Шууд Chart

Жон Болтон огцрох хүсэлтээ гаргажээ

2019-09-11 16:57:49

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцрууллаа. Энэ талаар АНУ-ын Төрийн тэргүүн мягмар гарагт “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрбээр “Би өчигдөр орой Жон Болтонд цаашид Цагаан ордонд алба хаах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Би засаг захиргааны олон хүнтэй адил түүний гаргасан ихэнх саналтай санаа нэгдэж чадахгүй байгаа. Энэ шалтгаанаар би Жон Болтонд өнөө өглөө огцрох өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Түүнийг алба хааж байсанд нь маш их талархаж байна” гэж бичжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө ирэх долоо хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

Харин Жон Болтон “Би өчигдөр орой огцрох хүсэлтээ гаргалаа. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ гэж надад хэлсэн” гэж “твиттер”-тээ жиргэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэгчээр Чарли Капперман ажиллахаар болсон байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Хоган Гидли ч Болтоны огцрох болсныг явуулж буй бодлого нь Ерөнхийлөгчийн үзэл бодолтой зөрчилдсөн, нэг бус нэлээд хэдэн асуудлаар санал нэгдэж чадаагүйнх гэж тайлбарлажээ.

АНУ-ын хэвлэлүүдээр сүүлийн үед Жон Болтон болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарын хоорондын харилцаа ширүүссэн тухай мэдээллүүд гарах болсон юм. Ялангуяа тэднийг Иран, Умард Солонгостой холбоотой асуудалд санал зөрөлдөх болсон гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жон Болтон огцрох хүсэлтээ гаргажээ   
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй