Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ

2019-09-14 11:12:13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Цагаан  ордонд хэвлэлийнхэнтэй ийнхүү уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн хүчин чармайлтынхаа тухай мөн хөндөж  ярьсан.  Тодруулбал, БНАСАУ-ын удирдагчтай шинэ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг нь олон улсын хэвлэлүүд өнөөдөр мөн онцолж байна.

Ерөнхийлөгч  Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх шинэ яриа хэлэлцээ нь энэ онд  зохион байгуулагдах  боломжтойг ч онцолсон  байна. Үүнтэй холбоотойгоор  сүүлийн  үед  гацаад  байсан  Америк   Умард  Солонгосын  яриа хэлэлцээ сэргэж  идэвхжих  магадлал  өндөр  болоод  байна гэж ажиглагчид  тэмдэглэж байна. Юуны түрүүнд Умард Солонгосын эрх баригчдын зүгээс АНУ-тай хийх яриа хэлэлцээгээ энэ сараас  сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлж санал санаачлага гаргасан. Хоёрдугаарт Умардтай  хийх яриа хэлэлцээнд  нэлээд хатуу байр суурь баримталж байсан Америкийн төрийн тэргүүний үндэсний  аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон албан тушаалаасаа огцорсон зэрэгтэй холбоотойгоор мэргэжилтнүүд дээрхи дүгнэлтийг хийж байна. АНУ, БНАСАУ–ын удирдагчдын анхны  уулзалт өнгөрсөн оны 6-р сард Сингапурт болсон.

Түүнээс хойш Дональд Трамп, Ким Жон Ун нар Ханой, 2 Солонгосын цэрэггүй  бүсийн Панмунжомд 2 ч уулзалт хийсэн боловч Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлэлцээнд нь  тодорхой дэвшил гаралгүй өнөөг хүрээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй