Шууд Chart

Парист нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид томоохон ажил хаялт зарлажээ

2019-09-15 10:27:11

Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ бараг бүрэн зогссон байна. Тус хотын метроны ихэнх шугамын хөдөлгөөн зогссон байсны дээр галт тэрэг, автобус, трамвайн зарим чиглэлийн хөдөлгөөн ч хаалттай байлаа. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийнхэн сүүлийн 10 жилд хамгийн томд тооцогдох ажил хаялт зарласантай холбоотой байв.

Тэд метроны машинистууд төдийгүй нийтийн тээврийн салбарт ажиллагсдын ажиллах нөхцөл хүнд байгааг өөрчилж өгөхийг эрх баригчдаас шаардаж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн тэтгэвэрт гарах онцгой нөхцөлийг нь өөрчлөхөөр төлөвлөж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байлаа. ажил хаялтаас болж Парисын Орли болон Руасси Шарль Де Голь нисэх буудлууд руу зорчих автобус галт тэрэгний тоо эрс цөөрснөөс болоод зорчигчдод багагүй хүндрэл учруулсан байна.

Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд доголдол гарсантай холбоотойгоор иргэд хувийн автомашинаараа ажил албандаа явцгааснаас Парис хотод 200 км сунасан бөглөө хүртэл үүссэн байна. Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид хэрэв засгийн газар дуу хоолойг нь сонсч тодорхой арга хэмжээнүүд авахгүй бол дахин ажил хаялт зарлахаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парист нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид томоохон ажил хаялт зарлажээ  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй