Шууд Chart

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэхээ хойшлуулав

2019-09-12 11:23:29

АНУ-ын засаг захиргаа Бээжингийн хүсэлтээр БНХАУ-аас ирэх 250 тэрбум ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэхээ хоёр долоо хоногоор хойшлууллаа. Энэ талаар АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп лхагва гарагт “твиттер” хуудсаара дамжуулан мэдээлсэн байна.

Дональд Трамп “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэгийн хүсэлтээр, мөн 10 дугаар 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан бид 250 тэрбум ам.долларын өртөгтэй бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэх байснаа сайн дураар 10 дугаар сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл хойшлуулахаа зөвшөөрлөө” гэж бичжээ.

АНУ есдүгээр сарын 1-нд БНХАУ-аас ирэх 112 тэрбум ам.долларын өртөгтэй бараанд 15 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулсан билээ. Энэ нь Хятад улс Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой гэж Дональд Трамп тэмдэглэж байлаа.

Гаалийн татварыг нэмэгдүүлэх хоёр дахь арга хэмжээг 12 дугаар сарын 15-нд мөрдөж эхэлнэ. БНХАУ үүний хариуд 75 тэрбум ам.долларын өртөгтэй Америкийн бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт 10 хувийн татвар ногдуулах хариу барьсан. Харин АНУ-аас импортлох бараанд нэмэлт 5 хувийн татвар ногдуулах ажиллагаа мөн л 12 дугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ өдөр Хятад улс Америкийн автомашинд 25 хувь, сэлбэг эд ангид 5 хувийн гаалийн татвар тогтоохоор төлөвлөжээ.

Дональд Трамп 10 дугаар сарын 1-нээс Хятадаас импортлох 250 тэрбум ам.долларын бараанд 30 хувийн татвар ногдуулна гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 25-30 хувь болгон нэмэгдүүлэхээ хойшлуулав   
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй