Шууд Chart

Дундговь аймгийн малчид өвлийн бэлтгэлээ базааж байна

2019-09-12 12:41:22

Дундговь аймаг өвөлжилтөд шаардлагатай өвс, тэжээлийг бусад аймгаас худалдан авч бэлддэг. Онцгой байдлын газрын Нөөцийн төв ирэх өвөл, хаврын улиралд өвс, тэжээл нийлүүлэх компанийг шалгаруулах тендерийг зарлаад байна. Харин уламжлалт гар тэжээлийг малчин бүр бэлддэг ч одоогоор тэр бүхний дүнг нэгтгэж гаргаагүй, таана, хөмүүл түүж сорс, зоодой, дарш бэлтгэх ажилд орцгоосон мэдээ ирсээр байгаа юм. Энэ талаар Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтохоос тодрууллаа.

Энэ жилийн намрын эхэн сар илүү юм байна. Тэгэхлээр сөл тасартал хугацаа байна. Харин намрын дунд сарын 15-нд манай малчид уул овоон дээрээ гарч ирэх өвлийн тэнгэр хангайн байдал, ааш араншинг багцаалдаг заншилтай. Малчид өвлийн отор нүүдлийн чигээ тогтоодог тэр өдрийг л тэсч ядан хүлээж байна гэж Сайнцагаан сумын хил залгаа Дэлгэрцогт сумын малчин н.Шинэбаяр ярилаа.

Цаг уурын байгууллагын зүгээс намар нь уртхан үргэлжлэх авч ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвийг мэдээлсээр байгаа юм. Иймд ялангуяа говь нутгийн малчид өвөлжөөний хашаа, хороо, бууцаа тордож салхи, жавар хургах нүх завсрыг чигжихээс аваад худаг усаа дулаалах, өвс тэжээл татах, цагийн хатуу өдрүүдэд зориулж нөөцлөх бэлчээрээ хашиж авах гээд их ажил байна. 


Дундговь аймгийн малчид өвлийн бэлтгэлээ базааж байна   
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй