өмнө этгээдээс хойш Оонын овгор гэдэг өндөрлөгийг хүртэл нарийхан галын шугам үүсгэж, эцсээ хүртэл түүнийгээ хамгаалах хүнд бэрх үүрэг даалгавар авав. Дандар тулаанд ороход бэлхэн, дайсны ямар ч давшилтыг амь хайргүй тулалдан няцаана хэмээн ган төмөр зүрхэндээ бат нот хэлж, цэрэг дайчдаа зоригжуулан байтал 6 дугаар морьт дивизийн комиссар нөхөр Пэлжээ ирж, ямар ч хатуу хэцүү тулаан болсон ч нэг алхам ухрахыг хориглоно гэж тушаагаад цааш явлаа. Хорооны туг зөөлөн сэвшээнд нам гүмхэн хөдөлнө. Хэзээ ч, юу ч болохгүй юм шиг. Үүрийн цагаан гэгээ  тэмдэгрэн байх ахуйд Дандар бэхлэлтэнд байх харуулуудаа эргэж гүйцээд хээрийн штабтаа иртэл холбоочны утас хангинав. Дандар харилцуурыг автал дайсан машинаар хорлон сүйтгэх баг буулгаж байна гэж мэдээллээ. Энэ түгшүүрт мэдээг авсан 17 дугаар морь хорооны дарга застав руу яаравчлан очтол яг 43 цэрэг буусан гэдгийг манай далд харуулын нэгэн цовоо цэрэг мэдэгдэв. Дандар өөрийн морьт хороо руу утсаар тушаал өгч, байлдааны бэлэн байдалд байхыг даалгав. Дивизийн байлдааны ангийн дарга нөхөр Осор хориглосон газраа алдахгүй барьж, дайсныг хиар цохихыг тушаалаа. Нууц манааны харуулуудаас мэдээ ирсээр. Тэгж байтал Хайластын голын урд Нуурын элс хэмээх газар хориглосон манай ангиуд руу дайсны морин цэргийн довтолгоон уулгаллаа. Тулаан эхлэв. Дандар 17 дугаар морьт хороотой бэхлэлтийг хамгаалан тулалдахад  бэлэн байдалд хүлээж байтал Номон хан, Бүрд-Овооны цаанаас дайсны үлэмж их хүч гарч ирэн, шууд маршаар дайрлаа. Хороон дарга Дандар байлдагч Олзвойг дуудан ирүүлж нэгэн магазина сумаар дуустал нь галлахыг тушаав. Олзвойг тийн гал нээж эхлэхэд дайснууд журманд орж, цэгцрээд улам хүчтэй давшин, тэгэхдээ замбараагүй гал нээж байлаа. Дандар тулааны өмнө байлдааны ихэд мэргэн аргыг бодож төлөвлөсөн тул пулёмонтчин Олзвой, Зундуй хоёрыг өөр нэгэн наводчикын хамт авч үлдэв. Тэгээд үлдсэн цэргүүдээ ухарч байгаа дүр үзүүлэн манхан давж цаана нь сайтар бэхлэхийг тушаалаа.

    Дандар, Олзвой, Зундуй гуравт ердөө гурван магазин сум байлаа. Тэд хайчин галаар тулалдахаар төлөвлөжээ. Тэгэхдээ Дандар, Зундуй хоёр дайсны цэргийн хоёр талаас дотогш хумин галлах бол Олзвой тэдэн рүү гал нээсэн мэргэн буудагч, пулёмонтчин, бас цэргүүдийг ээлж дараалан устгах ёстой байв. Дайсан ойртсоор бүр дэргэд ирж, Дандарын төлөвлөсөн газар орж ирэхдээ сэрэмж алджээ. Тэд үнэхээр Монгол цэргүүдийг зугтсан гэж сэтгэсэн бололтой. Дандар,  Зундуй хоёр төлөвлөсөн ёсоор гал нээж, Олзвой дайснуудыг ээлж дараалан унагаж эхэллээ. Дивизийн төв штаб устгагдаж, захирагч Шаарийбуу, улс төрийн удирдагч Гэлэгбаатар тэргүүтэй цэрэг, дарга нар эх орынхоо газар шорооноос алхам ч ухралгүй өстөн дайсантай эцсийн мөчөө хүртэл тулалдаанд амь үрэгджээ. Дандар малгайгаа авч, түүний дэргэд Шагдарсүрэн зогсоно...

1939 оны зургадугаар сарын эхээс 17 дугаар морьт хорооны дарга Лодонгийн Дандар 6 дугаар морьт дивизийн командлагч боллоо. Тэр 5 дугаар сарын 28-ны тулаанд дайсны үлэмж их хүчийг бут ниргэж, япончуудад үхлийн цохилтыг өгсөн юм. Энэ аймшигт тулааны үеэр 17 дугаар морьт хорооны дарга Лодонгийн Дандар баатар эрсийн хамт дайсныг бут ниргэн түрж, тэдний удирдлагын байранд цөмрөөд Японы цэргийг командалж байсан дэд хурандаа Адзум, ахмад Кавоной нарыг өөрийн гараар устгаж, дайсны чухал бичиг баримтуудыг авсан нь үнэлж баршгүй гавьяа боллоо.

Дараагийн цуст тулааны үеэр 17 дугаар морьт хорооны сумангийн дарга Экэй өөрийн зэвсэг нэгт нөхдийн хамт хамгийн түрүүнд тулаанд орж, монгол морины гал дөрвөн туурайгаар дайсны буулгасан сумын мөндрийг сөрөн орлоо. Дандар хороогоо командлан итгэлт нөхрийн араас тулаанд дайран оров. Экэй дайсны бэхлэлтийн нэгдүгээр галын шугамыг сэт цохин морь нь шархадсан тул явганаар гардан тулаан хийхэд түүний ган сэлмийн үзүүрт дайсны олон цэрэг, дарга нар өртөв. Гэтэл дайсны их бууны сум Экэйгийн дэргэд тусч, Дандар түүн рүү очих гэтэл гурван япон цэрэг хориглолоо. Дандар тэдэнтэй цавчилдаж цөмийг унагаад эргэтэл Экэйгийн баруун гар нь сэлмээ тас атгасан хэвээр хүрэн шинелийнхээ ханцуйд санжигнан, халуун цус нь урсаж байлаа. Гэсэн ч Экэй зүүн гараараа гар буугаа сугалж байлдтал удалгүй түүний сум дуусч, түүнийг нь мэдсэн юм шиг хоёр самурай нуувчнаас гарч ирэв. Экэй нэгэн япон цэргийн бууны жадыг суг татан авч өрөөсөн гараараа сүлбэж орхитол, хариугүй үхэж байсан нэг япон сумангийн даргыг буудаж хөнөөлөө. Үүнийг үзсэн Дандар галзуурсан барс мэт тулалдаж, өмнөө хөндөлссөн бүхнийг хяргасаар эрхэм нөхөр дээрээ иртэл Экэй амьсгал хураажээ. Энэ тулаанд манайхан яллаа.

1939 оны 8 дугаар сарын 20-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн үлэмж их хүч ерөнхий довтолгоонд орлоо. Галын шугамын ар талд байрлах төв штабт Бүгд Найрамдах Монгол ард улсын маршал Хорлоогийн Чойбалсан Зөвлөлт Холбоот улсын маршал Георгий Константинович Жуков нар манай цэргийг командалж, агаарт Монгол, Зөвлөлтийн 150 гаруй бөмбөгдөгч, 114 сөнөөгч онгоц хөөрч, дайсныг бут ниргэлээ. Дандар 6 дугаар морьт дивизээ командалж, бусад анги нэгтгэлүүдийн хамт гал дундуур давшин Японы эзлэн түрэмгийлэгч, харгис балмад цэргүүдийг даран сөнөөсөөр 1939 оны 8 дугаар сарын 31-ний өглөө  Бүгд Найрамдах Монгол Ард улсын дархан хилээс хөөж гаргалаа.  Бид ялав...
 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр... 
Цагаан хоолойгоор Анхаараарай, анхаараарай. Бүгд Найрамдах Монгол Ард улсын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 30 дугаар тогтоолоор Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн захирагч Лодонгийн Дандарыг Бүгд Найрамдах Монгол ард улсын гарамгай баатар цолоор шагналаа.
Нэг мянга есөн зуун гучин есөн оны Халх голын дайны үйл явцыг дэлхий дахин худал хуурмагаар мэдээлж байсан нь үнэн юм. Монгол, Зөвлөлтийн хамтарсан манай анги нэгтгэлүүд дайсны эсрэг хүчтэй цохилтуудыг удаа дараалан өгч, олон тулалдаанд ялалт байгуулаад байтал 1939 оны 5 дугаар сард Япон, Итали, Герман, АНУ, Их Британи, Францын сонинууд “Монгол Улсын зүүн хязгаар, Номон ханд болж байгаа дайнд япончууд ялж байна” хэмээн бичиж байлаа. Тэр бүү хэл, 1939 оны 7 дугаар сарын 4-нд Францын “Фи-гаро” сонинд бичихдээ “Монгол-Манжийн хил дээр байлдаан өрнөж байна. Японы албан мэдээ бол ялалтын мэдээ мөн” хэмээн ташаарч бичсэн бол 7 дугаар сарын 5-нд Японы гол хүч бут ниргүүлчихээд байхад “Зөвлөлт- Монголын цэрэг бүслэгдлээ” гэсэн дайсны хуурамч мэдээллийг Италийн сонин хэвлэлүүд том үсгээр нийтэлж байлаа. Гэтэл бодит байдал тэс ондоо байсаар.  Монгол, Зөвлөлтийн хамтарсан их хүч 1939 оны наймдугаар сарын 31-ний өдөр Японы милатристуудыг БНМАУ-ын дархан хилээс хөөж гаргав. Дайсан этгээд 60 гаруй мянган цэргээр хохирсны дотор 25 мянга нь их Монголын зүүн хязгаарт амь үрэгдсэн байлаа. Энэ мэдээг авсан Японы эзэн хааны зөвлөх, тамганы сайд Кидо “Арми сүйдэж, цөмөөрөө устжээ” хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичжээ...
Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, хурандаа Лодонгийн Дандар Халхын голын тулалдаанд өстөн дайсантай алалдан тулалдаж, алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан тул 1939 оны 5 дугаар сарын 29-нд  Улсын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгалаа. Чингэтэл аугаа их ялалтын дараа 1939 оны 9 дүгээр сард  БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хуралдаан 60 дугаар тогтоолыг гаргалаа. Энэхүү тогтоолын гол утга нь Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, хурандаа Лодонгийн Дандарыг БНМАУ-ын баатар цолоор шагнах тухай бөлгөө. Маршал Хорлоогийн Чойбалсан алтан утас гялалзсан цэнхэр шинелийнхээ захыг бага зэрэг засаад, татаж байсан тамхиа болор саванд дарж унтраан тушаалын тогтоол танилцуулсан төлөөлөгчид рүү ширтэв. Суут маршалийн намуухан хэрнээ гал цог цоролзсон харцанд тэр үеийн Монголын сэхээтнүүд далдирна. Маршал Чойбалсан “Дандарыг баатар цолоор шагнах нь түмэн зөв. Гэвч түүнд зүгээр нэг улсын баатар олгож болохгүй, чимэг нэм” гэж хэлээд тасалгаанаас гарлаа. Чингээд 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, хурандаа Лодонгийн Дандарыг БНМАУ-ын баатар цолоор шагнахдаа түүнд хүртээсэн энэхүү хүндэтгэлийн өмнө “гарамгай” гэдэг чимгийг өгчээ. Ингэж хурандаа Лодонгийн Дандар БНМАУ-ын цорын ганц Гарамгай баатар болон мөнхөрсөн ажгуу.  
Өнөөгөөс хоёр жилийн өмнө цахим мэдээллийн санд байршсан Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын ач охин Гангамөрөний сонирхолтой ярилцлага ширээн дээр минь байна. Энэхүү ярилцлагыг их хүмүүний үр садтай сэтгүүлч Галбаатар хийжээ. Эл ярилцлага дотор домогт Дандар баатрын амьдралын нэн сонирхолтой хуудсууд ил болсон байна. Ач охиных нь өгүүлснээр Дандар анх 17 настайдаа Зөвлөлт холбоот улсыг зорьж байсан гэжээ. Нийтэд ил болсон баримтаас үзэхэд тэр 1935 онд цэрэгт татагдах үедээ 21 настай байсан ба үүнээс өмнө мал хариулж, ан гөрөө хийж байсан гэх. Иймийн учир алаг морьт баатар маань арван долоон насандаа ямархан учир шалтгаанаар Зөвлөлтийг зорьсон бол гэдэг том асуулт болон үлдэв. Албан мэдээгээр бол Дандар 1938 оныг хүртэл ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн сургуульд суралцсан нь үнэн хийгээд энэ үедээ тэр бас эхнэр хүүхэдтэй болчихсон байж. Үүнийг мөн л түүний ач охин Гангамөрөнгийн яриа нотолж байна. Гэхдээ баатар маань Орос эхнэртэй байсан хийгээд тэдний дундаас нэг охин төрсөн бололтой. Тэр охины тухай Дандарын ач охин Гангамөрөн ярихдаа “Аавын дүү нь гэсэн үг, аав хэлэхдээ манайхаар ирж очдог. Гэхдээ сүүлийн үед огт сураггүй болчихсон” гэсэн байна. Хайртай баатрынхаа хувийн амьдралын хуудсуудыг сөхвөл ийм. 
БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар амьдралынхаа бүх цаг үеийн дайн тулааны тэргүүн эгнээнд аянга шиг алаг морьтойгоо дайран орж, дайтан ялж байлаа. Зоригт хүмүүний дайны хүлэг болсон тэрхүү алаг морь болбоос та бидний үлгэр, домог мэт ярьдаг үлэмж том биетэй хүлэг байсангүй. Дандарыг 1938 онд Тамбовоос дуудагдан ирж, нэн түгшүүртэй байсан Матадын 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороог даргалж байгаад, Халх голын 6 дугаар морьт дивизэд ирж, арвандолдугаар морьт хороог хүлээж авсан даруйдаа цэргийн агт руу очив. Монгол цэргийн хүч нь мориндоо байдаг. Адуу морьд хэмээгч нь анхлан харахад мал амьтан мэт атлаа Монголчууд түүнийг эртнээс дайны хүчирхэг зэвсэг болгон ашигласаар ирсэн нь хорьдугаар зууны дунд хагаст мөн хэвээр байлаа. Агтчин цэрэг Дандарт хамаг сайн “морьдыг цэргүүд унаж эдлэх болсон. Одоо тийм ч шалгарсан сайн морьд үлдээгүй тухай” хэлэхэд хожмын их хүмүүн илдний ир шиг харцаа зөөллөж, 6 дугаар дивизийн агт дундуур алгуурхан алхаж, морьдыг шинжсэний эцэст нэгэн жижиг биетэй ч, хөнгөн хөлтэй, хурдан шалмаг, овсгоо самбаа дүүрэн алаг морийг үзэн танив. Дандар баатар энэ л алаг мориноос өөр ямар ч морийг хүлэглэн, ширмэн бөмбөгний хэлтэрхий шинэ цэцэгний шилбэ, эрдэнэт хүний амь нас хоёрыг эрээ цээргүй авч одсон дайн тулаанд ороогүй юм.  Баатрын алаг морь ямар ч хүнд бэрх дайн тулаанд эзнээ үл орхисноор барахгүй хэд хэдэн удаа шархдаж, ган дөрвөн хөлийг нь уруудан газарт цус нь дусч байсан ч ялалтанд хүргэсээр байсан юм. Мөнхүү Дандарын алаг морь хажууд бөмбөг тэсэрч, дэргэдүүр сум ульж, урдаас дайсны хуягт танкууд давшиж байхад үргэж бусгах, зүрх зориг мохохыг эс огоорон тулаанд ордог байсан нь эртний дайнч Монгол морьдыг эрхгүй санагдуулан, сэтгэлд бишрэлийг төрүүлнэ. 6 дугаар морьт дивизийн командлагч, хурандаа Лодонгийн Дандар басхүү тийм ч том биетэй хүн байсангүй. Тэр дунд эргэм нуруутай, тос даасан бор царайтай, жавхайсан цэргийн дарга байсан хийгээд үнэнч шударга, чин зоригт дайчин зантай, дайчдаа үнэн голоосоо хайрладаг байлаа.
Халх голын тулалдааны дараа 1939-1941 оны хооронд БНМАУ-ын баатар Лодонгийн Дандар 6 дугаар морьт дивизийн даргаар ажиллаж, улс эх орны тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг манаж байлаа. Алс баруун зүгт Германууд нэг л биш болоод байгааг албаны хүмүүс түүний чихэд үе, үе дуулгана. Сайхан сэтгэлт Оросын ард түмнийг Лодонгийн Дандар зүрх сэтгэл дотроо хайрласаар. Нөгөөтэйгүүр тэр чингэж зүүн хязгаарын цэргийг даргалсаар байсан нь хилийн цаана, Манжуур орчимд байсан Японы зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дахин дайралт хийх вий гэсэн болгоомжлол байлаа. Гэвч Япончууд Монгол руу хоёронтой дайрсангүй. Түүний оронд Хятадуудтай ноцолдсоор байв. Удтал харсны эцэст Халхын гол нам гүм байсан тул 1941-1943 оны хооронд хурандаа Дандар ЗХУ-д Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн академид суралцан, мэргэжил дээшлүүлэв. Германуудын тухай Орос нөхдийн таамагласан худал биш байжээ. Тэд үнэхээр 1941 он 6 дугаар сард ЗХУ руу довтолж, үнэлж баршгүй хохирол учруулав. 1943 онд эх орондоо эргэж ирсэн Дандар 8 дугаар Дивизийг командлах болж, 1945 онтой золголоо. Дорно зүгт бугшиж, Хятад, Солонгосоос гадна бусад жижиг улс орнуудыг бүхлээр нь эзлэн дарлаж байсан Японуудын эсрэг БНМАУ-ын баатар, 8 дугаар дивизийн командлагч, хурандаа Лодонгийн Дандар маршал Чойбалсангийн удирдлага дор, Монгол, Зөвлөлтийн хамтарсан асар их хүчний бас нэгэн ай сав болон тулалдлаа. Дандарын удирдсан дивиз дайсны хүчийг удаа дараалан бут ниргэж, Долон нуур, Жэхэг эзлэн, Цагаан хэрэмд тулав. Гэтэл араас Монгол, Зөвлөлтийн цэргийг эргүүлэн татах тушаал иржээ. Манайхан Хятадын армид зэвсэг, техникийн тусламж үзүүлээд хүлгийн жолоог эх нутгийн зүг эргүүлэв. Дандар баатрын алдар суу мандан бадарч, улмаа дэлгэрч, ард олны бодол санаанд мөнхөд амьдарч эхэллээ... 
Дэлхийн дайныг тийн дуусгасан Дандар энх цагтай золгож, 1945 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл 13 дугаар хорооны даргаар ажиллаж, намуухан аж төрж байлаа. Тэгтэл 1945 оны 12 дугаар сарын тэр нэгэн бүдэг үдэш яг юу болсныг хэн ч үл мэднэ... Баатар хүмүүний зүрх өвдөж байлаа. Аугаа их хүмүүнд атаа хорсол санасан, түүнд ихэд дургүйцсэн хэсэг бүлэг этгээдүүд БНМАУ-ын баатар Лодонгийн Дандарыг хэлс хэрэгт гүтгэж, хэрэг бүрдэлт, мөрдөн байцаалт, нотлох баримт бараг үгүйгээр харгислан шийтгэхийг эртнээс төлөвлөсөн байжээ... Хэсэгхэн хугацааны өмнө, хэдхэн сарын өмнө хайртай эх орон, халуун газар шорооныхоо төлөө амь биеийг үл хайрлан өстөн дайсантай алалдан тулалдаж явсан баатар хэзээ ч байж боломгүйгээр харанхуй шорон руу туугдан явлаа. Тэр эргэн эргэн харж явлаа... Халуун цусаараа хамгаалсан эх орноо тэр хүйтэн шорон руу туугдан очих хүртлээ дахин, дахин харж явлаа. Одоо түүний мөрөн дээр хурандаагийн алтан погон байхгүй, түүний энгэрт бас БНМАУ-ын гарамгай баатрын алтан таван хошуут одон, цусан гавьяа, байлдааны гавьяаны одон үгүй, бид ялав медаль байхгүй... Ингээд алдар суу нь умард зүгт Хөвсгөлийн их тайгаас хальж Сибирийг гатлаад ЗХУ-д түгэн, дорно зүгт Өмнийн цэнхэр говийг  туулж Цагаан хэрэмний цаана цуурайтан, зүүн зүгт тэнгис далайг гатлан арлын Японы нийслэл Токио хотыг чичиргэн, эзэн хааных нь толгойг өвтгөж, баруун зүгт Казакстан даяар сонсогдож байсан БНМАУ-ын баатар, хурандаа Лодонгийн Дандар хоригдол боллоо. Түүнд арван жилийн ял оноож,  чанга дэглэмтэй хорих ангид энэ ялыг нь биеэр эдлүүлэхийг зарлигдав.

Сэлэнгийн намуухан салхи шоронгийн таазанд тулсан жижигхэн салхивчаар үе, үе орж ирнэ. Цуутай цэргийн жанжин зэвтэй төмөр орон дээр адар ширтэн хэвтэхдээ урд өмнө нь хэзээ ч үгүйгээр алаг нүдээ арчиж байлаа. Зүйрлэн хэлвээс тэр яг л төмөр торонд орсон аварга том бүргэд шиг гунигтай байв. Хуягуудын тахтай хромон гутал тас тас хийх нь үе үе сонсогдоод үгүй болно. Ёс бусаар шийтгүүлэн, хоригдол хэмээх нэрийг зүүсэн Дандар нөгөө л дулаахан алаг нүдээ аних бүрт зэвсэг барин хамт тэмцэж, тусгаар тогтнолынхоо төлөө тугаа унагалгүй дайтаж явсан анд нөхдийнх нь зүс царай үзэгдэн, чихэнд нь сум шунгинан, бөмбөг тэсэрч, хүнд хуягтын гинж тажигнан, хүдэр чийрэг монгол морьдын туурай газар доргиулан, баатар эрсийнх нь уухай нэгэнтэй цаашилж, хоёронтой наашилна. 6  дугаар морьт дивизийн дарга нөхөр Шаарийбуу, улс төрийн удирдагч Гэлэгбаатар, танк эсэргүүцэх бууны салааны дарга нөхөр Дорж, их бууны бателион командлагч Төрхүү, туслах Жамба, Хуягтын жолооч Хаянхярваа, 17 дугаар морьт хорооны дарга эрхэм нөхөр Экэй, пулёмонтчин Олзвой, дивизийн комиссар Пэлжээ нар нь түүний зүүдэнд ирж, элдэв зовлонтой асуултыг дахин дахин тавих нь хичнээн гачлантай... 

Засгийн өгсөн арван жилээс зовлонт дөрвөн жилийн ялыг дуусгалаа. Дандарын зүс царай жаахан нимгэрсэн ч зүрх зориг нь хэвээр. Гяндангийн зэв идсэн өргөстэй төмөр тор Монгол Улсын баатрыг сөхрүүлж эс чадав. Гэтэл БНМАУ-ын баруун хил ихээхэн түгшүүртэй болжээ. Оспан хэмээх нэг муу өөдгүй дээрэмчин мянга мянган тонуулчин хасгуудыг нэгтгэж эхлээд Монголын талд зүтгэнэ гэж амлаад маршал Чойбалсангаас их хэмжээний зэвсэг техник авсан ч тэр дороо эргэж гамингийн талыг барин, бидний өгсөн зэвсгээр бидэнд заналхийлж эхлэв. Манай хилийн цэргийн дугаар ангиуд хийгээд баруун хязгаарын ардууд энэ босогчдын эсрэг эрслэн тулалдаж, газар шороогоо хамгаалах боловч яах аргагүй хүч дутуу тул ихээхэн хохирол амсаж байв. Оспаны дээрэмчид хэрцгий, догшноороо зард гарсан болохоор заналт энэ дайснуудыг даран сөнөөх амаргүй. 

Удаа дараалан илгээсэн дарга нар цэрэг, дайчдыг зөв зүйтэйгээр зохион байгуулж, хасагийн дээрэмчдийн довтолгооныг дахин дахин бут ниргэж болохгүй л байлаа. Маршал Чойбалсан бодож сууна. “Хэрвээ энэ Оспаныг даруй бүр мөсөн тонилгон сөнөөхгүй бол урд хөрштэй өөр замаар тооцоо бодох, магадгүй дайтах цаг ирж мэдэх. Тийм болохоор хоёр улсын хооронд өөх ч биш, булчирхай ч биш байх хасагуудын бослогыг дахин сэргэхгүй болтол нь үнс, тоос болгох нь юу юунаас илүү чухал”... ийн эргэцүүлсэн маршалын ширээн дээр тамхи уугина. Шагдарсүрэн... Шагдарсүрэн... гэж дуудсанд гаднаас донсолгоо ихтэй цагт Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монгол Улсын отгон баатар Шагдарсүрэн орж ирлээ. Маршал нэлээдгүй тунгаасан байдалтай “Нөхөр Дандарыг даруй шоронгоос сулла. Түүнийг баруун хязгаар руу түргэн илгээ” гэж тушаав.

Бүхэл бүтэн 1460 хоног тарчилсан Монголын ард түмний хайртай хүү, алаг морьт баатар Дандар чөлөөнд гарч ирлээ. Гэвч түүний хөдлөх, хэлэх, босох, суухыг нийгмийг аюулаас хамгаалах яам шууд хянаж байлаа. Дандар баруун зүгт мордож, Оспаны дээрэмчидтэй арван гурван Алтайн ассан, боссон, дүрэлзсэн уулсаа өмөөрч дахиад л алалдан тулалдан ялав. 1949-1951 оныг хүртэл хоёр жилийн хугацаанд хийсэн энэ хүнд хэцүү олон удаагийн тулаанд тэр ялсан юм. Гэхдээ Оспантай байлдах, Японтой байлдах ондоо байсан. Японууд дайны хуулийн дагуу, армийн зохион байгуулалтаар дайтаж байсан бол Оспаны дээрэмчид тонуулын хэлбэрээр байлдаж байлаа. Тэр ингэж алдсан бүхнээ цусаараа эргүүлж олсон юм. Гэхдээ 1951 онд Дандарт бүх цол, хэргэмийг нь эргүүлж өгөөгүй юм. Улмаар 1953 оны 10 дугаар сараас 1963 оны 9 дүгээр сар хүртэл арван жил иргэн Дандар Дорнод аймагт “Совмонгол металл” нийгэмлэгт жолооч болж, 300 гаруй мянган км газар тээвэр тээн, дараа нь авто баазын дарга, засварын баазын дарга, барилгын конторын даргаар ажиллаж улсын тэргүүний тээвэрчид, ган хөлөгтний зөвлөгөөнд оролцож явлаа. Амьдралынхаа энэ үед тэр “Цусаараа байгуулсан гавьяаг хөлсөөрөө дахин байгуулна” гэж хэлсэн байдаг.

БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоол. Иргэн Лодонгийн Дандарыг урд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасугай. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 172  тоот зарлигаар Лодонгийн Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалийг нь буцаан олгосугай... Машид өндөрлөгөөс унаж, дахиад тэр өндөрлөгөө дайран эзэлсэн баатар эр 1963-1965 онд 016 дугаар ангийн техникийн орлогчоор ажиллаж, 1965-1966 онд ЗХУ-д Фрунзийн академийн дээд курст үргэлжлүүлэн суралцаж, 1966-1967 онд Мотобуудлагын тусгай бригадын орлогч, 1967-1968 онд Улаанбаатар хотын комендант, 1968 оноос Ардын цэргийн жанжин штабын оперативийн хэлтэст чиглэл хариуцсан офицерын алба хашиж байлаа.

1986 оны 12 дугаар сард энэ л цагийг эзэлсэн хүлэг баатар Лодонгийн Дандар ертөнцийн татах хүчнээс тасарсан юм. Бид түүнийг гомдоосон шиг ээ баярлуулж чадсан болов уу? 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Монгол Улсын төлөө зүтгэе, Монгол Улсын баатар Лодонгийн Дандар  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй