Шууд Chart

Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурвал амжилтад хүрнэ

2019-09-13 11:56:40

Ажлаа төлөвлө. төлөвлөгөөнийхөө дагуу ажилла

Өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрэхийн тулд өдөр бүр ажлаа төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллах дадлыг эзэмших хэрэгтэй.

Хийх ажлын жагсаалт гэж юу вэ: Зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа ажлуудыг нэг дор цаасан дээр  буулгаж, нүдэндээ харагдахуйц газар тавих, эсвэл биедээ авч явахыг хэлдэг.

Яагаад хийх ажлын жагсаалт гаргах хэрэгтэй вэ

1. Хийх ёстой ажлуудаа өөртөө сануулж, түүнийгээ хийж,  өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрдэг.

2. Стрессийг багасгадаг. Хийх ажлаа цэгцтэй, тодорхой болгодог.

Жагсаалт гаргаагүй бол яах вэ 

1. Хийх ёстой зүйлээ хийхийн оронд хийх шаардлагагүй зүйлүүдийг хийх магадлал өндөр байдаг. Жишээлбэл, өөрийн гаргасан төлөвлөгөөний дагуу биш бусдын гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллах, мөн өөрийн цагийг үр бүтээлгүй зүйлүүдэд зарцуулж үрэн таран хийх.

2. Хийх ажлаа цэгцэлж, тодорхой болгоогүйгээс болж ийш тийш самгардан, хаанаас, юу хийж эхлэхээ мэдэхгүй, улмаар хийх ёстой зүйлээ хийгээгүй эсвэл дутуу хийснээс болж стрессдэх.

Хийх ажлын жагсаалтыг хэзээ гаргах вэ

Хийх ажлын жагсаалтыг унтахаасаа өмнө гаргаарай. Яагаад гэвэл унтаж байх хооронд оюун ухаан болон далд ухамсар шөнөжин гаргасан жагсаалт, гаргасан төлөвлөгөөн дээр ажиллаж, өглөө босоход шинэ санаануудаар дүүрэн, мөн төлөвлөгөөнийхөө дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг аль хэдийнэ мэдчихсэн босч мэднэ. 

Хэрвээ хийх ажлын жагсаалтаа өглөө гаргах юм бол энэ бүх давуу талуудыг үзэж чадахгүй. Тиймээс хийх ажлын жагсаалтаа унтахаасаа өмнө гаргахыг санал болгож байна. 

Өдөр бүр ажлаа төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадвал амжилтад хүрнэ.

Хийх ажлын жагсаалт гаргах 10 зөвлөмж

1. Дунд зэргийн цаасан дээр хийх ажлаа жагсааж бичих. Эсвэл утас, компьютер дээрээ бичиж болно. Хамгийн гол нь нэмж, хасах зүйл гарвал түүнийгээ тэр дор нь бичих боломжтой байх хэрэгтэй.

Хүмүүс цаасан дээр бичихийг илүүд үздэг. Цаастай харьцах нь амархан төдийгүй хурдан, бас харагдах нь илүү санагддаг. Танд аль нь илүү санагдана, түүнийгээ сонгоорой. 

2. Зөвхөн тэр өдөр хийх ёстой ажлуудыг жагсааж бичих. Гурван өдрийн, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөг оролцуулахгүй байх. Эдгээрийг тусад нь 3 хоногийн эсвэл 7 хоногийн төлөвлөгөө гаргаж бичих.

3. Хамгийн чухал гэж үзэх ажлуудыг дээрээс нь доош нь дэс дарааллуулж 1, 2, 3 гэж бичих.

4. Нэг өдөр хийж чадахуйц хэмжээний ажлыг жагсаалтад оруулах. Нэг өдөр дэндүү их ажил оруулснаар түүнээсээ эмээх, эрч хүч мохох эсвэл өдрийн төгсгөлд хийж дуусгаж чадаагүйгээсээ болж урам хугарах тохиолдлууд гардаг учраас толгойд орсон болгоныг цаасан дээрээ бичихгүй байхыг санал болгож байна.

5. Бичсэн жагсаалтаа өдрийн турш харагдахуйц газар байрлуулах, эсвэл биедээ авч явааарай.

6. Өөрийнхөө өдрийг хийх ёстой ажлын жагсаалтаас эхлүүлдэг дадлыг үүсгээрэй. 

7. Жагсаалтын дагуу ажиллаж байх хооронд шинэ санаанууд төрвөл түүнийгээ тусад нь бичиж тэмдэглэж, маргаашийнхаа жагсаалтад оруулж болно. 

8. “Бүү хий” жагсаалт гаргаарай. 

9. Хийж дуусгаагүй ажил үлдсэн тохиолдолд маргаашийн жагсаалтад дахин оруулна уу. 

10. Өдөрт гаргасан амжилтаа тэмдэглэж, өөрийгөө урамшуулахаа жагсаалтдаа оруулахаа мартав. 

“Бүү хий” жагсаалт буюу хийхгүй байх ажлын жагсаалт гэж юу вэ

Хэрвээ таны хийх ёстой ажлын жагсаалт танд үйлчилдэггүй бол өөрөөр хэлбэл, та хийх ажлын жагсаалтаа гаргачихсан ч гэсэн түүнийхээ дагуу ажиллаж чаддаггүй бол “Бүү хий” жагсаалт буюу “хийхгүй байх ажлын жагсаалт” гаргахыг санал болгоё. 

“Бүү хий” жагсаалт гаргаснаар хийх ёстой ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадна. 

“Бүү хий” жагсаалтад: 

1.  И-мэйлээ бүү шалга!

2.  facebook, twitterт бүү ор!

3. Утас дуугарвал бүү ав!

4. Хүүхэдтэйгээ цаг өнгөрөөхдөө утсаа март

-Компьютерээс аль болох хол бай гэх мэтээр бичиж болно.


Төлөвлөгөөний дагуу ажиллаж сурвал амжилтад хүрнэ   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй