Шууд Chart

Японы шинэ Засгийн газарт найдлага тавьж байгаагаа мэдэгдлээ

2019-09-12 12:08:37

БНХАУ болон Өмнөд Солонгосын талаас Японы шинэ Засгийн газарт найдлага тавьж байгаагаа мэдэгдлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт хэвлэлийн хурал хийж “Японы Гадаад хэргийн сайд асан Коно Таро хоёр улсын харилцааг сайжруулахад их хүчин чармайлт гаргасанд БНХАУ талархаж байна” гээд, Гадаад хэргийн шинэ сайдаар Мотеги Тошимицу томилогдсоныг таатай хүлээн авч байгаагаа хэлсэн байна.

Мөн Бээжин, Токио хоёр харилцаагаа шинэ шатанд гаргаж тогтвортой байлгана гэж найдаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Энэ хооронд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргасан байна. Японы шинэ Засгийн газар түүхэн бөгөөд үнэн бодитой ойлголцлынхоо хүрээнд хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлнэ гэж Өмнөд Солонгосын талаас найдаж байна гэж мэдэгдэлдээ өгүүлжээ. Гэхдээ “Японы Ерөнхий сайд Абэ Шинзо түүх, газар нутагтай холбоотой асуудлаар нэг талыг барьсан, явцуу байр суурьтай хүмүүсийг сонгож Засгийн газрын гишүүнээр томиллоо. Хоёр  улсын дунд тогтсон хүйтэн харилцаа цаашид улам дордоно гэсэн болгоомжлол байна” гэж Өмнөд Солонгосын хэвлэлд бичсэнийг "NHK" уламжилжээ.

Тэгвэл Америкийн төрийн департамент “Бид Японы шинэ Засгийн газартай бүс нутгийн болоод олон улсын асуудлаар ойр хамтран ажилладаг харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлнэ гэж итгэж байна. АНУ болон Японы харилцаа, бидний холбоо хаана ч байгаагүй хүчтэй. Бид дэлхий дахинд болоод Азид хөгжил дэвшил энхийг бэхжүүлэх хамтын хүчин чармайлтаа бэхүүлэх эрмэлзэлтэй байх болно” гэж мэдэгдсэн бол Оросын талаас ямар нэг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.

Харин “Оросын шинжээчид Японы Гадаад хэргийн шинэ сайд ОХУ-ын эсрэг сөрөг байр суурь илэрхийлж байгаагүй. Тэрбээр эдийн засгийн талбарт ажиллаж байсан хүн” гэж Оросын төрийн хэвлэлд бичсэн байсныг Японы хэвлэлд мэдээлж байна. Оросын талаас Японтой харилцах харилцаанд эдийн засгийн асуудлууд гол талбарт болдгийг шинжээчид шүүмжилдэг байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Засгийн газрын гишүүд төдийгүй, эрх баригч намынхаа удирдах албанд сэлгээ хийгээд байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы шинэ Засгийн газарт найдлага тавьж байгаагаа мэдэгдлээ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй