Шууд Chart

Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ

2019-09-17 12:14:36

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар Булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд онцоллоо. Харин Беларусь Улсад Элчин сайдын яам байгуулснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх юм. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.

Манжуур хотод Консулын газар нээснээр Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг иүргэн шуурхай үзүүлэх боломжтой болох юм. Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар иймээс УИХ-ын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталж өгөхийг хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй