Шууд Chart

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2019-09-11 10:38:04

Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг урьтаж 2019 оны зургаадугаар сард дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг, дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны зургаадугаар сарын 28-наас 2019 оны долоодугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятад гурван улсын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 8 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийсэн билээ. 

Тус форум болон үзэсгэлэн худалдаанд оролцсоны үр дүнд цаашид нэгдүгээрт, дүүргийн жижиг дунд эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаанд олноор оролцуулах, борлуулалтад дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй нөхцлийг бий болгох, хоёрдугаарт Хайлаар болон Налайх дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай хэлэлцэж тохирсон.

Энэ хүрээнд Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь тэргүүтэй албаны төлөөлөгчид 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр Налайх дүүрэгт айлчиллаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй удирдлагууд зочдыг хүлээн авч уулзан, дүүргийнхээ талаар товч танилцууллаа. Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Хоёр дүүргийн маань цаашдын харилцаанд байнгын холбоотой байж нэг нэгнээ дэмжих, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа зэрэг тодорхой чиглэлд хамтын ажиллагааг тогтвортой, бодитой хэрэгжүүлэх үүднээс харилцан хүчин чармайлт гарган ажиллах нь чухал. Манай 2 дүүрэг өнөөдрөөс эхлэн хамтын ажиллагаат дүүргүүд болж байгаагийн хувьд харилцан туршлага солилцож 2 талын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь дүүрэгтээ хүлээн авч байгаад талархсанаа илэрхийлээд: "Хайлаар дүүрэг нь 350 мянга гаруй хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд эко хот болон хөгжиж байна. Бид аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хайлаар -Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг 7 хоногт 3 -аас дээш тоогоор явуулдаг болгох талаар холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн шатанд явж байна. Манай бүрэлдэхүүнд аялал жуулчлалын дарга маань ирсэн. Цаашид танай тээвэр ложистик сайн хөгжиж байгаа, аялал жуулчлалын онцгой сайхан бүсэд хамтран аяллын маршрут гаргах, аяллын компаниудыг холбож өгөх зэргээр харилцаагаа өргөжүүлэх боломж бидэнд байна. Цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсаны дараагийн шатанд нөхөрсөг харилцаат хотууд болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй байгуулж байгаа хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол, Хятад хэл дээр тус бүр 2 хувь үйлдэж гарын үсэг зурсанаас хойш 5 жилийн хугацаатай байгуулж хоёр талаас гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бол цаашид үргэлжлүүлэн хүчинтэй хэрэгжихээр байгуулсан.

Хайлаар дүүрэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр тал салбар бүрт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд түлхүү хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж дүүргийн хөгжилд бодитой үр дүнгээ өгөх гадаад харилцаа нэгээр нэмэгдлээ. 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ


Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй