Шууд Chart

Ээждээ бичих захидал №5

2014-03-03 12:39:59

                                                                             Сайн байна уу? Хамгаас хайрт ээждээ

Ээж тандаа энэхүү алга дэлгэм, алд цагаан цаасаар захидал хүргүүлэх энэ өдрийн амар амгалан инээд хөөр, баяр талархлыг өргөхийн ялдамд, олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монголынхоо мянга мянган хацар гоо охид, бүсгүйчүүд, эгч, дүү, охин, эхнэр, эмэгтэйчүүддээ хүргэн мэндийг уламжилж байгаадаа маш их баяртай байна. Таны минь бие сайн биз дээ? Бид бүгд цөм сайн. Хүүхдүүд цэцэрлэг, сургууль албандаа явцгааж л байна. Дүү нар цөм ажил төрлөө хийж байгаа гэж утсаар ярьсан. Ээж таныгаа хүү нь нэг ч гэсэн удаа баярлуулах гэсэн юмсан гэж бодох юм, бодохоос цаашгүй л юм байна шүү. Энэхэн биеийг минь төрүүлэн эрдэнэт хүний зэрэгт хүргэсэн, миний л сайхан ээж минь шүү, Ээж минь та арван сар тээж, ангир уургаа хөхүүлж, ариухан хэвлийдээ олж, бид хэдэн үр хүүхдийнхээ төлөө амьдралын нугачаанд бүдрэлгүй сөрж яваа эгэл даруухан жинхэнэ монгол эмэгтэй шүү та. Бид бүгдээрээ хүү нь орчлон хорвоо дээр, ээж таныгаа баярлуулж явсан нэг ч удаа бий билүү, унтах нойр, идэх хоолноос тань хугаслаж алд жаахан биеийг тань алжааж ядрааж, үглүүлж дуулуулж явсныг минь уучилж өршөөгөөрэй... ухаан муутай хүүгээ та. Миний ээж чинь айлын ганц охин, эрх танхил явсан гэсэн. Бага балчир насандаа өнчирч хагацал зовлон үзэж явахдаа миний аав Цэндтэй нэгэн гэр бүл болж амьдрахдаа хүү Содбилэг намайг бусад 5-н охин дүү Содончимэг, Содгэрэл, Одгэрэл, Сод-Эрдэнэ, Гэрэлчулуун нарыг минь төрүүлж өсгөсөн ачитнаас ачтай нь та минь билээ. Миний л сайхан ээж чинь наддаа байтугай сум орон нутагтаа Өндөр ээж нь юм шүү та. Хорвоо дэлхийг нар гийгүүлдэгч нарт хорвоод та л наддаа нар нь билээ ээж минь. 2007 оны зун 07.23-нд УБ хот ЭНЭШХ-нд эхнэр Уянга маань өглөө эртээ утсаар би амаржчихлаа гэхэд л би чинь өөрөө л хүүхэд явсан хүн чинь хүүтэй боллоо гэдэг мэдээг сонсоод л хөл газар хүрэхгүй баярын магнайтайгаар МТШТС-69-р салбарын эрхлэгч Цоггэрэлдээ хэлж ажлаасаа чөлөө авч хот руу эхнэр хүүгээ эмнэлгээс нь гарган авчирч хол ойроос ах дүү, найз нөхөд, хамаатан саднаараа угааж их баяр хөөр болсондоо хүү нь. Би чинь бага ахуй насандаа таныхаа захисанаар л явсан даа. Хүү нь одоо ч гэсэн эхнэр 6-н хүүхэдтэйгээ таныхаа захисанаар энэхэн замбуулин хорвоод амьдарч л явна даа. Айлын ууган хүү, амьдралын ганц эр хүн, эхнэртээ түшигт хань, дүү нартаа аавын оронд аав нь болох ах, хүүхдүүддээ бол аав нь билээ. Одоогоос гурван жилийн өмнө хамгийн бага отгон дүү минь хүнд өвчний улмаас нас нөгцөж бид бүгдэд хүнд гарз тохиож уй гашуу болж билээ. Тэгэхэд та минь бага дүүг чинь багад нь алдсан, би чинь гарын 5-н хуруунаасаа нэгийг нь байхгүй болгочих гэж, харин охин минь гучин хэд хүртэл нь хажуудаа авч явсан юмсан гээд би их аз муутай хүн гээд л уйлж явдагдаа та минь. Би 2013 оны 02-р сарын сүүлээр МҮОНТ-ын гэрэлтэй цонх нэвтрүүлэгт холбогдон азтай үзэгчээр шалгарч үрдээ бичих захидал Улсын 5-р уралдаанд оролцох эрхээр хүү нь шагнуулсан гэж хэлэх гэтэл та минь тэр үед Замын-Үүдэд ажил явдал гараад явчихсан байсан. Хүү таныгаа хот оруулж урилгаараа тэр сайхан ээж нарын бичсэн захидлуудыг унших гала тоглолтыг үзүүлж чадаагүйдээ маш их харамсаж явдаг. Болдогсон бол нэг удаа ч болов баярлуулахсан гэж бодсон юм. Болдогсон бол ээж тандаа шүүдрийн усаар цай чанаж уулгах юмсан даа тэгж гэмээ нь нэг удаа хөхүүлсэн ачийг тань хариулсантай зүйрлэх юм гэсэн. Хүү нь хүн болж төрсөөр ээж таныгаа их зовоосон доо. Хүйг минь цөглөж хүний дайтай явуулж байгаа хайрт ээждээ хүү чинь хайртай шүү. Та минь хүний өөрийн гэлтгүй хүн бүрт зовж, хүмүүсийн хэлдгээр жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр ийм юманд энэ, тийм юманд тийм юм сайн гээд л өөрийн биеэ гаргуунд нь хаяж явдагт хүү нь их баяралдаг шүү. Хүү чинь дөч эргэм наславч, Тандаа хүү нь дөнгөж өнөөдөр манцуйтай хүүхэд шиг жаахнаараа л байна даа. Энэ захидлаа хоёр нүдэндээ нулимастай л бичиж сууна хүү чинь, хүү нь ээждээ хайртай шүү! Хүний энэ хорвоод чинь жаргал, зовлон гэдэг чинь ээлжлэн байдаг юм байна. Та минь хүүгээ хол ойрд яваад ирэхэд л миний хүү сайн явж ирэв үү гээд хацар дээр минь үнсэн угтдаг даа. Хүү чинь тань шигээ уярам хайлган болжээ, хаяа ч болох нь ээ. Тандаа аяга хоол, цай ч болов чанаад өгөх зав зай багатай гэр орон дэлгүүрт чинь галыг тань түлж өгч чадахгүй л явна даа. Би өнөөдөр хүү Түвшинжаргалтайгаа ЭНЭШ-д эмнэлэгт хүүгээ хагалгаанд оруулахаар хэвтэн эмчлүүлэх болсон. Хорвоо дэлхий уудам юм хүний нас ч богинохон юм даа. Дашрамд хэлэхэд, хүүхэд залуус идэр насны эрчүүдээ Эх хүн ээжээс төрсөн хэн ч болов Эх хүн, ээж хүн, эмэгтэйчүүд, охин үрээ үргэлж хайрлаж яваарай. Наддаа нандинаас нандин хүн шүү та минь Ээжээ. Таныгаа гүнээ хүндэтгэн ёслосон хамгаас хайрт эр ганц хүү Цэнд овогтой Содбилэг. Хайрт ээж Намдаг овогтой Нарантунгалагтаа.
                                                                                                   Төв Баян-Чандмань сум Замт баг Илтийн 4-2 тоот Цэнд овогтой Содбилэг
 


Ээждээ бичих захидал №5  
Үзсэн: 2355 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй