Шууд Chart

Ким Жон Ун пуужин харвах үйл явцыг ажиглажээ

2019-09-11 13:53:40

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужин харвах үйл явцыг ажигласан тухай Умард Солонгосын төв мэдээний агентлаг мэдээллээ. Умардын төрийн хэвлэлд бичсэнээр мягмар гарагт тус улс АНУ-ын талтай цөмийн яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлснээсээ хэдхэн цагийн дараа хоёр удаа пуужин харвасныг Өмнөд Солонгосын талаас мэдээлсэн.

Долоодугаар сарын 25-наас хойш хийсэн найм дахь удаагийн энэ туршилтаар шинэ төрлийн бага тусгалын пуужин харвасан тухай албаныхан мэдээлээд байна.

Мөн олон пуужин зэрэг харвах чадавхтай их хүчин чадлын хөөргөгч ашиглаж, үйл явцыг удирдагч Ким Жон Ун ажигласан гэж Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Энд бичсэнээр Ким Жон Ун “Умардын пуужингийн чадавх байлдааны ажиллагааны туршилтад орж баталгаажиж ирлээ. Пуужин хөөргөгчөө туршилтаар үргэлжлүүлсээр байх хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлснийг иш татан мэдээлжээ. Гэхдээ удирдагч Ким Жон Ун туршилт ямар үр дүнд хүрсэн талаар юу хэлсэн тухай энд мэдээлээгүй байна.

Мөн тэрбээр өөртэй нь хамт байсан дүү охин Ким Ё Жон зэрэг өндөр албаны хүмүүст үндэсний аюулгүй байдлаа тууштай бэхжүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн гэсэн байна.

Үүгээрээ Пехньян батлан хамгаалах чадавх нь техникийн хувьд бэхэжсэн гэдгийг харуулж, АНУ-ын талд гацаанд ороод байгаа яриа хэлэлцээг үргэлжүүлэх шахалт үзүүлэх зорилготой байсан гэж ажиглагчид харж байгаа юм.

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Умардын талын үйлдэлд нэг их ач холбогдол өгөөгүй мэт байгаагаас гадна Умардын талаас пуужингууд хөөргөж байгаа нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж буй хэрэг хэмээн хэлж амжсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа зарлаад байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун пуужин харвах үйл явцыг ажиглажээ   
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй