Шууд Chart

“Нүүрсний салбарынхны өртөө буюу "Коал Монголиа 2019" чуулганаас”

2019-09-05 20:45:57

Таван толгой чиглэлийн зарим төмөр замын барилгын ажлыг  энэ сараас эхлүүлж, ирэх хоёр жилд багтаан дуусгана.  2020 онд Хятадын коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтвортой байна. Хөрөнгө оруулалт үйл ажиллагаагаараа салбартаа эхний тавд  ордог компани “Вагнер Ази” компаниар дамжуулан  Монголд үйл ажиллагаа эрхэлнэ. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар 500 гаруй давхардал, хийдлийг арилгана.  Монгол Улс энэ онд 42 сая тн нүүрс экспортолж, шинэ амжилт тогтоох бололцоо бий.

Энэ бол  өнөөдөр УБ хотноо эхэлсэн “Өрсөлдөөнд манлайлъя” уриатай “Соаl Моngolia 2019”  ОУ-ын чуулганы мэдээллүүдийн нэг хэсэг,  Монголын нүүрсний салбарын сүүлийн үеийн мэдээлэл. Энэ хэдхэн өгүүлбэрээс Монголын эдийн засгийг түлхэх хүч  болсон нүүрсний салбарт ажил амьдрал хэрхэн өрнөж буйг,  ойрын ирээдүйд энэ салбараас юу хүлээж, хүртэж болохыг төсөөлж  болно.

Мэдээллүүдийн араас асуудлаа тавьж, гарц гаргалгаагаа  ярьж, нэг чигт зангидах нь “Кoal Монголиа” чуулганы үндсэн зорилго. Гэхдээ чуулганы эхний өдөр энэ талаар ярихад  эрт. Тиймээс энэ удаагийн тоймоор талууд  Монголын нүүрсний салбарын ажил амьдралаа хэрхэн үнэлж, ойрын ирээдүйг хэрхэн харж байгааг олон тайлбаргүйгээр, тэнцвэртэй эх сурвалжаар  өгүүлье.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 24, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг бүрдүүлж буй нүүрсний салбар өнөөдөр тэртээ тэргүй монголчуудын анхааралд буй.

Уул уурхайн салбарын үр ашгийг дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэхийн тулд Эрдэс баялгийн салбарын багц хуулиас эхлээд хамааралтай хэд хэдэн хууль, дүрмийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байгаагаа салбарын сайд Д.Сумъяабазар  чуулганаар мэдэгдлээ.

Хээл хахууль, хуйвалдаан үүсгэж, Монгол Улсын хууль дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдтэй ч хуулийн дагуу хариуцлага тооцохоо  дуулгав. Ийм байдлаар одоогоор 23 тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм байна.

Таван толгой чиглэлийн төмөр зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүд хөдөлсөн, зарим төслүүдийг ирэх хоёр жилд багтаан  ашиглалт оруулах бүрэн боломжтой  гэсэн салбарын сайдын мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг эрхгүй  татав.

Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, металлурги, газрын тос боловсруулах, химийн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр урьж байгаагаа УУХҮ-ийн сайд “Соаl Моngolia 2019”  чуулганы  оролцогчдод дуулгасан.

Өнөөдөр  уул уурхайн салбарт үр ашгийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх нь  гол асуудал болж буй.  Үүнд анхаарч ажиллахаа  ч  чуулганы ерөнхий зохион байгуулагч, Монголын нүүрс ассиоцацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал мэдэгдлээ. 

Монголын уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарын  ирээдүйг гаднын томоохон хөрөнгө оруулалтаар , хөрөнгө оруулагчдын сонирхлоор тандаж болно. Дэлхийн ТОП компанийн мэдэлд шилжээд буй  “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани  агрегат   засвар, металл хийц боловсруулах төвөө Монголд байгуулаад  удаагүй. 

Тэгвэл ирэх долоо хоногт  хагас  роботжсон металл хийц боловсруулах  төвөө  нийслэлд нээх гэж байгаагаа “Коал Монголиа 2019”  чуулганаар зарлалаа.   Тус компанийн удирдлага  чуулганаар  уул уурхайн хоромхон зуурын сул зогсолтоос  ямар алдагдал хүлээдгийг судалгаагаар өгүүлж,  сул зогсолтын үр нөлөөг өгүүлсэн нь шинэлэг байлаа.  

“Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн газрын захирал С.Цэрэн-Ням:

Коал Монголиа 2019”  чуулганд  Өмнөговь, Хөвсгөлөөс аймаг, сумын удирдлагыг урьж  оролцуулан, байр суурийг нь сонссон  нь энэ чуулганы нэг онцлог.  Уул уурхайн үйлдвэрийн нөлөөлөлд өртдөг, түүний сайн мууг шууд хүртдэг хүмүүс нь нутгийн иргэд.   Үүнийг Таван толгойн нүүрс тээвэр дагасан Цагаан хад зэрэг дагавар суурин,  20 мянган иргэний зохиомол суурьшил, нутгийн малчдын нөхцөл байдлаас харж болно. 

Аспайр Майнинг компани,  Хөвсгөл  аймгийн зарим иргэдийн толхилцол ч уул уурхай, иргэдийн үл ойлголцлын нэг жишээ.  Хөвсгөл аймагт  2008 онд олгосон  нүүрсний ашиглалтын  лицензийг ашиглах эсэх маргаан улам газар авсаар.  Тиймээс ч “Хурд”  агентлаг тус аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргатай зориуд уулзаж ярилцлаа.

 

Коал Монголиа 2019”  чуулганд Хятад, Канад, Америк,  Орос  зэрэг 15 орны 500 гаруй төлөөлөл, хөрөнгө оруулагчид, үзэсгэлэнд оролцогч 60 гаруй компани  гээд нийтдээ  гурван  мянга гаруй  зочид төлөөлөгчид  оролцож байна.   Нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орны  өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг "Coal Mongolia-2019” чуулган хүргэдэг.

Түдэй Тинк Танк Энержи”  компанийн  ерөнхийлөгч,“Энержи ресурс”  компанийн  гүйцэтгэх захирал  Г.Батцэнгэл нарын мэдээллээр ойрын ирээдүйд, 2020 онд гэнэт асуудал үүсэхгүй л бол Хятадын гангийн үйлдвэрлэл, нүүрсний зах зээл хэвийн байж, үнэ ханш огцом савлахгүй нь.

Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого Хятадын “Бүс ба зам”  хөгжлийн бодлоготой уялдаж байгаа учир харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломж бий гэж Хятадын тал ч үзсэн хэвээр байна.   Ингэж л  нүүрсний салбарынхан нүүр тулан уулзаж, амжилт, асуудал алинаа ярьж хэлэлцдэг болохоор “Коал Монголиа” чуулганыг тэдний өртөө ч гэж нэрлэж болох юм.  Тус  чуулган маргааш  хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөнө.

МҮОНР-гийн сэтгүүлч Д.Даваадулам







Нийтэлсэн: Д.Даваадулам

“Нүүрсний салбарынхны өртөө буюу "Коал Монголиа 2019" чуулганаас”  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-05 20:53
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй