Шууд Chart

Банкны салбарынхан хөлбөмбөгөөр өрсөлдөнө

2019-09-12 13:32:10

Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Санхүүгийн салбарын 95 хувийг дангаараа бүрдүүлэгч банкны салбар 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн билээ. Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны нийт 31 банк байгуулагдан, банкны үйлчилгээг ард иргэддээ хүргэж байсан бол өнөөдрийн байдлаар 14 банк үйл ажиллаагаа явуулж байна.

Эдгээр банкинд 15 мянга гаруй банкирууд ажил амьдралаа холбон хөдөлмөрлөж буй. Жил бүр банкируудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх зорилгоор спортын олон төрлийн уралдаан, тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Анх 2004 онд “Хас банк” санаачлан эх дэлхий дээрх хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн спортоор банкны салбарынхан анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй.

Банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын тодорхой хувийг мэргэжлийн тамирчид бүрдүүлдэг. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хичээлдэг, хөлбөмбөгийн холбооны дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн болон сонирхогчдын багуудад тоглодог тамирчид банкны салбарт ажилладаг зэрэг нь банк хоорондын тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог юм.

Энэ жилийн банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Банкир-2019” тэмцээнийг тус тэмцээний отгон аварга болох “Капитрон” банк энэ сарын 12,13,14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Нийт 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд “Худалдаа хөгжлийн банк” дөрөв, “Хас” банк гурав, “Хаан”, “Төрийн”, “Голомт” банк тус бүр хоёр удаа, “Капитрон” банк нэг удаа тус тус түрүүлж аваргын цомыг өргөсөн байна.

Дашрамд дурдахад гурван жил дараалан түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болох дүрэмтэй ч одоогоор гурван жил дараалан аварга авсан баг хараахан гараагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Банкны салбарынхан хөлбөмбөгөөр өрсөлдөнө   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй