Шууд Chart

Японы Сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

2019-09-11 16:40:40

Японы сайд нарын танхим өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Үүний дараа Японы Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга зарласан байна.

Сангийн сайд Таро Асо, Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нар суудалдаа хэвээр үлдсэн. Харин Гадаад хэргийн сайд Таро Коно Эдийн засгийн сайд болж, Эдийн засгийн сайд Тошимицү Мотэги Гадаад хэргийн яамыг тэргүүлэхээр боллоо. Түүнчлэн өмнөх танхимын үед сайд байсан хоёр хүн эргэн иржээ. Үлдсэн 13 сайд нь Японы Засгийн газарт шинээр орж ирж байна.

Шинэ томилгооноос хамгийн их анхаарал татсан нь 2001-2006 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жүничироо Коизүмигийн хүү, 38 настай Шинжиро Коизүми Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирсэн явдал байлаа.

Байгаль орчны сайдаар томилогдсон Коизүми нь Японд дайнаас хойших Засгийн газарт орж ирсэн хамгийн залуу эрэгтэй улстөрч болж байна. Харин бүх улстөрч дотроо тэрбээр гурав дахь залуу улстөрчид тооцогддог.

Түүний буурай өвөө, өвөө, аав нь сайдаар ажиллаж байсан болохоор дөрөв дэх үеийн сайд гэж нэрлэж болно. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орж ирсэн улстөрчдийн дундаж нас 61.5 юм байна.

Лхагва гарагийн орой Сайд нарын шинэ танхим Япон Улсын эзэн хааныг батлах ёслолд оролцоно. Үүний дараа Засгийн газар албан ёсоор бүрдсэнд тооцох юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Японы Сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо   
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй