Шууд Chart

Афганистаны Ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болжээ

2019-09-18 11:13:55

Мягмар гарагийн үдээс хойш Афганистаны Ерөнхийлөгчийн ордны ойролцоох хамгаалалтын машинд бөмбөг дэлбэрснээс болж, 26 хүн нас барж, 42 хүн бэртэж гэмтээд байна.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани компанит ажлаа эхлүүлж байжээ. Дэлбэрэлт үйлдсэн хэрэгсэл нь нэгэн төрлийн сайжруулсан тэсрэх төхөөрөмж байсан бөгөөд Ерөнхийлөгч Ашраф Ганийн амь насанд халдах зорилготой байсан байж болох юм хэмээн хэвлэлд бичжээ.

Золоор Ерөнхийлөгч нь халдлагад өртөлгүй аюулгүй газар хүргэгдсэн байна. Энэ бол Афганистаны хувьд Ерөнхийлөгчийнх нь оролцсон үйл явдлыг онилон өндөр албаны хүн рүү халдаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм байна.

Халдлагын хариуцлагыг "Талибан" бүлэг хүлээгээд байна. Зэвсэгт бүлгийн хувьд АНУ-тай хийж байсан яриа хэлэлцээ нь гэнэт зогсож бүтэлгүйтсэний дараа барууныхныг дэмжигчид болоод Афганистаны цэргийнхэн рүү хийж байсан халдлагаа дахин эхлүүлнэ гэж нэг бус удаа анхааруулж байжээ.

Сонгуулийн хувьд энэ сарын 28-нд товлоод байсан Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль халдлага болж болзошгүй гэдэг шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон байна. Энэ сонгуульд Дэлхийн банкны гүйцэтгэх захирал байсан Афганистаны одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани улиран суухаар өрсөлдөж байгаа юм. Түүний гол өрсөлдөгчөөр Афганистаны Засгийн газрын бодлого үйл ажиллагааг эсэргүүцэгч Гульбеддин Хекматиярыг нэрлэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Афганистаны Ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болжээ   
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй