Шууд Chart

Сирийн асуудлаарх гурван талт яриа хэлэлцээ боллоо

2019-09-17 13:11:13

Сирийн хямралын асуудлаар Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайп Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар тав дахь удаагийн уулзалтаа даваа гарагт хийлээ.

Талууд Сирийн энхийн үйл явцтай холбоотой сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд, Сирид аюулгүй бүс болон Сирийн шинэ үндсэн хууль бичилцэх хороо байгуулах талаар, мөн Сириэс Туркийг зорих дүрвэгчдийн цуваа нэмэгдэж байгаа тухай голчлон ярилцжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр гурван улсын тэргүүн Сирийн хямралыг шийдвэрлэх төлөвлөгөөнийхөө тухай ярьсан гэж "Рашиа түдей" мэдээлж байна.

“Турк улс болон Орос, Ираны тал хамтран Сирийн Ефрат голын зүүн талаар төвлөрсөн террористуудыг устгах замаар алан хядах ажиллагаатай өмнөхөөс илүү хүчтэй тэмцэх болно” хэмээн Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайп Эрдоган Сири дэх Курдуудын эсрэг довтлох тухай ярьсан гэж барууны зарим хэвлэл мэдээлж байна.

Энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн асуудалд Туркийн талаас оролцоотой байхыг зөвтгөн “Аливаа улс орон хил хязгаараа хамгаалах эрхтэй” хэмээн хэлсэн байна.

Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы “Асуудлыг аюулгүй байдалд төвлөрүүлэх ёстой. Үндсэн хуулийн болоод бүтцийн шинэчлэл, сонгууль гэх мэт зүйл аяндаа дагалдаад гараад ирнэ” гэсэн байна.

Гэхдээ тэрбэр гадны хүчнүүд Сирийн энхийн үйл явцыг төвөгтэй болгож байна гэж шүүмжилжээ. Үндсэндээ тэрбээр Сири дэх Америкийн оролцоог буруутгасан гэж Америкийн хэвлэлд бичсэн байна.

Өнгөрөгч наймдугаар сард Турк болон Америкийн талын төлөөлөгчид Сирийн Курдуудаас Туркийн хилийг хамгаалах зорилготойгоор Сирийн хойд бүс нутагт Аюулгүй бүс байгуулах тал дээр тохиролцож гэрээ байгуулсан.

Гэвч НАТО-гийн гишүүн энэ хоёр улсын хооронд шийдвэрлэгдээгүй асуудлууд байсаар байгааг ажиглагчид хэлж байна гэж Америкийн хэвлэлд бичжээ. Мөн ажиглагчдын хэлж байгаагаар гурван улсын Ерөнхийлөгч Роуханы, Эрдоган, Путин нар “Вашингтон Курдуудын тусгаар тогтнолыг бий болгох, үгүй ядаж Курдын автономит улс байгуулах нууц төлөвлөгөөтэй байна” гэж сэжиглэж буй юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сирийн асуудлаарх гурван талт яриа хэлэлцээ боллоо  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй