Шууд Chart

Ким Жон Ун Дональд Трампыг Пехньянд айлчлахыг урьжээ

2019-09-16 14:53:48

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пехньянд айлчлахыг урьсан тухай Өмнөд Солонгосын “Жунан Ильбо” сонин хэд хэдэн эх сурвалжийн мэдээллийг үндэслэн дамжуулсан байна. Энэ хэвлэлд мэдээлснээр бол Ким Жон Унаас АНУ-ын Төрийн тэргүүнд энэ оны наймдугаар сард илгээсэн захидалд Пехньянд айлчлах урилга байсан гэнэ.

Дональд Трамп тухайн үед Умард Солонгосын Төрийн тэргүүнээс “Маш сайхан илгээмж” хүлээн авсан гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм. Ким Жон Ун түүнд АНУ, Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилт явуулж байгаад гомдоллосон, тэр сургуулилт дууссаны дараа хэлэлцээгээ дахин сэргээхийг санал болгосон “гурван хуудас гайхалтай захидал” бичсэн гэж Дональд Трамп тухайн үед мэдэгдсэн билээ. Захидлыг Пехньянаас шууд түүний өрөөнд авчирсан гэж Дональд Трамп тэмдэглэж байсан юм.

Харин “Жунан Ильбо” сонин энэ илгээмжид Ким Жон Ун АНУ-ын Төрийн тэргүүнд дээд түвшний хэлэлцээрийн гурав дахь үе шатаа явуулах санал тавьсан гэж тэмдэглэж байна. Дональд Трамп дээрх захидалд хариу бичсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ, Умард Солонгосын хооронд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хийсэн ажлын түвшний хэлэлцээ энэ оны хоёрдугаар сард Ханойд болсон уулзалтаас хойш зогссон юм.

Хоёр улсын Төрийн тэргүүн өнгөрөгч зургаадугаар сарын сүүлчээр Панмунжомд уулзаж, яриа хэлэлцээгээ дахин үргэлжлүүлэхээр тохиролцсон ч өнөө хэр нь ямар нэгэн хэлэлцээ хийгдээгүй байна.

Умард Солонгосын төв хэвлэл өнгөрсөн долоо хоногт тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Цой Сон Хигийн мэдэгдлийг нийтэлсэн. Энэ мэдэгдэлд Умард Солонгосын дипломатчид есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахад бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун Дональд Трампыг Пехньянд айлчлахыг урьжээ   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй