Шууд Chart

“Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна

2019-09-12 13:57:24

Монгол орны хил хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй мэлтэлзэх цэнхэр далайн амьдралаар аялуулсан “Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болоод байна.  

Үзэсгэлэн БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 13 хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү үзэсгэлэнд Монгол талаас “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат далайн амьдралыг үзэгчдэд харуулах зорьсон бол говийн байгалийг БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гён чухалчилжээ.

Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон гэдгийг байгалийн зургаар дамжуулан ойлгуулахаар “Нэг дэлхий” төслийг эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд БНСУ-ын гэрэл зурагчинтай хамтарсан байна.

Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зургаар дамжуулан хувь хүнийг байгаль дэлхийгээ хайрлах төлөвшилд нөлөөлөх зорилготой аж.

Нээлтийн үеэр Х.Сэргэлэнбат

“Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байна. Гэтэл бидний амьдарч байгаа дэлхий маань ганцхан. Тиймээс ганц дэлхийгээ хайрлая, хамгаалъя гэсэн зорилгоор “Нэг дэлхий” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Далай шиг говь, говь шиг далай” үзэсгэлэнг БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёны хамтран ажилласан. Пак Мин Гён маань Монголын говийн зургийг авч, би Солонгост очиж далайн зураг авсан. Далай элс хоёрын хоорондын харилцаа уялдаа, ямар шинжээрээ адилхан байна. Өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийд ямархуу явагдаж байна. Монгол улсад илүү их мэдрэгдээд байгаа вэ гэвэл онгон дагшин байгальтай учраас тодорч харагдаад байгаа юм. Дэлхийн улс орнууд байгаль дэлхийгээ хамгаалаад эхэлчихсэн. Харин бид эх дэлхийгээ хамгаалж, ирээдүйдээ үлдээхийн тулд Монгол хүн бүр, хүүхэд бүр өнөөдөр үйлдлээ зөв болгох цаг иржээ гэдгийг энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан хүмүүст хүргэхийг зорилоо. Энэхүү үзэсгэлэнг ард иргэддээ, хүүхдүүдэд үзүүлэх боломж олгосон БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамт олонд баярлалаа” гэв.

Пак Мин Гён

“Миний хувьд маш залуу ч туршлагатай уран бүтээлч Х.Сэргэлэнбаттай хамтран ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг. Монголын элсэн цөлийг хараад далайн үзэсгэлэнт төрхтэй адилхан юм байна гэдгийг мэдэрсэн. Х.Сэргэлэнбат уран бүтээлчтэй хийсэн энэхүү аялал маань сэтгэлийн мэдрэмжийн үнэлэмжийг ил гаргасан үнэ цэнэтэй ажил байлаа. Элсэн говийн зургийг авахад маш их түгшиж байсан. Байгаль хамгааллын том төсөлд нэгдэн орж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэн таалагдана гэж итгэж байна” гэсэн юм.

 

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

“Далай шиг говь, говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй